Сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн байна

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн байна

Сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн байна

Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл өгөх 1800-2000 утас өнөөдөр /2019.3.22/ нээлтээ хийлээ. Сэтгэцийн эрүүл мэндийн чигэлэлээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлчилгээ үзүүлэх тус утас Монголд анх удаа нээгдэж буйгаараа онцлог. Уг утсаар дамжуулан архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, сэтгэл түгшилт, гутрал, стресс зэрэг сэтгэл зүйн ямар нэг асуудлаас хэрхэн ангижрах талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм. Дуудлагад олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллаж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна. Хамгийн гол нь тус утас 24 цагаар ажиллах бөгөөд төлбөрийн хувьд энгийн утасны тарифаар үйлчлэх юм байна.

Өнөөгийн байдлаар дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгддэг байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тавыг (сэтгэл гутрал, архаг солиорох эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгүүд, ялимгүй зовлонт байдлын эмгэгүүд) сэтгэцийн эмгэг  эзэлж байна. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ нь 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ тооцоолжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг 27 хувь, хөгжиж буй орнуудад 15 хувь байдаг аж.

Харин Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж, сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 21 мянга гаруй хүн амьдарч байна. Мөн 2013 онд хийгдсэн Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны үр дүнг 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг  40 дахин нэмэгджээ. Үүний дотор 15-65 насны хүмүүсийн зургаан хувийг сэтгэл гутрал эзэлж байна.

ХЭРЭВ ТАНД БОЛОН ТАНЫ ОЙР ДОТНЫ ХҮНД:

  • Нойргүйдэл;
  • Сэтгэл түгшилт;
  • Айдас;
  • Сэтгэл гутрал;
  • Уур бухимдал;
  • Мэдрэл сульдал;
  • Дэлгэцийн донтолт;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал;
  • Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт;
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал;
  • Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал; Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал;
  • Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал

Та 24 цагийн турш мэдээллийн утас 1800-2000 утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж