Монгол хэлтэй монгол хүн бэлтгэе

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Монгол хэлтэй монгол хүн бэлтгэе

Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг азтай, одтой гэж тодорхойлж болно. Учир нь жил бүрийн хавар 38-39 мянган хүүхэд дунд сургуулиа төгсөж, их дээд сургуульд элсэн ордог. Гэтэл энэ жилийн төгсөгчдийн тоо урьд өмнөхөөс тавин хувиар бага байгаа юм.

Гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан монгол хэл бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсноос 18200 нь тэнцсэн.

Монгол хэл бичгийн шалгалтдаа бүдэрсэн 3293 шалгуулагч маргааш /дөрөвдүгээр сарын 25-ны өдөр/ болох давтан шалгалтад тэнцэж гэмээнэ Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д орох эрх нь бүрдэнэ.

Энэ жилийн хувьд төгсөгчдийн тоо 50 хувиар шахам цөөн байгаа нь 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их дээд сургуульд элсэн орох онцлог жил таарч байгаатай холбоотой. Энэ жил шиг 19300 төгсөгчтэй жил дахин тохиохгүй байх ч магадлалтайг албаныхан хэлж байлаа.

Эхний монгол хэл бичгийн шалгалтад орсон 21493 шалгуулагч бүгдээрээ ЭЕШ-даа тэнцлээ ч урьд өмнөх жилүүдийн төгсөгчдийн тооноос эрс бага байгаа юм.

Сүүлийн жилүүдийн төгсөгчдийн тоон мэдээллээс ишлэе. 2011 онд хичээлийн жилд 44484 хүүхэд ЭЕШ-д орж байсан бол 2012 онд 47744, 2013 онд 47182, 2014 онд 38332 шалгуулагч ЭЕШ-д орсон байх юм.

Эдгээрийн 30-39 мянга нь тухайн онд дунд сургуулиа төгсөгчид байдаг бол үлдсэн нь өмнөх жилүүдэд ЭЕШ-д бүдэрсэн хүүхдүүд байдаг юм. Эндээс харахад энэ жилийн хувьд их дээд сургуульд элсэгчдийн тоо эрс цөөн байх тул сургуулиуд элсэгчээ татахын тулд элдэв арга сэдэхээс аргагүй нь. Учир нь улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 101 их дээд сургууль элсэлт авч байгаа юм.

Элсэгчдийн тоог сургуулиудын тоонд хуваагаад үзэхэд нэг сургуульд ердөө 200 гаруйхан элсэгч л ногдож байна. Одоогоос жилийн өмнө буюу 2014-2015 оны хичээлийн жилд л гэхэд 11 дүгээр ангийг 34 мянган хүүхэд төгсөж, өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 38 мянган хүүхэд ЭЕШ өгөх хүсэлт гаргажээ.

Харин энэ жилийн хувьд төгсөгчдийн тоо 50 хувиар шахам цөөн байгаа нь 12 дугаар ангийн тогтолцоонд шилжсэн анхны төгсөгчид их дээд сургуульд элсэн орох онцлог жил таарч байгаатай холбоотой. Энэ жил шиг 19300 төгсөгчтэй жил дахин тохиохгүй байх ч магадлалтайг албаныхан хэлж байлаа.

Өнгөрсөн он жилүүдийн туршлагаас харахад ЭЕШ-д тэнцсэн хүүхдүүдээс өндөр оноо авсан нь мэдээж улсын их дээд сургуулийг сонгодог. Тиймээс төрийн өмчит сургуулиуд элсэгчдийг татах гэж толгой өвтгөж байсан удаагүй. Хувийн өмчит сургуулиудын хувьд элсэгчид эрс цөөрөх магадлалтай.

Зарим хүмүүс үүнээс болж хувийн сургуулиуд цөөрнө гэсэн гаргалгаа хэлж байгаа ч нэг жилийн элсэлтээс шалтгаалаад хувийн их дээд сургуулиуд үүд хаалгаа барихдаа тулах нь юү л бол. Харин сургалтын төлбөрөө бууруулах, урамшуулалт хөтөлбөр зарлах зэргээр элсэгчдэд эерэг тусах шийдэл гарахыг үгүйсгэхгүй билээ.

Энэ жилээс эхлэн их дээд сургуульд элсэгч хүүхэд бүрээс монгол хэл бичгийн шалгалт авч байхаар журамласан. Энэ дагуу гуравдугаар сарын 21-ний өдөр эхний шалгалтыг авч, 3293 шалгуулагч бүдэрсэн талаар дээр дурдсан.

Шалгалтын материалыг дундаж мэдлэгтэй хүүхэд бүрэн дүүрэн хариулахуйц хэмжээний асуултаас бүрдсэн гэдгийг Боловсролын үнэлгээний төвийнхөн хэлж байгаа. Гэтэл нийт шалгуулагчдын 15 хувь нь хангалттай үнэлгээ авч чадаагүй байх юм. Баян-Өлгий аймгийн энэ жилийн төгсөгчдийн л гэхэд 70 хувь нь монгол хэл бичгийн шалгалтдаа хангалтгүй дүн үзүүлжээ.

Маргааш болох давтан шалгалтад энэ хувь дээшлэх хэдий ч бүгдээрээ тэнцэнэ гэсэн үг бас биш юм. Тэгэхээр давтан шалгалтад унасан хүүхдүүд ЭЕШ-д орох эрхгүй. Нийт төгсөгчдийн 70 хувь монгол хэлээ мэдэхгүй төгсч байгаа нь өөрөө анхаарал татсан асуудал юм.

Нийт шалгуулагчдын 15 хувь нь хангалттай үнэлгээ авч чадаагүй байх юм. Баян-Өлгий аймгийн энэ жилийн төгсөгчдийн л гэхэд 70 хувь нь монгол хэл бичгийн шалгалтдаа хангалтгүй дүн үзүүлжээ.

Монгол хэлээ мэдэхгүй Монгол Улсын иргэд улам бүр олширсоор байгаагийн жишээнд Баян-Өлгийнхөн байнга дурдагдаж байдаг. Тус аймгийн нэгэн сумын Засаг даргын бичсэн тодорхойлолт хамгийн тод томруун жишээний нэг.

Түүний бичсэн албан тоотын өгүүлбэр бүрт 2-3 алдаа байхын дээр тэрхүү алдаанаас үүдээд үг өгүүлбэрийн утга гаргах гэсэн санаанаасаа ташуураад явчихсаныг доорх зургаас харж болно

Манай урлаг соёлынхон Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ “Монгол Улсын ерөнхийлөгч хэн бэ” хэмээн хүүхдүүдээс асуухад “Назарбаев” хэмээн хариулсан тохиолдол бий. Олон нийтийн сүлжээгээр олонтаа шэйрлэгдсэн энэхүү мэдээллийн мөрөөр мөшгиж үзвэл ерөнхийлөгчөө андуу ташаа бодож явдаг хүүхдийн буруу биш байх магадлалтай аж. Учир нь тус аймгийн сургуулиуд казак хэлний сурах бичгээ дотооддоо хэвлүүлдэггүй, Казакстан улсын сурах бичгийг ашигладаг гэсэн мэдээлэл байгаа юм.

Казакстан улсын сурах бичигт Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай бус, өөрийн улсынхаа ерөнхийлөгчийн тухай өгүүлэх нь дамжиггүй. Чухам эндээс л хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй өсч торниж байгаагийн шалтаг гогцоо гарч ирж байгаа юм.

Баян-Өлгий аймгийн хүн амын дунд казак үндэстнүүд давамгайлж байдаг ч халх, урианхай, чантуу, тува, баяд, дөрвөд гээд бүхий л ястнууд бас аж төрдөг. Ховд аймаг ч ялгаагүй олон үндэстэн ястны өлгий нутаг.

Тэглээ гээд Өлгийнхөн шиг 60-70 хувь нь монгол хэлээ мэдэхгүй байсангүй. Тиймээс алс хязгаар нутгийн боловсролын тогтолцоог эргэн нэг харах болсон санагдана.

Адаглаад л монгол хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, монгол хэлтэй монгол хүн бэлтгэхэд анхаараасай. Хэл гэдэг хилээс дутахгүй тусгаар тогтнолын баталгаа бус уу.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж