"Lead Mongolia – 2018" хөтөлбөрийн Ил тод байдлыг сайжруулах, Авлигын эсрэг багаас “Сайн сургууль” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Нийслэлийн 84-р сургуулиас ажлаа эхэлсэн төслийн багийнхан өнөөдөр 23-р сургуулийн 10-р ангийн сурагчдад сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. “Сайн сургууль” төслийн 23-р сургууль дээрх арга хэмжээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Оюунбаатар, 23-р сургуулийн захирал Ц.Цолмонбаатар нээж үг хэлсэн юм. Түүнчлэн хүний эрхийн активист, судлаач Б.Болорсайхан сурагчдад зориулсан “Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо” сэдвийн хүрээнд сургалт яриа явуулсан бол реппер Жий сурагчидтай мөн сэдвийн хүрээнд чөлөөт яриа өрнүүлсэн.
Монгол улсад салбар бүр дэх авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход боловсролын салбар дахь авлигын үзүүлэлт 2016 онд есдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт тавдугаар байрт оржээ. Түүнчлэн дунд сургуулийн сурагчдын 46 хувь нь авлигыг байж болох зүйл гэсэн ойлголт, хандлагатай байгааг судалгаагаар тогтоосон нь өнөөдөр энэ салбарт соён гэгээрүүлэх ажлыг хамгийн идэвхтэй хийх ёстойг харуулж байна гэдгийг төслийн багийнхан онцолж байгаа юм.
"Сайн сургууль" төслийн арга хэмжээ цаашид сонгогдсон сургуулиуд буюу Нийслэлийн 84, 23-р сургууль болон Дундговь аймгийн 1-р сургуульд үргэлжилж багш нарт зориулсан сургалт, дадлага ажил зохион байгуулах юм. Түүнчлэн сургуулиудад оролцооны самбар байршуулан "Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж шалгарсан бүтээлүүдийг нийтэд түгээнэ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ