УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
-Сүүлийн хоёр жил шахам УИХ-ын чуулганаар эдийн засагтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Хүндрэлийг даван туулах дараагийн хуулиуд ч УИХ-д өргөн баригдсаар байна. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Эдийн засагг гарч байгаа үзүүлэлтүүдийг онолоор нь аваад үзвэл хүндрэл гэж тодорхойлогдоно. Хүндрэл нь юунаас болж үүсч байна вэ гэвэл ашигт малтмалын үнэ унаснаас үүдэлтэй. Хуучин ашигт малтмалын үнэ өндөр байхад их орлого олж хэт их тансагласны гор одоо гарч байна. Хөдөө орон нутгаар явахад нэг л зүйлийг хэлдэг. “Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөг сулраад хүндрэл байх шиг байна. Гэхдээ тартагтаа тулчихсан зүйл алга. Харин эдийн засгийн гэхээсээ илүү байгаа юм биш үү. Та нар өөрсдөө хямраад байгаа юм биш үү” гэж. Энэ нь үнэний ортой. Төсвийн орлогын бүрдэлт муу байгаа нь үнэн.
Манайхан мөнгө ихтэй жилдээ төсвөө хэт их тэлж төсвөө хийгээд сурчихсан. Харин өнөөдөр орлого буурсан ч тэр эрч, энерцээ буулгахгүй байна. Өөрөөр хэлбэл төсвөө томоор төлөвлөдөг ч орлого нь бүрдэхгүй байна. Тиймдээ ч УИХ эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх олон хуулийг хийлээ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд олон алхмыг хийлээ. Хууль нь ч боломжийн болсон гэдэг дүгнэлтийг гадны хөрөнгө оруулагчид хэлж байгаа. Түрүүчээсээ хөрөнгө оруулалтаа сэргээх магадлал яригдаж байна. Нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд бизнесийн орчинд нэлээд саатал гарч эхэлсэн. Үүнийг эрүүлжүүлэх тал дээр УИХ ихээхэн анхаарах ёстой байгаа.
-Ямар саатлууд гарсныг яаж засч сайжруулах ёстой гэж?
-Татварын асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийг хуул!» хяналтын байгууллагууд шалгадаг, дарамталдаг үзэгдэл ихэслээ гэсэн гомдол их ирж байгаа. Татвартай холбоотой дуулиан тарьсан хэргээс улбаалаад хууль хяналтын байгууллагууд их олон аж ахуйн нэгжийг тухайлан татварын асуудлаар шалгасан мэдээ бий. Энд том тоо яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээрээ бизнест тодорхой хэмжээний чөдөр тушаа болж байна. Миний мэдэхээр шударга татвар төлөгчид байгаа л байх.
Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр татварын асуудалгүй аж ахуйн нэгж бий юу гэвэл тун ховор. Энэ алдаан дээр нь ажиллаж шалгаж, дарамталдаг нь бизнесийн орчныг доройтуулж байна л гэж үзэж байгаа.Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай, Татварын өршөөлийн тухай хуулийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Би ямар нэг сонирхлын зөрчилгүй хүнийхээ хувьд шулуухан хэлэхэд бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой. Энэ олон аж ахуйн нэгжийг дарамтаас нь гаргах хэрэгтэй байна.
-Татварын өршөөлийг ямар хэлбэрээр үзүүлнэ гэж байгаа юм бол?
-Эрүүгийн өршөөлийн хуулийг гаргах тухай яриа бий. Ингэхдээ уялдуулаад тооцоо судалгаатайгаар Татварын өршөөлийн хуулийг гаргах шаардлагатай болох болов уу. Хамгийн эн тэргүүний ээлжинд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргах нь Монголын эдийн засагт бөглөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг сэргээхэд нэн хэрэгтэй юм. Дараагийн асуудал нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барьж байна. Энэ хууль хамгийн чухал нь. Баялагтай оронд ийм төрлийн сан их байдаг. Төсвийн орлогоос давсан мөнгөний тодорхой хэсгийг нь ирээдүй хойч үедээ зориулан үлдээх хуримтлалын сан гэсэн үг. Ийм сан өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлдэг, мөнгө тараадаг болж хувирсан.
Хүний хөгжил сангийн үйл ажиллагаанд би энэ үүднээс нь шүүмжлэлтэй ханддаг. Казахстан улс яг манай оронтой ижилхэн ашигт малтмал, газрын баялаг ихтэй. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ дэлхийн зах зээлд нэлээд өндөр байсан.Их орлоготой үедээ тодорхой хувийг нь цааш нь хадгалсаар байгаад 147 тэрбум ам.долларыг хуримтлуулж чадсан байгаа юм. Харин өнөөдөр.дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уначихлаа. Тэгэхэд “Алдагдал гарч эхэллээ. Яг ийм үед хэрэглэх гэж энэ мөнгийг цааш нь хураажээ. Тиймээс 25 тэрбум ам.долларыг гаргая” гээд Ерөнхийлөгч нь зарлигдаж эдийн засгаа сэргээх асуудалд анхаарч байна. Тэнд бодлого зөв байсных нь ач тус гарч байгаа хэрэг.
Харин бид өнгөрсөн хугацаанд гэнэтийн их ашиг олсон уу гэвэл олсон. Олсныхоо хэрээр зардаг, тансагладаг, баруун солгойгүй амладаг, цацдаг мөнхийн юм шиг эндүүрч явжээ. Тэгээд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унахаар эдийн засаг уначихлаа гэж өөрсдөө хямраад байна. Тэгэхээр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг яг ийм төсвийн орлого бага, мөнгө төгрөг хомс үед баталж авах нь чухал. Мөнгө их, орлого их үед улстөрчдийн мөнгө үрэх хобби маш их байдаг. Тэгэхээр одоо л баталж авах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн шатандаа сайн анхаараад хуулийг батлах нь зөв. Энэ бүгд батлагдвал эдийн засагтай холбоотой томоохон асуудлуудаа УИХ шийдэж чадлаа гэж болно.
-Татварын өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг2012 оноос хойш ярилаа. Ярьсаар байтал хөрөнгө оруулагчид нь зугтаж араас нь дотоодынбаялаг бүтээгчид явчихлаа гэх шүүмжлэл гарч байна?
-Хэрвээ хуулийг батлах бол их хурдтай шийдэх ёстой. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарах нь их байдаг. УИХ дээр ийм хууль өргөн баригджээ гээд батлагдах эсэх нь тодорхойгүй олон жил болчихоор бусдын тэсгэл алдардаг. Тэгэхээр УИХ яаж шийдсэнээ яаралтай ард түмэндээ мэдэгдэх ёстой. Би бол хурдхан батлах ёстой л гэж үзэж байгаа.
Дахиад нэг Казахстаны жишээг дурдъя. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг миний сонссоноор дөрвөн удаа гаргасан байдаг. Тэр бүрт нь эдийн засаг нь сэргэсэн, амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр гишүүд өөрсдийнхөө татварыг чөлөөлөх гэж байна гэж нэгнээ харддаг зангаа л татах хэрэгтэй. Бас нэгэнт сонгууль дөхсөн учраас нэг нь ажил хийх гэж нөгөө нь гацаах гэж оролддог дүр зураг дахиад л ажиглагдаж эхэлсэн баина.
-Том төслүүдийн тухайд?
-Ард иргэд том төслүүдээ улиг домог болтол ярихын оронд алдаа мадгийг нь засаад явуулаасай билээ гэж л хүсч байгаа. Гэтэл дахиад л улстөржсөн, талцсан чиг хандлага ажиглагдаж эхэллээ. “Оюу толгойн гэрээ урагшлах бололцоотой боллоо. Нэг алхам хийлээ’’ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл тэр асуудлуудаа хурдхан танилцуулаад явуулаасай. Ямар алдаа, ямар дэвшилд хүрсэн бэ гэдгээ бид ард иргэддээ тайлагнаж ярих хэрэгтэй.
Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирээд, төсөл яваад эхэлбэл Монгол Улсад үр дүнгээ харамгүй өгнө. Шүүмжлэлүүд бий. Оюу толгойн гэрээ сайн болоогүй гэдэгт хүн бүр санал нийлнэ. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид гэдэг тийм, ч амархан бидэнд бууж өгөөд байдаг юм биш байна. Тэгэхээр Засгийн газраас тавьж байгаа саналуудаа зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрүүлж чадсан, нааштай үр дүн гарсан бол хурдхан явуулах хэрэгтэй. Таван толгойн гэрээ ч бас л их шүүмжлэл дагуулж байгаа.
Нийт монголчууд хувь хүртээд явах ёстой. Энэ тохиолдолд гэрээг УИХ хуульд нийцүүлэх үүрэгтэй. Ямар зүйл нь хуульд нийцэж, харшилж байна вэ гэдэг зааг ялгааг нь хурдхан шиг асууж тодруулаад үнэхээр үндэсний эрх ашигт харшилсан зүйл байвал засч янзлаад явуулах ёстой. Мэдээж дандаа ийм байхгүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэнэ. Тэр цагт Монгол Улс дахиад мөнгөтэй болно. Тэгэхэд нь олсон орлогоо зөв удирдах, төсвийн сахилга баттай байх зөв сууриа бид тавьж чадлаа. Сонгууль дөхсөн учраас бүх зүйлийг харлуулах өнгө аяс харагдаж байна. Бид ухаантай байх ёстой. Сонгууль болдгоороо болоод л дуусна. Амьдрал үргэлжлэх учраас асуудалд ултай суурьтай хандах ёстой байна.
-Таван толгойн төслийг энэ УИХ явуулж чадах уу. Улстөрчдийн зөрчил нь тээг тавьчихлаа гэсэн шүүмжлэл гарч байна. Захирлыг нь хүртэл хорьж цагдаад хуулийн байгууллагууд хүртэл хутгалдчихав уу?
-Хоёр толгойн төслийг явуулаасай гэдгийг Монголын бүх ард түмэн л хүсч байгаа. Алдааг нь засах эрхийг нь УИХ, ард иргэд нь Засгийн газартаа өгөөд сонголтоо хийчихсэн. Тийм учраас ажиллах эрхтэй хүмүүс нь улстөржиж талцалгүйгээр ажиллах ёстой. Хуульд нийцсэн байдлаар гэрээг нь гаргаад аль болох хурдан явуулах хэрэгтэй. Асуудлыг тойроод олон өөр хэл ам байна. Эрдэнэс Таван толгойн гүйцэтгэх захирлыг шалгаж байгаа асуудлыг Таван толгойн хэлэлцээртэй холбож үзмээргүй байгаа юм. Ийм газарт ажилладаг улсуудад янз бүрийн хөрөнгө идэж уусан байж магадгүй гэсэн хардлага байнга л байдаг.
Угаасаа ажилласан газар нь тийм хэл амтай. Шалгах шаардлага байгаад хууль хяналтынхан шалгасан байх. Гэхдээ манай хууль хяналтын байгууллагууд хүнийг хорьж цагдаад залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулдаг арга барилаасаа салах хэрэгтэй. Нотлох баримтууд бүрдүүлээд түүндээ түшиглээд хэргийг шийдэж байх ёстой. Тэгэхгүйгээр нэг газарт хорьчихоод асуух ч үгүй, байцаах ч үгүй байна гэдэг шүүмжлэл сүүлийн үед маш их гарч байгаа. Энд хүний эрх зөрчиж байгаа тохиолдол олон бий. Монгол ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон. Т иймээс хүний эрхийг дээдлэх тал дээр УИХ, Засгийн газар нь ч, хууль хяналтынхан ч анхаарч хичээх шаардлагатай.
-Төрийн өмчит компанийн гэрээг заавал УИХ хэлэлцэх шаардлагатай юм уу. Эрдэнэт, Оюу толгойн зэрэг олон гэрээг хэлэлцээгүй байж яагаад заавал Таван толгойн гэрээг УИХ руу татаж оруулах ёстой гэж?
-Өргөн баригдсан гэрээтэй танилцаагүй учраас шулуухан хэлэхэд хэцүү. Гэрээтэй танилцсан гишүүн ч алга. Дандаа сургаар л ажиллаж байна. Тэгэхээр нарийн тодорхой зүйлийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ УИХ бүх зүйлийн чөдөр тушаа гэж харж болохгүй. Ер нь энэ бүхний хариуцлагыг явж явж УИХ- ын гишүүд тойрогтоо очиж тайлан тавьж, хүлээдэг. Тийм учраас ярих ёстой. Ярихдаа асуудлыг гацаах бус явуулахын тулд ажиллаж чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжийн гэдэс дотор руу өнгийж харахдаа тун бодолтой байх ёстой.
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"