Бөхийн барилдааныг 4236 камераар шүүх популист яриа

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Бөхийн барилдааныг 4236 камераар шүүх популист яриа

Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэмд “Барилдаж буй бөхийн хэн нэг нь толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардсан бол унасанд тооцно” гэж заасан байгаа. Дүрмийн дагуу унасанд тооцогдохоор хэн нь эхэлж газардав гэдгээ барилдаж буй бөхчүүд, тэр тусмаа ойчсон нь мэдэхийн дээдээр мэдэж байдаг. Гэтэл “өөрийн сайнд бус өрсөлдөгчийн мууд найдна” гэдгийн үлгэрээр, ялагдаж ойчсон атлаа засуул, хөлийн цэцүүд өөрийг нь унасныг хараагүй байх болов уу гэсэн горьдлогоор тахимаа өгөхгүй маргаад зогсчихдог бөхчүүд цөөн боловч байна. Тэдгээр цөөн тооны бөхчүүд унасан атлаа унаагүй гэж булхайцан Монгол бөхийг барилдахаас бусдаар өөрсдөөс нь илүү мэддэг үзэгчдэдээ нэр хүндээ алдан гологдоно. Нэгэнт ийнхүү гологдож “жудаггүй бөх”-ийн албан бус жагсаалтад орсондоо бантахдаа шударга шүүсэн засуул, хөлийн цэцүүдийг буруутган хэл ам гаргана. Тухайн барилдаанд бантахдаа гаргасан зохисгүй ааш авир, үйл хөдлөлөө дараа нь үргэлжлүүлэхгүй, тэгсхийгээд зогсоох бөх ч байна. Зогсоохгүй удаа дараа давтах нэгэн ч байна.

Энд сайны жишээгээр улсын начин Б.Сугаржаргалыг нэрлэе. Жүдо бөхийн +100 кг жингийн бөх тэрээр 2012 оны улсын начин болсон хүчтэн. Өнгөрсөн 2014 оны наадмын 3-ын даваанд учраа бөхтэйгээ хаялцах барьц авах үедээ өөрөө алдаа гаргаж унасан бөгөөд үүндээ “шатаж” хөлийн цэц, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр харцагыг шанаадсан. Жүдо бөхийн тамирчин шүүгчдээ гар хүрсэн нь дэлхийд анхны үйлдэл байж мэднэ. Тухайн үед төв цэнгэлдэхэд нийтийн хэв журам зохицуулж байсан цагдаагийн хэлтсээс Б.Сугаржаргал начинг “олон нийтийн газар танхайрсан хэрэг”-ээр байцааж, хохирогч Д.Сэрээтэр гавьяатаас мэдүүлэг авах болов. Тэднийг цагдаад дуудагдан явах замд Б.Сугаржаргалын хамаатан гэх нэгэн залуу “Чамайг ална, чиний амь миний гарт байгаа шүү” гэж гавьяатыг сүрдүүлж хэл амаар доромжлоод улсын начны нэр хүндийг хажуугаас нь бүр унагаж орхиж билээ.

Түүнээс нэлээд хойно улсын начин Б.Сугаржаргал нэгэн найрын газар Ардын багш Д.Сэрээтэр харцагатай тааралдаад “Дүүгээ муухай зан гаргасан бол уучлаарай” хэмээн уучлал гуйжээ. Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсан, олимпийн наадам, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сэрээтэр харцага “Залуу хүн буруугаа ухаарч, ингэж уучлал гуйж сурах нь зүйтэй” гэж зөвлөсөн байдаг.

Монгол бөхийн өргөөнд болдог дөрвөн уулын барилдааны үеэр улсын начин Б.Сугаржаргал давааныхаа боорцогноос хөлийн цэцээр ажиллаж байгаа Д.Сэрээтэр харцагад өгч байгааг харахад үзэгч бидэнд гоё л харагдаж байна лээ. Харин Монголын Жүдо бөхийн холбоо (МЖБХ)-ны ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга нь дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдарт бөх Д.Сэрээтэр гавьяатад гар хүрсэн Б.Сугаржаргалын хувьд Монголын жүдогийн татамид гишгэх эрх байхгүй гэсэн утгатай өгүүлбэрээр жиргэсэн юм. Монголын Үндэсний бөхийн жаяг дэгийн багийн түүхэнд нэрээ үлдээсэн, нэртэй засуул Халтмай агсны том хүү гавьяат тамирчин Х.Баттулга нь твиттерт 135 мянган дагагчтай гэхээр, ийм олон хүнд ийм мэдээлэл хүрсэн гэсэн үг. Гэхдээ энэхүү жиргээг Монголын Жүдо бөхийн холбооны албан ёсны байр суурь биш, УИХ-ын гишүүн “женко” Х.Баттулга гэдэг хувь хүний үзэл бодол гэсэн өнцгөөс бөхөө хайрладаг, алдаагаа засч чаддаг залуу хүнд ууч сэтгэлээр ханддаг монгол зантай олон хүн харж, бодож байгаа билээ.

Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)‑г байгуулснаас хойш 25 жил болжээ. МҮБХ энэ хугацаанд урьд нь Монгол бөхөд байгаагүй 50 шинэ зүйл хийсэн байна. МҮБХ гэсэн Төрийн бус байгууллага байгуулсан нь гэхэд өөрөө шинэ зүйл л дээ. Цөөн тооны бөхчүүд энэ 50 шинэ зүйл дээр нэмж “барилдааныг камераар шүүдэг болго” гэж МҮБХ-г шаардаад байгаа. Тэдгээр “50+1”-ийг яриад байгаа бөхчүүдийг харахаар тэдний олонхи нь нөгөө уначихаад унаагүй гэж булхайцдаг нөхдүүд байх юм.

Нар дандаа хиртдэггүй, заримдаа сар хиртдэг гэдгийг бодолцоод тэднийг “жудаггүй бөх”-ийн албан бус жагсаалтад орсныг үл харгалзан саналыг нь тунгаан бодож үзлээ.

Монгол Улс 21 аймаг, 331 сумтай, нэг нийслэл хоттой. Үндэсний их баяр наадмын хуулиар жил бүрийн 7 дугаар сарын 11-13-нд Улсын баяр наадам нийслэлд болж 512 (эсвэл 1024) бөх, аймгийн наадам аймгийнхаа төвд болж 128 (эсвэл 256) бөх, сумын наадам сумдаа болж 64 бөх барилдах ёстой. Тэгэхээр барилдааныг камераар шүүе гэвэл бөх барилдах нийт 21+331+1 нийт 353 талбайд бичлэг хийх техник хэрэгсэл байрлуулах болж байна. Оптикийн онолоор, физикийн салбар шинжлэх ухааны анхан шатны аргачлалаар тооцоход нэг талбайд 12 ширхэг камер зайлшгүй байрлуулах ёстой. Талбайн гадуур 30 градусын зайтайгаар 12 камер зоож тойргийн 360 градусыг дүүргэсэн үед л талбайд болж байгаа үйл явдлыг 100 хувь бичиж авах боломж бүрдэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн магадлал.

Долдугаар сарын 11-нд орон даяар эхэлдэг наадмын 353 талбай дээр тус бүрт 12 буюу нийт 4236 камер зоох хэрэг гарна. Энд байрлуулах биш зоох гэсэн үйл үг хэрэглэсний учир нь, Сүмо бөхөд дэвжээгээ өргөж засаад камераа бөхчүүдийн гишгэж байгаа төвшинд байрлуулдаг бол манайд эсрэгээрээ камераа газар ухан доошлуулж дуран нь талбайн зүлэгтэй нэг төвшинд байхтай холбоотой юм. Камер суурилуулах 4236 нүх ухах ажил, камер ажиллуулах 4236 зураглаач, 4236 камер худалдан авах үнэ өртгийн тооцоо, хүндрэлийг бүгдийг орхиё. Хамгийн харамсалтай нь камер нь дэвжээн дээр ганцхан барилдаан шүүхэд, 100 хувь бичлэг хийхэд маш тохиромжтой. Харин наадамд барилдахаар зүүн баруун талаас гарсан 32 бөх, бөхөө засч байгаа 32 засуул, нийт 64 хүний 128 хөл (гутал) нөгөөх талбайн төвшинд байгаа камерын дуранд орж халхлаад барилдааныг 100 хувь цэвэр бичиж авах боломжийг шууд үгүйсгэдэг байх юм.

Зарим хүн 32 засуулыг талбайд гаргахгүй бол камерын дуранг халхлах хөлийн тоо 128-аас 64 болон хоёр дахин буурна гэж бодож болох билээ. Дахиад л харамсалтай гэж хэлэхээс өөр аргагүйд хүрч байна. 1955 онд засуулгүй бөх барилдуулсан байдаг Бөхийн барилдааныг 100 хувь үзэхэд засуул хаагаад байна гэсэн үндэслэлээр Монгол бөхөд шинэчлэл хийж засуулгүй барилдаан явуулж үзжээ. Барилдах гэж байгаа хоёр бөх зүүн баруунаас гарч ирээд өөрийн талын ширээн дээр малгайгаа авч тавьчихаад барилддаг байв. Гэтэл засуулгүй бөхчүүд барилдахаасаа илүү харилцан яриа хөөрөө өрнүүлээд болдоггүй гэнэ. Нөгөө хоёр бөхийг үгсэн тохирч хоорондоо яриад байна уу, эсвэл хэрэлдээд байгаа юм уу, ерөөсөө үнэн хүчийг үзэн барилдаж байгаа эсэхийг мэдэх аргагүй, хянан зохицуулах ямар ч боломжгүй гэдэг нь харагдсан байна. Эцэст нь ямар ч утгагүй шинэчлэл юм байна гэдгийг ойлгоод хуучнаар нь уламжлалын дагуу бөхчүүдийг засуултай барилдуулдаг болсон ажээ.

Эцэст нь хэлэхэд, камераар бөхийн барилдаан шүүх тухай яриа гаргах нь тэдгээр хүмүүсийг оптик бол хоёр хэмжээст гэсэн анхан шатны мэдлэггүй юм байна, эсвэл улстөрчдийн муу үлгэрлэлд автсанаас даган дуурайж популизм хийж байна гэсэн дүгнэлтэд хүргэж мэдэх нь ээ. Чихэнд чимэгтэй ямар ч хамаагүй амлалт өгдөг, ярьдаг, гэхдээ түүнийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй улстөрчийг популист гэдгийг Монголын улс төр бүрнээ ойлгуулсан цаг үе бидэнд тохиож байгаа билээ.

Популист бөхчүүдтэй болох аваас ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монгол наадам, Гиннест бүртгүүлсэн Монгол бөх өөрөө дэлхийд муухай харагдана.

Б.ДОРЖСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж