
Өмнөд Солонгос “газар-газар” ангилалын Hyunmoo-3C далавчит пуужинг бүтээсэн байна. Шинэ зэвсэг Хойд Солонгосын нутаг дахь цэргийн болон цөмийн байгууламжид цохилт хийх чадвартай ажээ. Өмнөд Солонгос уг пуужинг үйлдвэрлэлийн дамжлагад оруулсан гэнэ. Hyunmoo-3C пуужинг одоо зэвсэглэлд байгаа 1000 км хүртэл тусгалтай Hyunmoo-3 пуужингийн үндсэн дээр хийгдсэн гэнэ. Сайжруулсан хувилбарын тусгал нь 1500 хүртэл км болжээ. Тэр нь уг пуужингаар Орос, Япон ба Хятадын нутаг хүрч болно гэсэн үг юм. Өмнөд Солонгосын пуужингийн тусгалыг ихэсгэсэн нь АНУ-тай байгуулсан гэрээний дагуу хийгджээ. Уг гэрээгээр АНУ нь Өмнөд Солонгост 28,5 мянган цэргээ байрлуулж мөн Хойд Солонгосын зүгээс довтолгоо ирвэл тус улсын цөмийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн энэ баримтаар 300 км-аас холын тусгалтай баллистик пуужинтай байхыг Өмнөд Солонгост хориглосон байгаа. Харин далавчит пуужингийн цэнэг нь 500 кг-аас давахгүй бол түүний тусгалд хориг байхгүй.
Хойд Солонгос зарим нэг мэдээгээр 600 орчим Р-11 "Скад" гэх баллистик пуужинтай бөгөөд тэр нь өмнөд хөрш ба Японы нутаг дахь байд хүрч чадна. Мөн 200 орчим Rodong-1 пуужинтай бөгөөд тэр Токио хүрэх тусгалтай.