ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандсан байна.
Засгийн газар УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.
Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн худалдан авах ажиллагаа нь Эрүүгийн хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаарх баримтуудыг улсын нууцаас гаргасан. Үүнтэй холбогдуулж хууль, хяналтын байгууллагууд Худалдаа хөгжлийн банк, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн билээ.
Нэр бүхий хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокуророос санал гаргасан боловч энэ сарын 06-ны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хянаад “Үндэслэлгүй” гэж үзжээ. Шүүгч Х.Идэр нь шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 329 дүгээр тогтоолоор Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Түүнийг шийдвэр гаргахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1, 37.1 дэх заалтуудыг илтэд зөрчиж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах “хууль дээдлэх” үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, шүүгчийн ёс зүйг чанд сахих шүүгчийн тангаргаа зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцээс 2018 оны 04 дүгээр сарын 02-нд “Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Уг албан бичигт “…Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх, хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй болохыг тогтоож 2/02 дугаар дүгнэлт гаргасан” гэдгийг тодорхой илэрхийлээд “…Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дээр дурьдсан шийдвэртэй нийцэхгүй үйл ажиллагаа болж байна” гэж маш тодорхой дурьдсан байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх албан бичгийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус албан бичигт дурдсан асуудлыг огт хангаагүй байна.
Энэ мэтчилэн шүүгчийн ёс зүйд харшилсан, хууль бус үйлдлүүдэд нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандахаар болжээ.
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХ
Холбоотой мэдээ