Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019 оны гуравдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж бэртсэн бөгөөд орон нутагт зургаан хүний амь нас хохирсон байна.
БҮРТГЭГДСЭН ОСОЛ ХЭРГЭЭС ДУРДВАЛ:
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Монгол наадам” цогцолбор орох замд Тоёота Марк II автомашин онхолдож зорчигч 20 настай О, 13 настай Д нарын хоёр хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ба жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.
- Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 21 настай Т-н амь нас хохирсон.
- Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж бага оврын автобусны жолооч хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллажээ.
Э.АРИУН