П.Очирбат: Бөх, морины бай дааж нүд хуурдагаа боль | News.MN

П.Очирбат: Бөх, морины бай дааж нүд хуурдагаа боль

П.Очирбат: Бөх, морины бай дааж нүд хуурдагаа боль

П.Очирбат: Бөх, морины бай дааж нүд хуурдагаа боль

“Алт-2” хөтөлбөрийг дэмжиж, Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9 тэрбум, 2018 онд 28 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 2019 онд 16 тэрбум төгрөгийн зээл олгох аж. Зээлийн жилийн хүү 12 хувь ба энэ жилээс хоёр болон түүнээс дээш жилээр зээл олгоно. Өнгөрсөн жилүүдэд нэг жилийн хугацаатай зээлийг алтны компаниудад олгож байжээ. Энэ тухай мэдээллийг “Mongolia Gold-2019” чуулганд оролцож байгаа Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан хэллээ.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан өнөөдөр  /2019.03.22/  Mongolia Gold-2019” чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарцын талаар зөвлөлдөж байна.

ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛ ХҮСЭГЧДЭЭС ТЭЗҮ ШААРДАНА

Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр  “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавив. Хөгжлийн банк алтны компаниудыг зээл хүсэхэд тухайн төсөлтэй нь холбогдуулан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шаарддаг байна.  Гэтэл зээл хүссэн алтны компаниуд нь уулын ажлын төлөвлөгөө ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй төслүүдэд санхүүжилт хүсдэг зөрчил нийтлэг гарчээ. Хоёрдугаарт, зээл хүсэгч аж ахуйн нэгж нь зээлээ юунд зарцуулах нь тодорхойгүй, эсвэл өмнө авсан банкны зээлээ төлөх зорилгоор зээл хүсэх зэрэг зөрчлүүд гаргажээ.  Иймээс эдгээр зөрчлийг гаргахгүй байхыг зөвлөлөө.

Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 гаруй алтны компанид зээл олгоход нэг нь л цаг хугацаандаа буцаан төлжээ. Үүнд зээлийн эргэн төлөлтийн хугацаа богино байсан нь нөлөөлсөн байх талтайг онцлов.  Учир нь Сангийн яамны санхүүжилтээр зээл олгоход эргэн төлөх хугацаа нь богино байжээ. Иймээс энэ жилээс зээл олголтын хугацааг уртасгаж буй аж. Мөн зээлийг бизнесийн мөчлөгтэй нь уялдуулж олгож чадаагүй, валютын ханшийн зөрүү зэрэг нь зээлийн эргэн төлөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гуравт, барьцаа хөрөнгө дээр хоёр талаасаа анхаарах.  Хуульд зээл олгоход барьцаа хөрөнгөөр хангагдсан байх ёстой гэж заажээ. Гэтэл зээл олгоход уян хатан нөхцөл шаардах хэрэгтэй болдог. Иймээс лиценз, үл хөдлөх хөрөнгө, техник, ирээдүйн орлогыг барьцаалах зэрэг арга хэмжээ авч, зээл олгох тохиолдол гардаг байна. Энэ нь эргээд зээлээ төлөхгүй байх хүндрэл үүсгэдэг. Үүнээс болж, хэд,хэдэн компанийг шүүхэд өгчээ. Хөгжлийн банкнаас алтны компаниудад хандаж зээлийн олон эх үүсвэр ашиглахыг зөвлөдөг байна. Үүний нэг нь уул уурхайн машин механизм худалддаг компаниудтай лизингийн хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой гэж зөвлөлөө.

П.ОЧИРБАТ:  БӨХ, МОРИНЫ БАЙ ДААЖ, НҮД ХУУРДАГАА БОЛЬ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат уг чуулганд оролцох үеэрээ дараах санал дэвшүүллээ. Тэрбээр “Алтны компаниуд татвар төлдөг ч тухайн татвар нь орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулагдахгүй байна. Нийгмийн хариуцлага хүрээнд наадам болоход бөх, мориных нь бай, шагналыг даах зэрэг дэм үзүүлж, нүд хуурдаг. Үүнийгээ боль. Нутаг орныг хөгжүүлэхэд биетэй туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт үлдээх ёстой гэж хуульд заасан ч түүнийгээ өгдөггүй. Давсан орлогыг нь Сангийн яам суутгаад авдаг. Хуульд орон нутагт нь олго гэж заасан хэрнээ түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Энэ бол Засгийн газрын хийх ажил. Иймээс компани нутгийн захиргаа, иргэдтэй хэлэлцэн тохиролцож, суманд юу хэрэгтэй байгаа юм, ямар хугацаанд яаж тусалбал сум орон нутагт үлдэцтэй зүйл хийж чадах вэ гэдгээ бичиг цаас үйлдээд хийдэг болох ёстой. Банкныханд анхаарах зүйл байгаа нь алтны компаниуд зээл хүсэхээр барьцаа хөрөнгө шаарддаг. Гэтэл тавих барьцаа хөрөнгө байдаггүй.

1992 онд “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж байхад юу ч байгаагүй.  Тиймээс  тухайн орд газрын ТЭЗҮ-ийг үзээд ямар хэмжээний алт олборлох нь вэ тэрнийх нь тодорхой хэсгээр барьцаалж, зээл олгоод банк ч орлоготой, алтны компани ч ажилтай байсан сайн туршлага бий. Үр дүнгээ өгсөн туршлагыг үнэ цэнэтэй туршлага гэдэг. Барьцаа хөрөнгө гэж нэхдэгээ уян хатан болгоод өгвөл алт олборлолт явах шинжтэй байна. Барьцаа хөрөнгийг зөөлрүүл.

“ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАР ТӨЛДӨГ”

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч “УИХ-аас 2014 онд Ашигт малталын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, татварын хувь хэмжээг бууруулснаар төв банкинд тушаагдах алтны хэмжээ өсөж, 2018 онд 22 тоннд хүрсэн. Энэ нь өмнөх онуудынхаас долоо дахин өссөн үзүүлэлт юм. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа бол 10 хувь нь Монголбанкинд тушаасан алт эзэлж байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг  компаниуд зургаан төрлийн татвар төлж байна. Тодруулбал, борлуулалтын орлогын татвар, НӨАТ,  ХХОАТ,  Үл хөдлөх хөрөнгийн татвар, Авто тээврийн тухай хуулийн дагуу уул уурхайн механизмд татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,  Тусгай зөвшөөрлийн төлбөр, ус ашигласны төлбөр. Орон нутгийн зам ашигласны төлбөр, НДШ  төлдөг. Дээр нь бүх төрлийн хандив өргөдөг. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлхэд одоогийн байдлаар 31 төрлийн баримт бичиг бүрдүүлдэг. Энэ нь салбарын эрх зүйн орчин,  тусгай зөвшөөрөл олголтыг боловсронгуй болгох шаардлага байгааг харуулж байна.  Алтны компаниуд байгаль орчныг хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах асуудлыг нэн тэргүүнд тавьдаг болсон” гэлээ.

Онцолход,  Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 2018 онд 21,9  тоннд хүрсэн нь валютын нөөцийг 900 сая ам.доллараар нэмэгдүүлэх эх үүсвэр болж, чаджээ. Одоо тус салбарт ажиллагсад УИХ-аар хэлэлцэж байгаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай баталж өгөхийг хүсч байгаа юм. Засгийн газраас мэдүүлсэн уг төсөлд татварын хэмжээг 2.5 хувь байхаар зааж өгсөн. Гэвч хэлэлцүүлгийн шатанд энэ хувь хэмжээг өсгөх боломжтой гэдгийг хууль санаачлагчид онцлоод байгаа юм.

УИХ-аас 2014 онд баталсан хуулийн үйлчлэх хугацаа дуусаж буй учраас алтанд ногдуулах татварын хэмжээ өсөх болоод байгаа юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-22 122.201.22.105

Хөдөөний нэг нөхөр алмас шиг царайтай нэг нөхөр алт хөдөлбөр гаргаад аймаг сумыг минь араг яс шиг болголоо гэж байсан шүү

Avatar

мгл 2019-03-22 103.26.193.84

энэ мудакууд орхон голыг арав гаран жил шавраар урсгаж хамаг амьд биетуудииг нь устгаж хун малын ундны усыг хордуулж,аялал жуулчлалын нэг гол бус нутгииг экологын суйрэлд оруулж байгаагаа огт дурдахгуй байдаг нь ямар учиртай юм бэ.Тор засгиин хариуцсан тушмэд хэлбэрдэлгуй тууштай арга хэмжээ аваачээ,хэдхэн ухамсаргуй тэнэг хумуусиин баяжихад иим эрсдэл гаргана гэдэг хорлон суйтгэлтэй адилшдээ.Яавал ухаарах юм бол

Avatar

Зочин 2019-03-22 150.129.140.203

Цэнхэрийн гол, Орхон голыг сүйтгэсэн монголын алтны компаниудаа яаж ч чадаггүй атлаа нөхөн сэргээлтээ дэлхийн жишгээр хийдэг гадаадын компанийг нүд үзүүрлэн гадуурхсаар амжилттай хөөж гаргаад эдүгээ "модоо" бариад байна биш үү, бид?!?!?

Avatar

Зочин 2019-03-22 202.179.26.188

зээл өгнөө . татвар төлөхгүй ээ. Дэмжээд дэмжээд 90 хувь нь хил даваад явчихнаа… Энд ямар зүй тогтол байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж