Биатлоны дэлхийн цомын 2018-2019 оны улирлын сүүлийн гараа Норвеги улсад явагдаж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэй ойрын зайн 10 км-н спринт төрлийн уралдаан болж, Норвегийн Й.Бьогийн ялалтаар өндөрлөжээ. Ингэснээр дүү Йоханнес Бьо карьертаа анх удаагаа ойрын зайн спринт төрөлдөө улирлын аварга болж байна. Өнгөрсөн улиралд ойрын зайн спринт төрөлд нийлбэр дүнгээр М.Фуркадын дараа дэд байранд шалгарч байсан бол энэ жил 514 оноотой арын тамирчнаасаа даруй 164 онооны илүүтэй тэргүүлжээ.
Өчигдөр явагдсан улирлын сүүлийн спринт уралдаанд Й.Бьо сүүлийн буудалтандаа нэг сум алдсан ч 24 мин 39.9 сек-г зарцуулан тэргүүн байр эзэлсэн байна. Түүнтэй хамт шагналын тавцанд Италийн Л.Хофер, Францын К.Фийон Майе нар гарчээ. Харин энэ улиралд Оросуудаас хамгийн амжилттай өрсөлдөж буй А.Логинов 9-р байранд орсон бол М.Фуркад уралдаагүй байна.
Б.БЯМБАБАЯР