Дэлхийн яруу найргийн өдөр өчигдөр /2019.03.22/ тохиож, яруу найраг сонирхогч залуус нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. “Cosy club”-д болсон тус арга хэмжээнд яруу найрагч Б.Алтанхуяг, Ц.Дэлгэрмаа, Я.Баяраа, У.Бямбаням нар оролцож, хөг аялгуу нэмлээ. Тэд эх хэлнээс гадна англи, франц хэл дээр шүлгээ уншиж, мөн шүлэг бичих сонирхолтой залууст ур чадвараа хэрхэн дээшлүүлэх талаар зөвлөгөө өгсөн юм.
Найрагчдын тухай тодруулахад, Б.Алтанхуяг нь 2017 онд “Шувуудын гүн ухаан” нэртэй номоо олны хүртээл болгож байсан бол Я.Баяраа 2016 онд “Таслал” бүтээлээрээ “Алтан өд” шагналын эзэн болсон байдаг. Харин У.Бямбаням найрагчийн хувьд их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг судлан, бүтээл гаргахаар ажиллаж буй ажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор. Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан шүлэг найраг сонирхдог залуусын нэг дор цуглуулан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгосонд залуус талархаж буйгаа мөн илэрхийлж байлаа.
Б.ЕСҮХЭЙ
Холбоотой мэдээ