“KFC хордлогоос сургамж аваад улам чанартай болсон гэж бодсон”

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

“KFC хордлогоос сургамж аваад улам чанартай болсон гэж бодсон”

“KFC хордлогоос сургамж аваад улам чанартай болсон гэж бодсон”

KFC-гийн бүтээгдэхүүнээс хордсон гэх иргэн М бидэнтэй холбогдсон юм. Тэрбээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Гэдэсний халдварын III тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биднийг тасагт оруулаагүй тул тэрбээр тасгийн үүдэнд мэдээлэл өгсөн юм.  


-Та хордсон тохиолдлоо яагаад KFC-гийн бүтээгдэхүүнээс болсон гэж үзэж байна вэ?

-Энэ сарын 20-нд KFC-гийн 13 дугаар хороолол дахь Наминжон салбараар 19.22 цагт үйлчлүүлсэн юм. Ингэхдээ таван ширхэг нь 10 мянган төгрөг гэдэг багц, карритай бургер, хоёр шарсан төмс, нэг миранда ундаа авсан. Ингээд 23.00 цагаас эхлэн гүйлгэж, халуурч эхэлсэн. Ингээд гуравдугаар сарын 21-ний 15.00 цагийн үед тэсвэрлэхийн аргагүй болж ХӨСҮТ-ийг зорьсон. Бөөлжсөөр Яаралтай тусламжид ирэх үед зөвлөгөө өгөөд гадуур эмчилье гэж хэлсэн. Гэтэл эмч нь хордлого нь хүндэрсэн байна хэвтүүлэхгүй бол болохгүй гээд ХӨСҮТ-ийн гэдэсний тасагт хэвтсэн.

-Сарын өмнө KFC-гийн бүтээгдэхүүнээс олон хүн хордсон. Гэтэл яагаад үйлчлүүлсэн юм бэ. Хордсон талаараа KFC-д хэлсэн үү. Ямар хариу өгсөн бэ?

-Өмнө нь энэ салбараар үйлчлүүлэхэд ямар ч асуудал үүсч байгаагүй. Сарын өмнө Зайсангийн салбарт хордлого гарсан. Түүнээс сургамж аваад үйл ажиллагаа нь улам сайжирсан байх гэж бодоод үйлчлүүлсэн юм. Хордсоныхоо маргааш нь буюу гуравдугаар сарын 21-нд үйлчлүүлсэн салбар дээрээ очиж, хордсон талаараа хэлсэн. Ямар хариуцлага хүлээхийг нь асуусан. Гэтэл тэр салбарын менежер нь  “Хүнсний технологичдоо энэ талаар хэлье. Манай бүтээгдэхүүнийг хэдэн цагийн дотор идсэн бэ гэж асуусан”. Хариуд  нь “Ихэнхийг нь  салбар дээр идээд, тахианы гурван мөч үлдэхээр нь авч яваад, гэртээ 20.00 цагт идсэн” гэж хариулсан.  Гэтэл менежер нь “Манай бүтээгдэхүүнийг  нэг цаг 30 минутын дотор идэх ёстой байдаг юм. Та энэ хугацаанд амжиж бүтээгдэхүүнийг идээгүй байна. Гадуур идсэн зүйлийн хордлого манайд хамаагүй” гэсэн. Үүнд би маш гомдолтой байна. Гомдлоо шат дараатайгаар мэдүүлэх болно. Маш их ажилтай байсан ч ингээд эмнэлэгт хэвтчихлээ.

KFC-д хордсон гэх шалтгаанаар эмчлүүлж байгаа өөр хүн байна уу?

– KFC-гийн 25 дугаар эмийн сангийн салбараар үйлчлүүлээд хордсон гэх аав, хүү хоёртой 4… тоот өрөөнд хамт хэвтэж байгаа. Аав нь гайгүй байгаа ч хүү нь нэлээд хордлоготой байгаа гэсэн. Тэд дөрөв хоног эмчлүүлж байгаа гэсэн. Хамгийн багадаа 5-7 хоног эмчилгээ хийдэг гэсэн. Бид өдрийн 10 мянган төгрөгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа. Энд хамгийн багадаа 5-7 хоног эмчилгээ хийдэг гэсэн. Бидэнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Мөн KFC-д хордсон хүмүүсийн талаарх мэдээллийг ХӨСҮТ нуугаад байна. Харин надад тэднийхээр үйлчлүүлсэн баримт байна.

“ХАРИУЦЛАГАТАЙ БОЛСОН ГЭЭД  KFC ОРСОН”

 

Иргэн М-тэй нэг өрөөнд хэвтэж байгаа аав, хүү хоёрын тухайд энэ сарын 18-ны 19.00 цагт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын зүүн талд байрладаг KFC-ийн салбараар үйлчлүүлсэн ажээ. Тэд тахианы махтай карри, тахианы далавч,  шарсан төмс, зайрмаг, ундаа захиалсан байна. Хүүгийн аав У “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн миний буруу. Миний өөрийн биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. KFC-д хооллоод гэртээ харьсны дараа хүү маань зогсолтгүй бөөлжсөн. Түргэн дуудсан ч ирээгүй. Тэгээд ХӨСҮТ-дээр ирж үзүүлсэн. Ирэхэд шууд шинжилгээ аваад, хордлого тайлах эмчилгээ хийсэн" гэсэн юм.

“ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ДАВАА ГАРИГТ ГАРНА”

KFC-гийн бүтээгдэхүүнээс хордсон хэчнээн хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгааг тус төвийн Халдварт өвчин, тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан ч дараах зүйлийг тодруулж амжлаа. 

KFC-гийн бүтээгдэхүүнээс хэчнээн хүн хордож, эмчлүүлж байна вэ?

-KFC-гийн бүтээгдэхүүнээс хордсон хүн манайд байхгүй.

-Танай төвийн 4.. тоотод аав, хүү хоёр, болон нэгэн эмэгтэй KFC-гийн бүтээгдэхүүнд хордоод эмчлүүлж байгаа шүү дээ?

-Яг KFC-гийн бүтээгдэхүүнээс хордсон нь тодорхойгүй байгаа. Шинжилгээгээр үүнийг тодорхойлно.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Мэдэхгүй. Ирэх даваа гаригт гарч магадгүй.

Эргэн сануулахад, “KFC” түргэн хоолны газрын Засан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-нд үйлчлүүлсэн хүмүүс хордлогод орсон юм. Тэдний буюу 287 хүний хохирол болгон Таван богд группээс 49 сая 400 мянган төгрөг олгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж