Ч.Хүрэлбаатар: 20 саяын өртэй гадны иргэнд хилийн хориг тавина

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

LiveЧ.Хүрэлбаатар: 20 саяын өртэй гадны иргэнд хилийн хориг тавина

Ч.Хүрэлбаатар: 20 саяын өртэй гадны иргэнд хилийн хориг тавина

 

 

19 : 39
2019-3-22

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг баталлаа

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, ХХОАТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэж  баталлаа.

Ингэснээр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс татварын багц хууль батлагдав. Манай улс 1992 онд анхны татварын үндсэн хуулиа баталсны дараа 2006 онд шинэчлэл хийсэн. Түүнээс хойш 10 гаруй жил багц хуулийн шинэчлэл хийгдээгүй юм. Хуульд багцаар нь өөрчлөлт оруулах болсон нь аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой аж. Тэд улс орны эдийн засгийг дэмждэг гол хөшүүрэг байдаг. Тиймээс татварын уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон нь энэ юм байна. Шударгаар татвараа төлдөг иргэдэд үзүүлж буй үйлчилгээ энгийн байх хэрэгтэй. Харин татвараа төлдөггүй, төлөхөөс зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээс татвараа авдаг болох зарчмыг хуулийн төсөлд тусгасан юм.

Энэхүү хуулийн онцлох өөрчлөлтийг танилцуулъя.

Татварын ерөнхий хууль:

Татварын өр төлөх хугацаа хоёр cap байгааг 24 cap болгон сунгана. Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,

Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ,

Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,

Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,

Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс  дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

Аж ахуйн нэгжийн онцгой албан татварын тухай хууль:

Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,

Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг тав болгоно,

Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг тав болгоно,

X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө, Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно, Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,

Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

Хувь хүний онцгой албан татварын тухай хууль:

Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,

Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын нэг хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно, Орон сууцны татварын хөнгөлөлтийг гурван сая төгрөгөөс зургаан сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ, Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.

Бусад

Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,

Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг таван жилд хасагдуулна,

Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,

Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Үүгээр өнөөдрийн чуулганыг нэгдсэн хуралдааныг хаалаа. Харин маргаан чуулган 10.00 цагт хуралдах юм. 

19 : 01
2019-3-22

Ч.Хүрэлбаатар: 20 саяын өртэй гадны иргэнд хилийн хориг тавина

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс  2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн   Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж  баталлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Уг хуулийн төслийн талаар ард иргэдийн дунд асар их дургүйцэл байна. Жишээлбэл татвар 26 хувиар нэмэгдчихлээ гээд. Энэ хууль батлагдвал бид амьдрахгүй юм байна. Өрөө төлөөгүй, гадаадын харьяалалгүй иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй байх гаднаас оруулахгүй юм уу эсвэл гадагш гаргахгүйг хэлж байгаа юм уу. Визний хугацаа нь хэтэрвэл хэн хариуцах юм бэ. Үндсэн хуульд Хүн бүр чөлөөтэй хилээр нэвтэрнэ гээд заасан. Гадаадын иргэн монголд орж ирээд татварын өртэй л бол Монголоос явахгүй гэж ойлгож байна. Монголын иргэн 20 сая төгрөгийн өртэй бол хилээр гарахыг нь хориглосон заалт орж ирсэн. Компани шилжүүлэх замаар өртэй компани аваад үр хүүхэд нь хохирвол яах уу. Татварын багц хуулиас болж ААН-үүдийн татварын хувь хэмжээ нэмэгдсэн үү. Нэмэгдсэн бол хэдэн хувь бэ. Хоёрдугаарт Монголын иргэн 20 сая төгрөгийн татварын өртэй бол гадагш хилээр гарахгүй харин гаднын иргэн хэдэн сая төгрөгийн татварын өртэй бол өрөө төлөн төлтөл монголоос гарахгүй вэ. Үүнд тодорхой хариулт өгнө үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Татвар 26 хувиар нэмэгдэнэ гэдэг нь худлаа. 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд ААНОАТ 90 хувиар буурна. Тэгэхээр босгыг нь бид 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож өсгөсөн. Ингэснээр ААН-үүд томрох боломжтой. 3-6 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүдийн татварыг 60 хувиар бууруулж байгаа. Хөрөнгө оруулалт хийх боломж, зээлийн хүү буурах боломжийг нээж өгч байгаа хууль. Хууль хэрэгжсэнээр бодит үр дүн өгнө. 

20 сая төгрөгийн татварын өртэй бол хилээр гаргахгүй гэдэг заалтыг уншиж өгье. Хоёр нөхцөл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Хилийн тухай хуулиар татварын өртэй харьяалалгүй гадаадын иргэнийг татварын өрөө төлж дуустал хилээр нэвтэрхийг хориглох нь зөв. Монголын иргэдийг хохироохгүй байх үүднээс энэ заалтыг оруулсан. Нэг хүн орж ирээд монгол иргэдийг хохироогоод гараад явчихдаг. Хилийн байгууллагад хандах нь буруу гэж байгаа учраас шүүхэд хандах юм. Энэ заалтыг асуусанд би талархаж байна. Буруу зөв асуудлыг тодруулж зөв ойлголтыг авах нь зөв.

Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

18 : 26
2019-3-22

Д.Сумъяабазар: Алт, жоншны салбарт хариуцлагагүйн асуудал их бий

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хаврын чуулганаар хэлэлцэх байсан тус хуулийн төслийг хэд хэдэн удаа хойшлуулсан учир ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй. Уг хуулийн төслөөр алтны татварыг 2.5 хувь болгохоор Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. Харин УИХ-ын байнгын хороо дээр зарчмын зөрүүтэй саналаар 5 хувь болгохоор өөрчлөөд байгаа юм. Тэгвэл чуулганы хуралдаанаар алт тушаалтын татварыг  таван хувь болгох санал дэмжигдэж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт

-Зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байна. Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Бид иргэдээ ажилтай, орлоготой байлгаж  чадах нь энэ УИХ, Засгийн газрын эрх. Бид бусад нөөцөө харахгүй байна. Өмнө нь 60-70 жил валютын нөөцөө бүрдүүлдэг байсан тэр бодлогыг эргэж хараач гэж дахин дахин хэлмээр байна. Бид малчны хотонд байгаа нөхөн сэргээгддэг, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй байна.  

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Алтны нөөц ашигласны татвар болон үнийн өсөлтийн татвар нийлээд өнөөдөр 10 хувьтай байгаа. Үүнд тодорхой хэмжээний татварын урамшуулал хөнгөлөлт үзүүлж төрөөс алт олборлогчдыг дэмжих бодлого явуулж байна. Бичил уурхай болон хууль бус олборлолтыг бүртгэлжүүлэх шаардлагатай байна. Ашигт малтмалын олборлолтын гэрчилгээтэй болох хэрэгтэй.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар:

-Хариуцлагатай уул уурхайг ярих цаг нь болсон. Ялангуяа алт, жоншны салбарт хариуцлагагүйн асуудал их бий. Зэс болон нүүрс харьцангуй цэгцтэй явагдаж байгаа. Алт, жоншны салбарт бодлогын болон хуулийн төслийг оруулж ирэхээр Засгийн газраас бэлдэж байна. Нөхөн сэргээлтээ хийдэг, мэргэжлийн  хариуцлагатай уул уурхай байх ёстой гэдэгтэй 100 хувь санал нийлж байна. 1990 оноос хойш алтны тушаагдсан хэмжээг бид судалгааг өнгөрсөн он хүртэл гаргаж ирсэн. Татварын эрхзүйн зохицуулалт гэдэг бол дэлхийн зах зээл дээр алтны үнэ ямар байгаагаас шалтгаалахгүйгээр тушаалтын хэмжээ явдаг. 2010-2013 онд алтны үнэ дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр байсан энэ оргил үед алт тушаалтын хэмжээ манай улсад 2-3 хувийн хооронд байсан. 2,5 хувь гэдгийг нэлээд судалгаан дээр тулгуурлаж гаргасан гэдгийг онцлон хэлье.

Одоо чуулганы хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

17 : 47
2019-3-22

Чуулган: Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  гишүүдийн 86 хувь дэмжсэнээр тус хуулийн төсөл батлагдлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд батлагдсанаар  төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Тус хуулиар худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байгаагаа ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцуулгын үеэр дурдсан юм. Түүнчлэн тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах аж.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат :

-Тендерийн хуулийг цэгцлээд шийдэх нь зөв. Сүүлийн үед улс төрийн , төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийн талаар янз бүрийн мэдээлэл гарч иргэдийн төрд итгэх итгэл буурсан. Цаашид улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын өөрийнх нь хамаарал бүхий аж ахуйн нэгжийг тендерт оролцуулахгүй байх хуулийн төслийг санаачлах хэрэгтэй. Энэ хуулийн төслийг би удахгүй өргөн барина  Улстөрөө тусдаа, бизнесээ тусдаа хийгээд явах ёстой.  Мөн нэг асуудал нь тендерт ялагдсан ААН-үүд Сангийн яам эсвэл шүүхэд гомдол гаргадаг. Энэ нь бүтээн байгуулалтын цаг хугацаанаас хороодог гэсэн юм.

Одоо чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

17 : 25
2019-3-22

Чуулган: ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг 90.6 хувиар дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох асуудлыг хэлэлцэж,  гишүүдийн  90.6 хувь нь ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг дэмжлээ. Уг саналаа Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх юм байна. ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилохтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Цаг үеийн чухал үед ЗХЖШ-ын даргыг томилох асуудал орж ирж байна. ЗХЖШ-ын даргад  нэр дэвшигчээс асуух нэг зүйл байна. ялангуяа  удирдах албан тушаалд очиж байгаа хүн тэндээ өөрийн гэсэн хийж бүтээсэн, бодитой ажил, үйл хэрэг үлдээх ёстой гэж би боддог. Үүний төлөө бие, сэтгэл чилээж ажиллах ёстой. та хоёр чиглэлд илүүтэй түлхэж ажиллаасай гэж хүсч байна. Энхийн цагт цэргийн албан хаагчдыг эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулах асуудал бий. цэргийн албан хаагчдын дунд хүний эрхийн асуудал сөхөгдөх боллоо. Сүүлийн үед алба хаахаар очсон албан хаагчид амь насаа алддаг явдал газар авч байна. Бид өнөөдөр хэдэн онд амьдраад байна вэ. Цэргийн албан хаагчид хэдэн онд үүрэг гүйцэтгээд байгаа юм бэ. Энэ талаар бодолцож үзээд, өвлийн цагт хөл нүцгэн гүйлгүүлж дэглүүлж хөлөө тайруулсан цэрэг ч байна. Энэ явдлыг таслан зогсоох ёстой. Үүнийг эхлэхдээ өмнө нь алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцож байж таслан зогсооно. Таныг энэ чиглэлд дорвитой ажил хийж чадна гэж харж байна. Энэ чиглэлд та ямар бодлого, чиглэл хийх вэ?

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч А.Ганбат:

-Таны хэлсэн асуудалтай би санал нэг байна. зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтад оролцуулахыг ч би дэмжиж байгаа. учир нь сүүлийн үед зэвсэгт хүчинд алба хаах хүмүүсийн  тоо эрс цөөрсөн. Үүнтэй холбоотойгоор манай дайчилгааны  бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн бууралттай байгаа энэ үед бид бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг хамруулах, алба хааж байгаа залуусыг хөдөлмөрөөр давхар эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлд энэ асуудлыг дэмждэг хүн. Монгол Улсын хөгжил дэвшилд цэргийн албан хаагчид хувь нэмрээ оруулахыг дэмжиж хуулийн хүрээнд явуулахад бүх талаар идэвхийлэн ажиллахад бэлэн байна.  сүүлийн үед цэргийн албанд гарч буй үйл явдалд сэтгэл зовниж байгаа. ямар учир шалтгаанаас ийм асуудал гарав гэдгийг эхэлж тогтооно.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Нэр дэвшигчийн ажилласан байдлыг нь танилцуулгаас харахад цэрэг армийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байна. Цэргийн боловсролын доктор цолтой юм байна. тийм учраас цэргийн боловсролд манай улс анхаарах цаг нь болсон. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зэвсэгт хүчин улс төрөөс ангид байхыг сануулсан бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав цэрэг хөвгүүдээ аав шиг нь хамгаалаарай гэдгийг ЗХЖШ-ын даргад  нэр дэвшигч А.Ганбатад захилаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

16 : 44
2019-3-22

Чуулган: ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын багц хуулиуд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах  хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх асуудлын  өнөөдрийн хэлэлцэх асуудлыг эхэнд оруулж өгнө үү" гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн учир ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. ЗХЖШ-ын дарга А.Ганбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд байнгын хороо дэмжсэн юм. 

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асууж асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Ээлжит бус чуулганаар хэд хэдэн томилгоо хийгдэнэ. МАНАН мафийг эсэргүүцэж 50, 100 мянган хүн жагсаж, бидэнд санаа бодлоо одоогоор илэрхийлсээр байна. Энэ чухал томилгоонууд урьдын адил нэг дарга оруулж ирээд нэг хэсэг гишүүдтэй хуйвалдаж томилдог байдлаараа явах юм бол энэ улс дампуурлаасаа гарч чадахгүй шүү. Бүх чухал томилгоо бүр дээр нийтийн сонсгол хийж асуудлыг ил тод ярилцаж байж томилгоо явна шүү. Амьдрал хэвийн сайхан байгаа мэт асуудалд хандвал МАНАН-гийн эсрэг том тэмцэл хөдөлгөөн хийсний хэрэг байхгүй шүү. Үүнийг би УИХ-ын дарга болон гишүүдэд хандан хэлж байгаа шүү. Иргэд олон нийт энэ томилгооны асуудлыг анхааралтай харж байгаа шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж