Францын хос богино үзүүлбэрт тэргүүлж байна | News.MN

Францын хос богино үзүүлбэрт тэргүүлж байна

Францын хос богино үзүүлбэрт тэргүүлж байна

Уран гулгалтын ДАШТ замынхаа хагасыг туулаад байна. Өчигдөр эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорч, олимпийн аварга А.Загитова дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн. Олимпийн алтан медаль хүртсний дараа дэлхийн аваргад бүтэлгүйтэж V байранд орж, 2018-2019 оны улиралд гранпри финал болон Европын АШТ-д мөнгөн медаль хүртэж багагүй сорилттой тулгарч байсан А.Загитова Японд илт тасархай тэргүүлэн дэлхийн аварга болсон. Дашрамд сонирхуулахад Сайтамагийн эмэгтэй ганцаарчилсан төрлийн шагналын тавцан дээр нэг багшийн гурван шавь гарсан нь онцлох үйл явдал байлаа. Алтан медальт А.Загитова, мөнгөн медальт Казахстаны Э.Турсыбаева, хүрэл медальт Е.Медведева нар бүгд Э.Тутберидзегийн шавь нар юм. Харин Е.Медведва Пёнчаны олимпийн дараа Канад дасгалжуулагч Б.Орсер дээр бэлтгэл хийх болсон.

Тэгвэл бүжгийн хосын төрлийн богино үзүүлбэрийн дүн гарсан байна. Энэ жилийн ДАШТ-ий бүжгийн хосын төрөлд Канадын алдарт хос Т.Вертью, С.Моир нар ирээгүй нь Францын хост боломж олгож байх шиг. Пёнчаны олимпийн мөнгө, ДАШТ-ий гурван алт, Европын таван удаагийн аварга Францын Г.Парадакис болон Ж.Сизерон нар богино үзүүлбэртээ 88.42 оноогоор тэргүүлээд байна. Тэдний араас энэ оны Оросын АШТ-ий аварга, гранпри шигшээ тэмцээний мөнгөн медальт Оросын В.Синицина, Н.Кацалопов нар орсон бол гуравдугаар байранд мөн Оросын А.Степанова, И.Букин нар бичигдээд байна.

Өнөөдөр чөлөөт үзүүлбэр явагдаж нэгдсэн дүнгээр медалийн эзэд тодорно. Аваргын алтан медалийг Францын хос хүртэх хамгийн өндөр магадлалтай байгаа бол медалийн төлөө Оросын хостой Америкийн М.Хаббелль, З.Доноху нар өрсөлдөж магадгүй юм.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж