“Монгол судлалын шинэ эрин-2019” олон улсын хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

“Монгол судлалын шинэ эрин-2019” олон улсын хурал боллоо

“Монгол судлалын шинэ эрин-2019” олон улсын хурал боллоо

Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин-2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 2004 оноос хойш зохион байгуулж буй тус хурлаар олон улсын эрдэмтэд сүүлийн жилүүдэд Монгол судлалаар гарсан шинэ сэргэг судалгаагаа өөр хоорондоо хэлэлцдэг уламжлалтай.

Хурлын нээлтийн үеэр МУБИС-ийн Монгол Судлалын төвийн эрхлэгч Ц.Өнөрбаян сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа, “Монгол судлал гэдэг шинжлэх ухааны салбарыг бий болгосон манайх шиг нүүдэлчин ард түмэн ховор. Монгол судлал нь өнө эртний уламжлалтай учраас дэлхийн олон оронд судалж байна. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч буй энэ үед цахим хэл шинжлэлийг хэрхэн ашиглах вэ гэдгийг онцгой анхаарах нь зүйтэй. Мөн соёл хэл шинжлэл, угсаа, танин мэдэхүйн, цахим хэл шинжлэл гэх мэт олон шинжлэх ухаан судалдаг судалгааны арга барилыг тодорхой нэг чигт оруулах нь 21 дүгээр зууны хэл шинжлэл судалгааны чиглэл юм. Олон улсын Монгол судлалын гурван том төвийн нэг нь яах аргагүй Монгол Улсын Боловсролын их сургууль. Бид үүнийг хөгжүүлэх тал дээр сүүлийн үед олон ажил хийж буйгийн нэг бол энэ хурал” хэмээв.

СУИС-ийн профессор С.Дуламаас өөрийн тавих илтгэлийг талаар тодрууллаа. Тэрбээр, “Сүүлийн үед Монголчууд өөрийн үндэсний ижилслийг томъёолох, эрж хайх ажил их өрнөж байна. Энэ үйл хэрэгт Монгол Судлалын хурал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдрийн энэ хуралд тавигдах илтгэлүүд ч ач холбогдол ихтэй байна. Миний хувьд Монгол хэл уран зохиолын зааг дээр орших зарим асуудал, тэр дундаа утга судлалын буюу ойролцоо нэрүүдийн ялгааг гаргасан. Адгийн үг 13 таглаатай гэдэг шиг Монгол хэлний үгсийн сангийн бүх үг олон утга санааг илэрхийлж байдаг. Үүнийг зөвхөн толь бичгийн хүрээнд биш хам утгын хүрээнд нь судлах хэрэгтэй. Бид өнөөдөр Монгол хэлнийхээ үгийн нарийн өнгө аясыг төдийлөн анзаардаггүйгээс болж утгыг гээгдүүлдэг. Иймээс үгийн утгын нарийн өнгө аясуудыг ч цааш нь гүнзгийрүүлж судлах шаардлагатай” гэлээ.

Харин Японы Шиво эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Б.Хөхбаатар өөрийн судалгааны талаар хэлэхдээ, “Би Монголын 20 дугаар зууны эхэн үеийн сонин бичгүүдийг 20 жил хайж явлаа. Миний ингэж явсан гол зорилго бол орчин цагийн Монгол хэл яаж бий болсныг судлах явдал юм. Үүнийг мэдэхийн тулд тухайн үеийн сонин сэтгүүлийг олж шүүх хэрэгтэй боловч тэдгээрийг нэг дороос олох боломжгүй байсан учраас өөр олон улсаас хайх хэрэгтэй болсон. Тусгаар тогтносон улсууд маш олон байдаг. Гэвч зарим нь өөрийн эх хэлээрээ их сургуулийн лекцээ уншиж, улс төрийн асуудлаа бүрэн судалж, түүгээрээ ярьж чаддаггүй.  Харин монголчууд нүүдэлчин үндэстэн хэдий ч 1942 он гэхэд их сургуультай болж эх хэлээрээ хичээлээ судалдаг болсон нь үгсийн сангаа сайн бэлдсэнд оршиж буй юм” гэв.

Тус арга хэмжээний үеэр мөн Утга зохиол, аман зохиол, соёлын, Монгол хэл шинжлэлийн болон Түүхийн гэсэн гурван салбар хуралдаан болсон юм.

Салбар хуралдааны үеэр Гурван эрдэнэ дээд сургуулийн доктор, дэд профессор Ч.Жачин Монголын нууц товчоонд гардаг Хог идэж, хомоол түүж явах болтугай гэдэг хэлц үгийн утгыг тайлбарлахдаа “Монголчуудын нүүдэлчин соёлтой ард түмэн. Тэр үеийн нүүдэл бол ганц нэгхэн биш хэдэн мянган айлын нүүдэл учраас нүүдлээ сэлгэж явахад нь хамгийн ард яваа албатууд хог идэж, хомоол түүх буюу гэрийнхээ буурийг цэвэрлэж, нүүдлийнхээ араас явах үүргийг гүйцэтгэдэг байсан. Тиймээс хог идэж, хомоол түүх гэдэг нь монголчуудын нүүдэллэх ёс болоод байгаль нутаг усаа дээдэлж, зөв зохистой харьцах гэсэн үзэл санааг илэрхийлсэн. Энэ үг нь өөрөө хэлц үг учир гадаад хэлэнд орчуулахдаа үгчилж бус утгачилж орчуулах хэрэгтэй” гэж байв.

ОХУ-ын Монгол-Төвд буддын судлалын хүрээлэнгийн судлаач Б.З.Нанзатовоос судалгааных нь талаар тодруулахад, “Би энд өөрийнхөө судалгааны нэг үеийг танилцуулахаар ирсэн. Энэ бол 19 дүгээр зууны Эрхүү мужийн Буриад угсаатны бүрэлдэхүүний талаарх судалгаа юм. Мөн эрт дунд үеийн Буриадуудын шилжих хөдөлгөөн Хүннүгээс эхлээд 19 дүгээр зуун хүртэлх үеийг нарийн тодорхой гаргасан.  Жишээлбэл Ашбагад аймгийнхан 1651-1654 онд Халх Монгол руу нилээд олноороо  Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхорвангийн хошуунд ирж захирагдсан бөгөөд тэдний үр удам одоо ч нутагласаар байгаа юм” гэлээ.

МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Амартүвшин Телевизийн бичлэгийн алдааны талаар “Телевизийн субтитрийн алдаа тогтмол гарсаар байгаа. Энэ нь хяналт суларсан, редакторлох ажил орхигдсонтой шууд холбоотой, мөн шивэлтийн явцад хайхрамжгүй, хяналтгүй , эх хэлний боловсрол, ерөнхий мэдлэг, ойлголт дутмаг байгаагаас цаашлаад сэтгүүлч үзэл бодлоо тулгах зэрэг  ийм олон шалтгаанаас алдаа үүдэлтэй. Эдгээр алдаанууд нь голчлон санамсаргүй байдлаар гардаг ч сэтгүүлчдийн мэргэжлийн үнэлэмжинд сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм алдаа нь мэргэжлийн нэр хүндэд ихээхэн сэв суулгаж улмаар сэтгүүлчийн мэргэжлийн талаарх нийгмийн үнэлэмжийг бууруулах нэг шалтгаан болсоор байна. Иймд телевизийн үйл ажиллагаанд гаргагч редактор, эфирийн хянагч редакторыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай” хэмээв илтгэлдээ дурьдав.

“Монгол судлалын шинэ эрин-2019” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ-ын  ӨМӨЗО, Япон, Монголын нийт 60 гаруй эрдэмтэн оролцож, илтгэл тавьж хэлэлцлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж