Тэжээгчээ алдахгүйн төлөө

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Тэжээгчээ алдахгүйн төлөө

Баасан ахын төрсөн өдрөөр ийм хундаганы үг хэлмээр санагдав. Тийм ээ, монголын төр, монголчууд тэжээгчээ алдахгүй төлөө хундагаа өргөе. Монголын бизнесмэнүүд, тэдний бизнес “урт наслаж удаан жаргах болтугай”…

Ес хоногийн өмнө “Намайг ажилтай байлгаж, цалин олгож буй та бүхэндээ баярлалаа. Та бүхний татварын мөнгөөр амьдралаа залгуулж байна шүү дээ, бид. Хүч хөдөлмөрөөрөө олсон ашгийн тодорхой хувийг татвар болгон өгч байгаа нь “бидэнд хүндрэл чирэгдэл, хүнд сурталгүй үйлчлээрэй” гэсний илрэл юм” хэмээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” чуулганы индэр дээрээс хэлсэн нь санаанаас гардаггүй.

Энэ үгийг сонссон бизнесмэнүүд “Овоо доо, бас энийгээ мэддэг ганц хүн ч байдаг нь яамай даа” гэж шивнэлдэж буй нь сонсогдсон сон. Гэтэл тэр үгийг хэлээд арав ч хонолгүй Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах журам батлах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж байна.

Бүхнийг үүрч явдаг хувийн хэвшлийн нурууг хугартал нь ачаа үүрүүлэхээс бус хөнгөлсөн нь даанч үгүй. Их, дээд сургуульд хэн тэтгэлэг, тэтгэмжээр суралцаж байна. Төрийн албан хаагчид. Амаржих газар ачааллаа дийлэхгүй байхад хэнд зориулсан эмнэлэг байна. Төрийн эрхтэн ямбатнууд, түүний албан хаагчидад. Орон сууцны хөнгөлөлтөнд хамрагдах боломж хэнд бий вэ? Төрийн албан хаагчдад л бий. Одоо харин урьдчилгаа мөнгийг нь хүртэл татвар төлөгчдийн халаасыг сэгсэрч байгаад өгөх тухай шийдвэр гаргах гээд хэлэлцэж сууна.
Эсэргээрээ хэн хувийн бизнесийг чөдөрлөж, элдэв зөвшөөрөл, журам, татварын дарамт, торгууль шийтгэл ногдуулж байна вэ? Төр, түүний албан хаагчид. Нэг төгрөгийн ашиг олдоггүй хэрнээ данхайсан бүтэцтэй, үргүй зардал, хүнд суртал, хүлээлгийн үйлчилгээг л тэд санал болгодог. Түүнийх нь төлөө бид тэднийг бөөцийлж, бөмбөрүүлж, байр сууцных нь зардалыг хүртэл өмнөөс нь гаргах хэрэгтэй гэнэ.

Арай л биш ээ. Өнөөгийн залууст өөрийн итгэл үнэмшил, хөдөлмөр, чадлаараа амьдрах сонирхол яаж төрөх юм бэ? Бизнес хийн, татвар, мэргэжлийн хяналтынханд дарамтлуулж, авлигалчдын амжиргааг дээшлүүлэхийн тулд өдөр, шөнөгүй, амрах завгүй зүтгэж байснаас төрийн албан хаагч болоод дарамталж суухыг илүүд үзэх нь мэдээж. Тиймээс мянга мянгаараа төрийн албаны шалгалт өгөхөөр мянга мянгаараа дугаарладаг болсон.

Товчхондоо, төрийн нэг албан хаагчийг тэжээхийн тулд хувийн хэвшилд дөрвөн хүн зүтгэж байна. Харамсалтай нь, төрийн буруу бодлого, хүнд суртал, хууль эрх зүйн таагүй орчноос болоод хувийн хэвшлийнхэн цомхотгол хийхээс өөр аргагүйд хүрч, зарим нь дампуурлаа зарлаад хаалгаа барьж байна. Албан бус тоогоор өнгөрсөн жилд л гэхэд 2000 орчим аж ахуйн нэгж дампуурчээ.

Үйлчилгээний газар байтугай уул уурхайнхан хүнд байдлаасаа өндийж гарч чадахгүй байна. Гэтэл ажлын байр нэмэгдүүлж, орлого олох ганц үйлдвэрийг татвар төлөгчдийн мөнгөөр барьдаггүй төр маань татвар төлөгчдийн мөнгийг орон сууцны урьдчилгаанд зарцуулахаар улайраад эхэлж.

Ерөнхий сайд ч орон сууцны урьдчилгааг 10 хувь хүртэл бууруулахаа мэдэгдсэн нь энгийн иргэдээ бодсон гэхээс илүүтэй энэ төрлийн бизнес хийдэг улстөрчдийн зарцсан хөрөнгийг эргэлтэнд оруулах бодлого.

Ийм л хачин бодлого барьдгаас Монголд баялаг бүтээдэггүй ч өөрсдийгөө болгоод явдаг дундаж давхаргынхан доошилж, амжиргааны түвшинээс доогуур орлоготой болтлоо сөхөрч байгааг статистикаас харж болно. Монголд ажил хийвэл биш зүгээр суувал ашигтай. Төрийн албан хаагч эсвэл ядуу байвал тэтгэвэр, тэтгэмжээс эхлээд нийгмийн халамж хүртдэгээс бус өөрийгөө болгоод явбал элдэв татвар, хураамжийн дарамтанд орно уу гэхээс өөр юу ч хожихгүй. Ийм бодлогыг ч Монголын популист төр барьдаг. Түүнд ч иргэд нь талархаж, хувийн хэвшлээ ад үзэж, араас нь нулимах бэлэн. Төр бол харин өнөөдрийн авч байгаагаасай илүү ихийг, бүр ихийг авахыг хичээнэ. Болохгүй бол барьж хорино, цагдана. Хууль ярьж дарамталж байгаад л хүссэнээрээ дээрэмдэнэ. Ийм л төрийн зэрлэг ширэнгэнд бид амьдарч байна.

Тийм ээ, монголын төр, монголчууд тэжээгчээ алдахгүй төлөө Монголын бизнесмэнүүд, тэдний бизнес “урт наслаж удаан жаргах болтугай”…

Л.ТӨГС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж