Хятадын Янчень хотноо химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос хоёр өдрийн дараа бямба гаригт аврагчид барилгын нуранги дороос амьд үлдсэн хүнийг олжээ. 40 орчим насны эрэгтэйг өглөө эрт нуранги дороос гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 64-д хүрч, 28 хүн сураггүй болжээ. Мөн 94 хүн хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Дэлбэрэлт хэтэрхий хүчтэй байснаас газар хөдлөлтийн дайтай чичирхийлэл үүсгэж, их хэмжээний галыг унтраахаар тухайн мужийн бүх гал сөнөөгчийг дайчлан ажиллуулжээ.
Холбогдох албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа талаар орон нутгийн албаныхан мэдээлсэн байна. “Tianjiayi Chemical” үйлдвэр нь 2007 онд байгуулагдсан ба өмнө нь хог хаягдлын хуулийг зөрчиж, орчны бохирдол үүсгэсний улмаас зургаан удаа торгуулж байсан аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ