НБА-н улирлын тоглолт өндөрлөхөд багуудад цөөн тоглолт үлдэж плэй-оффын байрлалын төлөөх өрсөлдөөн явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд улирлын шагналд нэр дэвшигчид ч яригдаж байна. Амжилтаа ахиулсан шагналын төлөө П.Сиакам, Д.Рассель, Д.Рөүз, Б.Хилд, Д.Фокс, Д.Сабонис, Ж.Мюррей, Б.Инграм, Б.Богданович, А.Гордон …гээд нэлээд хэдэн тоглогчдийн нэрс яригдаж байгаа. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Торонто Рэпторс багийн Паскаль Сиакам, Бруклин Нетс багийн Д’Анжело Рассель, Лос-Анжелес Лейкерс багийн Брэндон Инграм тэргүүн эгнээнд бичигдэж байна.
- П.Сиакам (Торонто Рэпторс)
Торонто Рэпторс багийн энэ улирлын амжилттай тоглож байгаа явдалд Камерун хүчний довтлогч П.Сиакамын оролцоо их бий гэдгийг хэн ч үгүйсгэхгүй болов уу? Самбар доор сайн тоглож буй П.Сиакам энэ улиралд шидэлтийн хувь нь үнэхээр сайжирсан. Түүний 3 онооны шидэлт болон чөлөөт шидэлтийн хувь өмнөх 2 улирлаас хамаагүй илүү болсон байгааг харж болно. Дээр нь түүний өөдөөс довтолно гэдэг тийм ч амаргүй болоод байгааг мартаж болохгүй. Энэ улиралд багийнхаа гараанд гарч буй П.Сиакам 16.6 оноо, 7 самбар, 3.1 дамжуулалтыг дундажлаж байгаа. Хэд хэдэн тоглолтонд 30-аас дээш оноо авсны дотор өнгөрсөн 2 сард Вашингтон Визардс багийн эсрэг 44 оноо авсан. Ямартаа ч К.Леонард, К.Лаури нартай зэгсэн сайхан гар нийлж буй П.Сиакам энэ улирлын амжилтаа ахиулсан тоглогчийн шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай тоглогч юм. Будагтай талбайд хамгаалах чадвар, довтлох чадвар дээр нь нэмээд шидэлтийн хувь дээшилсэн нь яалт ч үгүй Торонто Рэпторс багийн амжилтанд нөлөөлж байгаа. Торонто Рэпторс багаас энэ шагналыг хүртсэн анхны тоглогч нь П.Сиакам болох уу?
- Д.Рассель (Брүүклин Нетс)
Амжилтаа ахиулсан тоглогчид хамгийн хүчтэй өрсөлдөх тамирчин бол Д.Рассель юм. Түүний багтаа үзүүлж буй нөлөө аль хэдий нь үр дүнгээ өгч өдгөө Брүүклин Нетс баг 3 улирлын дараа бараг л плэй-оффт орж байна. Бүх-оддын тоглолтонд жирийн тоглогч сонгогдохгүй. Тэгэхлээр Д.Рассель хэдий нь лигийн шилдэг хамгаалагчдын нэг болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу? Энэ улирал 20.7 оноо, 3.7 самбар, 6.9 дамжуулалт дундажлаж байгаа ба оноо болон дамжуулалтын статистик нь дээшлээд байна. Ер нь тэгээд бүхий л үзүүлэлт нь дээшилсэн байгаа. Өнгөрсөн улирал бэртэл түүнд саад болж байсан бол энэ жил гайхалтайгаар эргэн ирж шинэ багтаа тоглосон 2 дахь улирлаасаа лидерийн хэмжээнд яригдах болсон.
- Б.Инграм (Лос-Анжелес Лейкерс)
Лигт 3 дахь улиралдаа тоглож буй Лос-Анжелес Лейкерс багийн довтлогч Б.Инграм НБА-н шилдэг тоглогч Л.Жеймсээс их зүйл сурч байх шиг. Мэдээж НБА-н төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн нүүр царай болж буй шилдэг тоглогчоос олон зүйл сурч авч байгаа нь гарцаагүй юм. Залуу тоглогч Б.Инграм энэ улиралд 18.3 оноо, 5.1 самбар, 3 дамжуулалт дундажлаж байна. Энэ улирал статистик нь онцгойлон дээшлээгүй, дээр нь түүнд бага зэрэг бэртэл гэмтэл саад болж байгаа. Лос-Анжелес Лейкерс баг плэй-оффын гадна үлдэж байгаа нь магадгүй Б.Инграмыг тус шагналд хүчтэй өрсөлдөгч байх боломжийг нь хязгаарлаж байгаа болов уу? Гэхдээ баг нь плэй-оффт шалгарч чадаагүй ч амжилтаа ахиулсан шагналыг хүртэж байсан тохиолдол бий. Хамгийн сүүлд Г.Драгич Финикс Санс багт тоглож байхдаа 2013-2014 онд тус шагналыг хүртэхэд баг нь плэй-оффын гадна үлдэж байсан.
Бусад боломжит тоглогчид:
- Д.Рөүз (Миннесота Тимбервулвз)
- Д.Сабонис (Индиана Пейсерс)
- П.Жорж (Оклахома Сити Тандер)
- Б.Хилд (Сакраменто Кингс)
- Д.Фокс (Сакраменто Кингс)
- Ж.Коллинс (Атланта Хаукс)
- Т.Харрис (Лос-Анжелес Клипперс)]
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ