"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна
"Т.АЮУРСАЙХАНЫГ ОФФШОР ДАНСНЫ БАРИМТ АВЧИРСАН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА"
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нэр бүхий долоон гишүүн Швейцарь Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор таван дансны баримтыг авчирсан тухай Т.Аюурсайхан гишүүн мэдэгдсэн нь үнэн үү?
-Ер нь аливаа зүйлд хариултыг нэг дор нь өгч байх ёстой. Энэ асуултад хуулийн байгууллага хариулах ёстой.
-Таныг айлчлалын багт явсан учраас асууж байна л даа?
-Хамт явсан нь хамаагүй. Хамт явсан гээд үнэн гэсэн үг биш. Тэр хүн хэнтэй уулзсан, юу ярьсан, цүнхэнд нь ямар бичиг байсан гэдгийг нь тогтоох боломжгүй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намрын чуулганы хуралдааны үеэр “Гурван машин нотлох баримтыг шатаасан гэж мэдэгдсэн. Мөн гэрт нь тагнах, чагнах төхөөрөмж байршуулаад тэр нь илэрсэн” гэж Т.Аюурсайхан өөрөө ярьсан. Үүнд хуулийн байгууллага хариулт өгөөгүй. Ирсэн гээд байгаа бичигт нь ч гэсэн хуулийн байгууллага хариулах ёстой. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гаргадаг айхтар сэтгүүлч мөн улстөрчид гарч ирсэн. Би 20 жил хуулийн ажил хийлээ. Зөвхөн хуулийн байгууллага мэдэх ёстой, мэдэх бололцоотой, цаашлаад зөвхөн гүйцэтгэх ажлаар мэдэх боломжтой тэр мэдээллүүдээр сүүлийн үед шоу хийх боллоо. Энэ улсад хууль дүрэм гэж бий. “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгийг харахад зарим мэдээллүүд нь үнэхээр ноцтой, зарим мэдээлэл нь зөвхөн хуулийн байгууллагын тусгай арга хэрэгслээр мэдэж болох тийм мэдээллүүд байдаг. Т.Аюурсайханы яриад байгаа нь ч гэсэн яг л ийм. Би энэ асуудлыг мэдэхгүй.
-Та хамт яваа биз дээ?
-Монгол төрийн айлчлал яаж явагддаг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээлбэл, яагаад О.Баасанхүү төрийн айлчлалд багтав. Монгол Улсын парламентын айлчлалд парламентын бүлгийн дарга нь, шаардлагатай гэвэл тухайн хоёр улсын парламентын бүлгийн гишүүн нь, эсвэл намуудын төлөөлөл багтдаг. Би намаасаа ганцаараа учраас гурван намын төлөөлөл гэдэг утгаар айлчлалын багт орсон. Тухайлбал, Хойд Солонгос Улсад айлчлалаа гэхэд протоколоо өгөхгүйгээр онгоцны буудал дээр цаас өгдөг. Ярих сэдэв, хэлэх үг, хэлэлцэх асуудлууд энэ бүхнийг наана нь ГХЯ-аараа дамжуулж, хоёр талдаа тохирч, гарын үсгээ зурж ойлголцдог. Уулзалтын цагийг нь сунгах гэдэг ч юм уу дураараа ямар нэгэн үйлдэл хийдэггүй гэсэн үг. Би протоколоос харсан, миний үзсэн протокол дээр байхгүй байна. Гэхдээ би дотроо бодоход С.Баярцогтод хоёр, гурав байтугай данс байхыг үгүйсгэхгүй. Бид жижигхэн улс биш тусгаар улс, хууль хүчний байгууллагууд өөрийнхөө гүйцэтгэх ажлаар янз бүрийн мэдээлэл авсан байж болно.
Би өмнө нь Швейцарь руу С.Зориг агсны амь насаа алдсан асуудлаар явж байх үеэр нэг нөхөр надтай энгийн яриа өрнүүлж байхдаа “Танай улсын иргэний дансанд 72 сая ам.доллар байгаа” гэж хэлж байсан. Гэхдээ ирээд би энэ талаар хэвлэлийн хурал хийгээгүй, шалгаарай гээд хуулийн хяналтын байгууллага руу нь бичиг өгсөн. Шалгалтын талаар асуухад, “Таны хэлсэн мэдээллийн дагуу Швейцарийн Холбооны Улсаас гүйцэтгэлүүд нь маш хэцүү байдаг учраас асар их хугацаа орох юм байна. Үнэн эсвэл, худлаа гэж хэлж болохгүй байна л гэж надад хэлсэн
-Та миний асуултад тодорхой хариулт өгөхгүй байна л даа?
-Би Т.Аюурсайхантай хамт явлаа гээд тэр хүний асрагч нь биш шүү дээ.
–Оффшор дансны баримтыг авчирсан байх үндэслэл байж болох уу?
-Би хэлж мэдэхгүй. Тэр хүмүүсээс нь асуу.
"БОИНГ КОМПАНИАС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОНГОЦ АВАХ ЭСЭХ ТАЛААР ЯРИХ ЭРТ БАЙНА"
"МИАТ" ХХК-ийн зүгээс хоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Боинг компанийн үйлдвэрээс “737 -Max -8” маркийн дундын зайн онгоцыг ашиглалтад хүлээн авсан. Үүнээс сар гаруйхны дараа Этиоп Улсын иргэний агаарын тээвэрт ашиглаж байсан "737-Мах-8" загварын агаарын хөлөг осолдож, олон хүний амь эрсэдсэнээр ихэнх улс орнууд тус компанийн онгоцноос татгалзан, тус онгоцны нислэгийг олон улсад түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. "МИАТ" компанийн зүгээс үйлдвэрлэгч Боинг компанийн төлөөлөлтэй өнгөрсөн хугацаанд дээрх асуудлын талаар ярилцсаар иржээ. Энэ талаар тус компанийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболдтой цөөн хором ярилцлаа.
-Монгол Улсын хувьд энэ ондоо багтаад “Толуй хаан” буюу Боинг 737 -Max -8 онгоцноос гадна энэ төрлийн гурван онгоцыг түрээсийн гэрээгээр ашиглана гэж байсан. Цаашдаа тус компаниас онгоц авахаа болих уу, аль эсхүл өөр компанийн онгоц ашиглах уу?
-2011 онд "МИАТ" компани Боинг компанитай гэрээ байгуулж, нэг B767-300, хоёр B737-800 онгоцыг худалдан авах гэрээ зурсан. Энэ онгоц нь 2016 онд орж ирэх байсан ч B767-300 онгоцыг худалдаж аваад санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнээс хойш шууд худалдаж авах бус түрээсийн шугамаар агаарын хөлөг авахаар болсны эхний онгоц нь “737 -Max -8” юм. Гэрээний хоёр дахь онгоц тавдугаар сард, гурав дахь онгоц аравдугаар сард үлдсэн ганц онгоц дараа жилийн хоёрдугаар сард орж ирэх байсан. Онгоц үйлдвэрлэгч Боинг компанийн зүгээс Азийн бүс нутгийн хэмжээнд 737 -Max -8 онгоцыг ашиглаж байгаа бүх агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй видео хурал хийж байна.
Өнгөрсөн баасан гаригт хуралдахдаа тус компаниас хэдийгээр онгоцны нислэг эргэж сэргээх, ингэхдээ юу хийх вэ гэдэг талаар ярьж байсан. Харин өнөөдрийн хурлаар нисэх багийн сургалттай холбоотой авиа компаниуд юу хийх ёстой үүн дээр Боинг компани ямар дэмжлэг үзүүлж ажиллах, техник үйлчилгээний бичиг баримтууд ямар өөрчлөлтүүд оруулах талаар ярилаа. Мэдээж үүнтэй холбоотой зардал мөнгөний асуудал болон Боинг компани үйлдвэрлэгч гэдэг утгаараа авиа компаниудаа яаж дэмжиж ажиллах талаар санал солилцож байна. Хурлууд төлөвлөгдөөд явж байгаа учраас шууд Боинг компаниас үргэлжлүүлж онгоц авна, авахгүй гэж ярих эрт байна.
–Аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна. Удахгүй хоёр онгоцны түрээсийн гэрээ нь дуусаад буцна гэж сонссон. Онгоцны ачааллуудыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
-Тавдугаар сарын 30-ны өдөр гэхэд B-737-700, арванхоёрдугаар сарын 15-нд 737-800 онгоц буцна. Бид нарын төлөвлөгөөгөөр МИАТ компани зуны нислэгээ долоон онгоцоор хийнэ. 3-4 сардаа зургаан онгоцоор саадгүй нислэг үйлдэнэ. Ямар нэгэн байдлаар нислэг цуцлахгүй, хойшлуулахгүй бүгд хуваарийн дагуу явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 737 -Max -8 онгоцны асуудал дөрвөн сардаа багтаад шийдэгдчих байх гэж харж байна.
–Хэрэв 737-Max -8 онгоцны асуудал зургадугаар сар хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүй бол нөөц төлөвлөгөө юу байна?
–Энэ асуудал үнэхээр шийдвэрлэгдэхгүй зургадугаар сар руу орох юм бол мэдээж онгоц дутагдах асуудал үүснэ. Хэрэв тийм зүйл тулгарвал одоо ашиглаж байгаа түрээсийн онгоцнуудын хугацааг сунгах эсхүл өөр онгоц богино хугацаагаар авчрах зэргээр асуудлыг шийднэ.
"ЦЭРГИЙН ХҮН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ХҮҮ МИНЬ ЦЭРЭГТ ЯВААД БУЦАЖ ИРСЭНГҮЙ"
Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан, талийгаач Б.Алтантулгын эмээ Д.Алтангэрэлтэй цөөн хором ярилцлаа. Талийгаачийн эмээ болон хоёр ах нь өчигдөр /2019.03.18/ Батлан хамгаалах яамны урд жагсаал зарласан юм.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа гарсан гэсэн. Хариу нь юу гэж гарсан бэ?
-Хүүг нас барсныг бидэнд нэгдүгээр сарын 22-ны 18.00 цагт мэдэгдсэн. Бид шөнөжин яваад өглөө очиход Дорноговийн шүүх эмнэлэг дүгнэлтээ бэлдээд тавьсан байсан. Дүгнэлт “Гаднын нөлөөгүй” гэж гаргасан байсан. Дорноговийн шүүх эмнэлэг албан тушаалтны нэр төрийг хамгаалахын тулд хэргийг анхнаасаа нуух зорилготой байсан юм. Бид шарилыг нь ачаад Орхон аймагтаа очиж амжаагүй байхад л Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Үүнд нь бид бухимдаад сошиал орчинд зургийг нь тавьсан юм. Ингээд дахин шүүх шинжилгээний комисс томилсон. Үүнд төрсөн ах нь, хоёр өмгөөлөгч, Эрдэнэтийн цагдаагийн байцаагч зэрэг хүмүүс оролцсон. Шинжилгээний хариу арваад хоногийн өмнө гарсан. Шинжилгээгээр өвчний улмаас, ачаалал ихэссэнээс болоод зүрх нь зогссон гэсэн хариу гарсан. Үүнийг өмгөөлөгч маань баримтжуулж зургийг нь авсан. Энэ дүгнэлтэд бид итгэхгүй байна.
Протоколд уруул нь цус хуралт, язралттай, улаанхоолой цус хуралттай, уушги цус хуралттай, нуруу нь хөх няц болсон, юмаар ороолгосон шинжтэй гувруу гүйсэн байсан гэж бичигдэж байсан. Тиймээс бид шижилгээний хариуд итгэхгүй байна. Жирийн иргэн хүч мөхөсдөөд, нэр нөлөө бүхий хүний нөлөө үйлчлээд байна.
Батлан хамгаалахын сайдад сар гарангийн өмнө өргөдөл өгсөн. Өргөдлийн хариу одоог болтол ирээгүй. Хариуг нь авахаар өнөөдөр энд суулт зарлаж байна. Өнөөдөр /2019.03.18/цэргийн баярын өдөр хүү маань амьд сэрүүн байсан бол түүний баярын өдөр байх байсан. Гэтэл танхай этгээдийн гарт хүүгээ алдчихаад байж байна. Энэ өдөр бидний хувьд баярын биш бухимдлын өдөр болчихоод байна.
-Талийгаачийн нас бардаг өдрийн бичлэг болон хамт алба хааж байсан цэрэг нарын яриагаар тухайн өдөр ямар үйл явдал болсон байна вэ?
-Байцаалт өгөхөөсөө өмнө цэргүүд бидэнд үйл явдлын талаар ярьсан. Тэдний ярьснаар өдрийн хоолны дараа хөнжил пүүгээг нь үүрүүлээд бараг хоёр цаг орчим гүйлгэсэн. Дараа нь галуун цуваагаар явуулсан байдаг. Ингээд гурван цэрэг цөхрөөд унангуут бага дарга В нь тэднийг өшиглөсөн гэсэн. Хоёр нь босоод манай хүү босч чадаагүй гэсэн. Ингээд хүүг минь чирээд казармд нь оруулсан юм билээ. Камерын бичлэгт хүү хувцсаа өлгөх тэнхэлгүй байж байгаад таталт өгөөд унаж байсан. Ингээд нэг цэрэг камергүй газар руу хүүг авч явсан. Түүнээс хойш нэг цаг орчим байлгаж байгаад нэг сувилагч орж ирээд удалгүй гараад явсан. Дараа нь эмч нь орж ирээд хөнжилд нь боогоод гарсан. Энэ үед аль хэдийнэ амьсгал хураасан байсан. Сэхэх найдлага байж магадгүй гэж бодсон юм шиг байгаа юм.
Хэрэг одоо шүүхээр шалгагдаж байгаа. Бид шүүх эмнэлэгт дүгнэлтийг дахин тодруулж өгөх хүсэлт илгээсэн.
-Талийгаач хэр ачаалал даах чадвартай байсан бэ?
-Хүү маань спортлог, урлагаар хичээллэдэг, бүжиглэдэг, такевондоогоор хичээллэдэг, сагс тоглодог, ангийнхаа нүүр царай болсон хүү байсан. Гэтэл хүүг маань сул дорой биетэй, хариугүй хүн байсан мэтээр ойлгуулж байна. Бараг өвчинтэй хүн цэрэгт очоод үхсэн мэтээр буруу ойлголтыг ард түмэнд өгөх гээд ядаад байна. Энэ бүхэн үнэнд гүйцэгдэнэ гэж найдаж байна.
Хүү маань Эрдэнэтэд цэргийн үзлэгт тэнцээд, хотод ирээд нарийвчилсан үзлэгт бас тэнцсэн. Ийм эрүүл хүүхэд цэрэгт явсан.
"ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ 20 МЯНГАН ХҮҮХЭД БАЙНА"
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай хүүхэд хамгааллын чиглэлээр ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зодсон сэтгэл эмтэрмээр хэрэг гарч олон нийтийг цочроолоо. Энэ хэрэгт танай байгууллагын зүгээс ямар оролцоотой ажиллаж байна вэ?
-Дөрөвхөн настай хүү хойд эцэгтээ зодуулан бие махбодын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Энэ сарын 13-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага мэдээлэл ирснээс хойш Баянгол дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээн шалгаж эхэлсэн. Хүүхдийн бие маш хүнд байна. Энэ хэрэг дээр бид хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээр туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгчийг томилуулан ажиллаж байна.
Өнөөдрийн хувьд Баянгол дүүргийн гэр бүлийн асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн, тус хэлтсийн дарга нар хүүгийн ар гэрийнхэнтэй нь хамт эмнэлэгт байж, дор бүрнээ залбирч сууна.
Мөн ээжийнх нь сэтгэл зүй тогтворгүй байгаа тул бид хамгааллын үйлчилгээ үзүүлэх асуудалд хүлээцтэй хандаж байна. Хагалгаа амжилттай болж, хүүгийн бие сайжирсны дараа ээжтэй нь хамт түр хамгаалах байранд аваачих тухай ярилцсан.
-Хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэрэг бүрт танайхаас өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг гэв үү. Ингэснээр хэргийн шийдвэрлэлтэд тодорхой хэмжээний ахиц гарах байх?
-Хүүхэд хамгааллын зардал буюу өмгөөлөгчийн төлбөрийг төрөөс суулгаж өгсөн. Бид нар энэ онд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн тохиолдол бүрт очиж ажиллаж, буруутай этгээдэд заавал хариуцлага хүлээлгэдэг болохыг зорьж байна. Хэдэн жилийн өмнө өмгөөлөгчийн төлбөрийн асуудлаас болоод хүндрэлтэй асуудал үүсдэг байсан. Одоо төсөв сайжирсан учраас бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээр мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран ажиллаж хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол бүрт туслалцаа үзүүлнэ. Өнгөрсөн онд гэхэд дээрх чиглэлээр туршлагатай гэж үзсэн 15 өмгөөлөгчийг дөрвөн удаагийн сургалтаар бид мэргэшүүлсэн. Одоо эдгээр өмгөөлөгчдөөр дамжуулж хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд бид чанартай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
-Хүүхэд хүчирхийлж байгаа хэргийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажил чухал байх?
-Бид үйлдэгдэж буй хэрэгт дүн шинжилгээ хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, тухайн эцэг эх ямар үүрэг хүлээх тал дээр ажилладаг. Ер нь эцэг эхийн үүрэг хариуцлагыг бага наснаас нь зааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр энэ талын мэдлэг, мэдээллийг залууст олгоогүйн улмаас олон гэр бүл салж байгааг нуухгүй. Үүний цаана эргээд хүүхэд хохирдог нь харамсалтай. Манайд өнөөдөр гэр бүлийн боловсрол олгодог хөтөлбөр байхгүй байна. Гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас нь зааж өгдөг сургалтын хөтөлбөрийг боловсролын системд суулгаж өгөөч гэсэн хүсэлтийг бид удаа дараа холбогдох байгууллагуудад илэрхийлж байгаа.
"ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХУМИХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛСЭН"
Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 11 хувьд үлдээж, тэтгэврээс бусад зээлийн өр орлогын харьцааг 60 хувь болгон шинэчиллээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаа цөөн асуултад хариулт авлаа.
-Монгол банкнаас хэрэглээний зээлийг хумих бодлогыг баримталж байгаа. Хэрэглээний зээл, бичил санхүүгийн зах зээлд шилжих эрсдэлийг хэрхэн харж байна вэ?
-Монгол банкны хэрэглээний зээлд баримталж буй гол үндсэн зорилго бол дунд урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн системд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх агуулгын хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Энэ оны эхний хоёр сарын байдлаар хэрэглээний зээл дэх бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч эхэлсэн. Тухайлбал, хэрэглээний зээл жилийн өсөлтийн дүнгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 55 хувьд хүрсэн бол энэ тоо 43 хувь болж, буурлаа. Нөгөө талаас банк бус санхүүгийн байгууллагууд зээлийг маш хурдан шийдвэрлэдэг болсон нь хэрэглээний зээл өсөх шалтгаан болж байна.
-Монгол Улсад төрийн бодлогын тогтворгүй байдлын эрсдэл ойрын үед өсөх хандлагатай байна гэж гаднын шинжээчид дүгнэжээ. Энэ асуудлыг төв банкнаас таамаглал гаргахдаа хэр үндэслэж үзсэн бэ?
-Улс төрийн тогтворгүй байдалтай уялдуулан эдийн засгийн эрсдэл үүснэ гэж хэлэх боломжгүй. Эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг харахад гадаадын хөрөнгө оруулагчдын байдал, Засгийн газрын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөж тогтвортой түвшинд байна. Үүнийг хөрөнгө оруулагчид сөргөөр хүлээж авахгүй байгаа болов уу. 2019 оны эхэнд Монголын ипотекийн корпораци гадаадын хөрөнгийн зах зээл дээр 300 сая төгрөгийн бондыг амжилттай арилжааллаа. Өнгөрсөн оны эцэст Монголын хөгжлийн банк бондоо гаргасан. Эндээс дүгнэвэл Монгол Улстай хөрөнгө оруулагчдын харилцаа сайн байна гэж харж байна. Удахгүй зээлжих зэрэглэлийн байгууллагууд Монгол Улсад айлчилж, уулзалтууд зохион байгуулна. Энэ үеэр яриа хэлэлцээрүүдийг тодорхой хийнэ байх гэж бодож байна.
–Төлбөрийн тэнцэл 500 саяын ашигтай гарах таамаглал байна. Ямар эерэг үзүүлэлтийг үзүүлж ханшийн гол үзүүлэлт болох төлбөрийн тэнцлийг ашигтай байна гэж үзсэн бэ?
–Монгол банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн сүүлийн төсөөллөөр төлбөрийн тэнцэл 500 орчим сая төгрөгийн ашигтай гарна гэж үзлээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйлсийг тооцоолсон. Нэгдүгээрт, нүүрсний экспорт өмнөх жилээс 10 хувиар өсч 39 сая тоннд хүрнэ гэж төсөөллийг гаргалаа. Учир нь нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 хувийн өсөлттэй байна. Нүүрсний экспортын биет хэмжээ, түүний өсөлтөөс эерэг дүр зураглал гарч буй. Импорт өсөх хандлагатай ч өнгөрсөн оноос буурах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн өсөлт саарах, түүний импортын өсөлтийг өдөөж байсан дарамт суларна. Худалдааны тэнцэлд орж ирэх дарамт харьцангуй бага буюу өнгөрсөн жилд гарсан ашиг энэ жил үргэлжилнэ гэж бид хүлээж байна. Төлбөрийн тэнцэл бүхэлдээ ашигтай гарахад гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд үргэлжилнэ. Энэ онд 1.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх тооцоолол байна. Түүнчлэн Монголын хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс их хөшүүргүүд оруулж ирсэн. Оны нэгдүгээр улирлын байдлаар 300 сая ам.долларыг төвлөрүүллээ. Энэ нь төлбөрийн тэнцлийг эерэг үр дүнтэй гарахад томоохон хувь нэмрээ оруулна. Мөн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох санхүүжилт бий. Энэ нь өнгөрсөн онуудад орж ирсэн санхүүжилт болон олгоогүй санхүүжилт 2019 онд хийгдэхээр хүлээгдэж буй. Санхүүжилт олгож эхэлбэл нийт төлбөрийн тэнцэл эерэг дүн гарна гэж урьдчилан тооцооллоо.
BIG JEE: АЗ ЖАРГАЛЫГ МЭДРҮҮЛЖ БУЙ ЗҮЙЛ БОЛ ҮРС МИНЬ
Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ.
-“Боссын босс” уран сайхны киноны нээлт ирэх тавдугаар сард болно гэж дуулсан. Өмнөх хоёр цувралаас юугаараа онцлог байх бол?
-Өмнөх анги болох “Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гурав дахь цуврал нь “Боссын босс” нэртэйгээр эргэн ирж байгаа. Энэ удаагийн кино маань маш их адал явдалтай, хөрөнгө мөнгө их зарцуулсан, чанартай бүтээл болсон гэдгээрээ онцлог. Би өчигдөрхөн киноныхоо хар монтажийг үзсэн. Үнэхээр гоё кино болсон байна лээ. Одоогоор “Боссын босс” уран сайхны киноны нээлтийг ирэх тавдугаар сард хийх тов гарсан. Киноны нээлтийн талаар найруулагчийн зөвшөөрөлгүйгээр ярьж болохгүй байх.
-Киноны зураг авалт саяхан дууссан шүү дээ. Хөдөө орон нутагт бас зураг авсан харагдсан?
-Өмнөх хоёр цувралд дан хотод зураг авалт хийсэн байдаг. Харин энэ удаагийн цувралд Сэлэнгэ, Дундговь аймагт кино зураг авсан. Ерөнхийдөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр зураг авалт эхэлж, 2019 оны гуравдугаар сард дууслаа. Нэлээд олон хүний баг бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлчид маань хүч хөдөлмөрөө шингээн ажиллалаа. Мэдээж “Боссын босс” уран сайхны киног бүтээхэд олон хүний сэтгэл, зүрх шингэсэн учраас хүмүүст хүрэх байх гэж найдаж байна.
-Гол дүрийн хувьд өөрчлөлт орсон уу. Хошин урлагийн жүжигчин Т.Бархүү, драмын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар хамтран тоглосон гэсэн үү?
-“Боссын босс” киноны гол дүрд надаас гадна жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, С.Батзориг буюу Ишчүү, Б.Батмаа нар дахин тоглосон. Мөн “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар хамтран тоглосон нь үйл явдлыг улам сонирхолтой болгосон. Бас ОХУ-ын жүжигчин эмэгтэй урилгаар ирж тоглосон.
-“Боссын босс” гэхээр нэрнээсээ эхлэн сонирхол татаж байна?
-Анх киноныхоо зохиолыг уншихаас өмнө “Гуравдугаар анги ингэж л үргэлжлэх болов уу” гэж төсөөлж байсан. Гэтэл киноны зохиолтойгоо танилцахад миний төсөөлснөөс тэс өөр үйл явдал өрнөсөн. Яг надтай адил төсөөлж буй үзэгчид олон байгаа байх. Өмнө нь киноны гол дүрээс нэг нь бэртэж гэмтдэг байсан бол энэ удаа нэг гол дүр нь зохиолын дагуу нас барж байгаа.
-Тэр нь хэн байх бол?
-Магадгүй би ч байж болно./инээв/ Кино багийнхан маань киноныхоо нэг хэсгийг нь нээлтийн өмнө үзэгчдэд хүргэх талаар ярилцаж байгаа. Би бол үзэгчдэд хүргээсэй гэж бодож байна. Манай кино багийнхан энэ ярилцлагыг уншиж байгаа бол миний саналыг дэмжээрэй гэж хүсье.
Холбоотой мэдээ