Хуучирсан мэдээ: 2015.04.25-нд нийтлэгдсэн

Аливаа юм хэрээс хэтрээд ирэхлээрээ өвчин болдог жамтай. Мах, шөл нь таарсан хүүхэн сайхан гэдэг шиг аливаа юм хэм хэмжээндээ байхгүй бол утгаа алддаг. Үүнийг дундуур дүүрэн гэж монголчууд томъёлох нь бий. Ус хүртэл саваа дүүрээд ирэхээр хальдаг шүү дээ. Үүнтэй адилхан Монголын нийгэм дэх шүүмжлэл, эсэргүүцэл хэрээс хэтэрчээ.

Ямар сайндаа л Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нэгэнтээ “Нийгэм бүхэлдээ шүүмжлэхийн дон тусчээ” хэмээн халагласан нь бий. Бид өмнө нь ийм байсан уу, эсвэл твиттер фээсбүүк гээч нь монголчуудыг ийм болгочихсон үү, бүү мэд. Ямар ч байсан монголчууд хараар будахгүй юм гэж алга.

Саяхан нэг хэсэг У.Хүрэлсүхийг 34 саяар түймрийн газар очлоо гэж зүхсэн. Одоо Ерөнхийлөгчийн зургийг фотошопдсон л гэх юм. С.Жавхлангийн зургийг харчихаад “энэ болио” гэх юм. Нэг нь галын байдалтай танилцаа л биз. Нэг нь унтраахад гар бие оролцоо л биз. Тэгээд юу нь болохгүй байна вэ. Хэрэв Ерөнхийлөгч түймрийн газар дээр очоогүй бол очсонгүй гээд хараана. Очихоор нь очлоо гэж шүүмжилнэ. “Дуулахаар нь дууллаа гэх, уйлахаар нь уйллаа” гэх гэдэг шиг яасан завтай ард түмэн гэхээрээ юу ч таалагддагүй, юм бүхнийг харлуулаад сууж байдаг байна аа. Сайхан бүсгүйн зургаас сайхныг нь олж харж чадахгүй элдвээр хэлэх энүүхэнд. Фээсбүүкт 15 нас хүрсэн үү гэмээр жаахан охин “Тавантолгойгоо битгий өг, хужаа нар аа” гэснийг хараад айх шиг. Ид үерхэл нөхөрлөлийн тухай бодох насан дээрээ улс төржөөд явж байгаа өсвөр үеийнхэндээ бид ийм л ёс суртахуун үлдээж байна.

Хүүхдийг хүртэл хөөрхөн гээд харчихаж чадахгүй байна шүү дээ. Жаахан мяраалаг хүүгийн зургийн дор “баян айлын тарган бацаан байна” гэх жишээний. Монголчуудад таалагдах юм юу ч алга.

Тавантолгойг явуулбал таалагдахгүй. Явуулахгүй ч таалагдахгүй. Мөнгө байсан ч таалагдахгүй, мөнгөгүй байсан ч таалагдахгүй. Бараг худалч хүнд өөрөө, өөртөө таалагдахаа больсон өвчтэй хүмүүс Монгол өдөр ирэх тусам олширсоор. Айлын яншаа авгайд нөхрийнх нь хийсэн таалагддаггүй гэдэг шиг, монголчууд бидэнд хэн ч таалагдахаа больчихсон юм биш үү.

Амьдрал дээр төгс төгөлдөр зүйл гэж хэзээ ч байдаггүй. Төгс төгөлдөр хууль, төгс төгөлдөр хүн, төгс төгөлдөр улс хаана байна. Яс юман дээрээ диваажин хүртэл монголчуудад таалагдахгүй биз. Бурханыг хүртэл хараах байлгүй. Бид ийм болтлоо өвчин туссан маань нэг ёсондоо тархины тураалд орсны шинж шүү дээ. Тархи нь хоосон хүн ходоод нь хоосон хүнээс ч аюултай гэдэг. Тийм болохоор монголчууд эдийн засгаасаа илүү эхлээд нийгмээ эмчлэх хэрэгтэй болсон бус уу.

Их мэдэгч, их шүүмжлэгчдээр дүүрсэн монголчууд дор дороо, өөр, өөрсдийнхөө ажлаа сайн хийчихвэл улс маань дорхноо хөгжөөд ирэх юм шүү дээ, уг нь.

М.ЯЛАЛТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж