Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран “Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.03.22) зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар оролцож үг хэлсэн юм.
Энэ үеэр 5-6 жил ажиллаад “тэтгэвэрт” гаргадаг мэргэжлийн ур чадвар бүхий эрэлч нохдыг зэрлэг амьтныг хамгаалах, байгаль орчны зөрчлийг илрүүлэх ажилд ашиглах боломжийн талаар оролцогч талууд саналаа илэрхийлж цаашид энэ чиглэлээр хийх ажлын чиглэлийг тодорхойллоо.
Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монголын Албаны нохой судлалын холбоо, Байгаль орчин орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Хэнтийн уулсын ТХГ, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ, Хангайн нурууны БЦГ, Дорноговийн ТХГ, Хустайн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн зэрэг 20 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо.
Зэрлэг амьтныг хууль бус агнуураас сэргийлэх нь хил дамнасан хууль бус худалдаа, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцлон тэмдэглэв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ