"Томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай"

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

"Томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай"

"Томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай"

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны  гишүүдийн 93.3 хувиар  түүнийг  ЗХЖШ-ын даргад дэмжлээ. Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж,  асуулт тодруулсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-Монголын Зэвсэгт хүчин бол арми фронтын хэмжээний байлдааны сургуулилт явуулдаг. Олон мянган техник, цэргийн албан хаагчидтай  орчин үеийн ерөнхий цэргийн зориулалтын арми болж өргөжсөн. ЗХЖШ-ын  даргад нэр дэвшиж буй  А.Ганбатын хувьд бүх шатны ангийг дамжсан цэргийн дээд сургуулиудыг Монголоос алтан медальтай төгссөн цөөхөн хүний нэг. Хамгийн гол нь  Монголын Зэвсэгт хүчний шилдэг дарга нарын гараар бэлтгэгдсэн, Цэргийн шинжлэх ухааны доктор ийм хүн. Таныг ЗХЖШ-ын дарга болно гэдэгт итгэлтэй байна. Гурван асуулт байна. Олон улсад Монгол Улсын зэвсэгт хүчний үүрэг өндөр. Цааш нь энэ үйл ажиллагаагаа улам өргөтгөх энхийн ажиллагаанд оролцох хүч нөөцөө нэмэгдүүлэх зорилттой ажилладаг. Мөн дотоодын байлдааны ангиудын зэвсэг техник боловсон хүчнийг дээшлүүлэх, эх орноо хамгаалах үндсэн үүргийг чанаржуулах ажил тодорхой хэмжээгээр хоцрогдсон. Үүнтэй холбоотойгоор цэргүүдийн сахилга бат зарим газар суларсан. Нийгмийг доргиосон үйл явдал боллоо. Тиймээс яаралтай цэргийн сахилга батыг сайжруулах шаардлага үүссэн. Орчин үед кибер хүч гэдэг шинэ ойлголт бий боллоо. Монголын Зэвсэгт хүчин энэ хүчийг бий болгох зайлшгүй шаардлага байна.  Мөн барилгын инженерийн ангиудыг эх орны бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцуулах саналыг Ерөнхийлөгч ярьж байгаа. Үүнийг би ч дэмжиж байна. Гэхдээ нэг анхаарах зүйл нь байлдааны ангиуд үүнд оролцдоггүй.

 

ЗХЖШ-ЫН ДАРГАД  НЭР ДЭВШИГЧ А.ГАНБАТ:

-Миний өмнөх ажиллаж байсан зэвсэгт хүчний удирдлага, дарга нарын явуулж байсан энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чиглэлд гаргасан амжилт бүтээлийг нь улам төгөлдөржүүлж шинэ шатанд гаргах чиглэлд идэвхийлэн ажиллана. Инженерийн анги салбарын орон тоо, бүтцийг шинээр харж, үүнд цэргийн албан хаагчдыг оролцуулах асуудалд ажиллах зайлшгүй шаардлага бий. Таны хэлсэнчлэн кибер аюулгүй байдал, довтолгооны чиглэлд өөрийн зүгээс бодсон , төлөвлөсөн зүйл бий. Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг цэрэг-нэг бүтээн байгуулалт” гэсэн төслийг санаачилсныг би дэмжиж байгаа. Уг төсөлд манай салбар хэрхэн яаж оролцох уу гэдгээ хуулийн хүрээнд болон Зэвсэгт хүчний өөрийн боломжийн хэмжээгээр оролцох боломжтой.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

 

 

-Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаануудад маш амжилттай оролцож, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн. Үүний зэрэгцээ дотооддоо зэвсэгт хүчний анги нэгтгэлийн удирдлагууд хариуцлага алдаж энх цагт цэрэг эрсийн амь нас эрсдэх явдал сүүлийн үед ихэд гарах боллоо. Өмнөх Батлан хамгаалахын сайд үүнтэй холбоотойгоор хариуцлага үүрье гэдэг асуудал ч яригдаж байсан. Чиг үүрэг, удирдлагын хүрээнд бол ЗХЖШ-ын даргад цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд шууд харьяалагддаг. Томилгоо, сэлгээ хийх эрх нь ч ЗХЖШ-ын даргад хамааралтай. Батлан хамгаалахын сайд бол улс төрийн албан тушаалтан гэдгийг манайхан төдийлөн сайн ойлгодоггүй. Та ЗХЖШ-ын дарга болсноор цэргийн анги нэгтгэлүүдэд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх,  энх цагт цэрэг эрс эрүүл мэнд, амь насаараа хохирдоггүй байх сахилгажуулах тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

 

ЗХЖШ-ЫН ДАРГАД  НЭР ДЭВШИГЧ А.ГАНБАТ:

-Бидэнд ололт, амжилтын аль аль нь байна. Цаашид анхаарах зүйлс ч зайлшгүй байна. Сүүлийн үед Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зөрчлүүд гарсанд эмгэнэж байна. Энэ хэрээр бидэнд том сургамж боллоо. Хэрэв би ЗХЖШ-ын даргаар томилогдвол энэ талаар судалгаа хийж юунд анхаарах уу, юуг сайжруулах уу гэдгээ эхлээд тодорхойлно. Зэвсэгт хүчин бол нийгмийн салбар хэсэг. Янз бүрийн ааш авир, хүмүүжилтэй хүмүүс ирж алба хаадаг учраас бид тэднийг төлөвшүүлэх, эх орон ч үзлийг суулгах чиглэлд анхаарч ажиллана.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ:

-ЗХЖШ-ын даргад  нэр дэвшигч А.Ганбатыг мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн цөөхөн боловсон хүчнүүдийн нэг гэж харж байна. Би таньж, мэдэхгүй ч танилцуулгаас нь харсан. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэж ойлгосон. Туршлагатай хүний хувьд төлөвлөсөн ажил, бодлогоо хэрэгжүүлэх байх. Өнөөгийн шинэ цаг үед олон зүйлийг санаачлан хийх шаардлага байна гэж  би хувьдаа боддог. Х.Нямбаатар гишүүний ярьсантай санал нийлж байна. Алтан сайхан үрийг нь авч хүмүүжүүлнэ гэж  цэрийн албанд авчхаад зоддог, дарамталдаг энэ байдалд цэг тавихад анхаараасай гэж хүсч байна.

 

 

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Ийм, тийм зүйл хийгээрэй гэж захихаас илүү төрийн сүлдэндээ үнэнч, ёс зүйтэй байгаарай, байгууллагынхаа нэр хүндийг бодож ажиллаарай, хувь, хувьсгалаа ялгаарай, томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай гэж захья. Хууль хяналтын байгууллагуудыг  Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёс гэж ард түмэн хардаг. Шударга ёсны хэм хэмжүүр гэж хардаг. Төрийн сүлдэндээ сүү өргөдөг ард түмэн үнэндээ та бүхнээр төрийг төсөөлдөг. Зөвхөн улстөрчдөөр биш. Энэ бүхнийг бодож ажиллаарай, та.

 

 

 

 

НЭР ДЭВШИГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТЫН НАМТАР:

  • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,
  • 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,
  • 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,
  • 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,
  • 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд албанд ажиллаж байна. Тодруулбал, Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогчоор ажиллаж байв. Мөн ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын Сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж