Дэлхийн агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйлчилгээнд үнэлгээ дүгнэлт өгдөг Их Британийн “Skytrax” байгууллагаас хамгийн сайхан хоолоор үйлчилдэг олон улсын авиакомпаниудын жагсаалтыг гаргажээ. Агаарын тээврийн салбарынхны “Оскар” гэгддэг “World Airline Awards” шагналын эздийг уг байгууллага олон сая үйлчлүүлэгчдийн дунд сэтгэл ханамжийн судалгаа явуулж байж тодруулдаг. Ингээд “Ньюс" агентлаг энэ удаагийн сонирхолтой газарзүй булангаараа үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн, хамгийн амт чанартай хоолоор үйлчилдэг агаарын тээврийн компаниудыг танилцуулая.
EVA AIR: Тайванийн хоёр дахь том авиакомпани. 1989 онд байгуулагдсан таван одтой агаарын тээврийн компани. Нийт 77 онгоцтой, 11 мянга гаруй ажилтантай, 40 гаруй чиглэлд олон улсын нислэг үйлддэг
LUFTHANSA: Герман төдийгүй европын хамгийн том агаарын тээврийн компанид тооцогддог. 130 орчим мянган ажилтантай германы компани. 291 агаарын хөлгөөр гадаад дотоодын 220 чиглэлд нислэг үйлддэг таван одтой авиакомпани.
CATHAY PACIFIC: Одоогоос 73 жилийн өмнө буюу 1946 онд байгуулагдсан, 153 онгоцтойгоор олон улсын 70 гаруй чиглэлд нислэг үйлддэг Хонконгийн авиакомпани. Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниар хэд хэдэн удаа нэрлэгдэж байсан, 22 мянга гаруй ажилтантай.
SINGAPORE AIRLINES: Дэлхийн хамгийн шилдэг авиакомпаниудын нэгт зүй ёсоор нэрлэгддэг Сингапур эйрлайнс нь 1946 онд байгуулагдсан, өдгөө 14 мянга гаруй ажилтантай. 122 онгоцоор 64 чиглэлд нислэг үйлддэг.
JAPAN AIRLINES: 1951 онд байгуулагдсан Японы гурав дахь том агаарын тээврийн компани. 92 чиглэлд нисдэг, 160 гаруй хөлөгтэй
QATAR AIRWAYS: 1993 онд байгуулагдсан, 45 мянган ажилтантай Катарын төрийн өмчит авиакомпани. 225 онгоц 172 чиглэлд нисдэг. Дэлхийн хамгийн тансаг агаарын тээврийн компаниудын нэг юм.
ASIANA AIRLINES: 1988 онд байгуулагдсан, “Korean air”-ийн дараа бичигддэг Өмнөд Солонгосын хоёр дахь том авиакомпани. Дотоодын 14, олон улсын 90 чиглэлд нислэг үйлддэг. 83 агаарын хөлөгтэй, 10 мянга гаруй ажилтантай.
TURKISH AIRLINES: 85 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том авиакомпани. 339 онгоцоор дэлхийн 120 орны 304 чиглэлд нислэг үйлддэг, 31 мянган ажилтантай.
THAI AIRWAYS: 1960 онд байгуулагдсан, 80 онгоцоор 74 чиглэлд нислэг үйлддэг, 22 мянган ажилтантай Тайландын авиакомпани.
Холбоотой мэдээ