“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн иргэдийнхээ боломжоос хулгайлсан улс төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа. Тэд долоо хоногийн бямба гариг бүрт ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэж байсан юм. Энэ дагуу өнөөдөр /2019.03.23/ тус хөдөлгөөнийхөн ээлжит жагсаалаа төв талбайд зохион байгууллаа. Жагсагчид иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байхад УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байгааг шүүмжилсэн юм. Энэ үеэр оролцогчид "Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан" лоозон барьсан байв.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой гэсэн санаан дор “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн төв талбайд анхны цуглаанаа энэ сарын 2-нд зохион байгуулсан. Мөн ээлжит жагсаал нь энэ сарын 16-нд болсон юм. Тэдний зүгээс иргэдийнхээ боломжийг хулгайлсан улс төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Холбоотой мэдээ