Posted by News.mn on Thursday, March 21, 2019
Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй болохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.
Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн. Тус нийгэмлэг нь 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураачдын уран зургийг цуглуулдаг, хадгалдаг, гаднынханд сурталчилдаг, гаднын зураачдыг Монголд авчирч эх оронтойгоо танилцуулдаг ийм нийгэмлэг. Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны Ардын эрхийн байран дахь уран зургийн архивд үзлэг хийх гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбороос алга болсон уран зургууд танай архивд байж магадгүй нэгжлэг хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Намайг архив руу очсоноос хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн. Манай Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд цагдаа нар ирээд Их тэнгэр цогцолбор болон Маршал харшаас алга болсон гэх 20 гаруй зургийн жагсаалтыг надад үзүүлсэн. Тухайн жагсаалтад зөвхөн зураачдын нэрс, уран зургийн хэмжээг заасан мэдээлэл л байсан. Алга болсон зургийн фотог үзүүлээгүй. Ингээд манай архивд үзлэг хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн албан өрөөнд бус Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд нэгжлэг хийсэн. Үзлэгээр 10 зургийг тухайн алга болсон уран зурагтай ойролцоо байна гээд мэргэжлийн хүмүүс болон шинжилгээний байгууллагад шинжлүүлнэ гээд авч явсан. Ийм л үйл явдал болсон”гэлээ.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Та хэзээнээс уран зураг сонирхож эхэлсэн бэ?
-Би анхныхаа цалингаар Юндэн, Нансалмаа хоёрыг хар даалимбан дээр зурсан зургийг худалдаж авч байсан. Тухайн үед энэ зураг таван төгрөгийн үнэтэй байсан. Манай гэрт зургууд өлгөөтэй байдаг байлаа. Ер нь бол анхны цалингаасаа хойш зураг цуглуулж эхэлсэн гэж хэлж болно.
-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой яаж танилцаж байв?
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой би хувь заяаны тохиолоор таарсан. 1988 онд би цэргээс халагдаж ирэхэд тухайн жил миний ганц эгчтэй гэр бүл болсон хүн нь Ц.Элбэгдорж гуай байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай бид хоёрын уран зураг цуглуулах сонирхол нь нэг.
-Танд уран зургийн галерей бий юу?
-Би 1990 оноос хойш бизнес хийлээ. Барилгын салбарт ороод 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад оруулсан. Миний дөрөв дахь төсөл болох одоо та нарт ярилцлага өгч байгаа энэ байранд уран зургийн үзэсгэлэнгийн зориулалттай спорт заал барьж байгаа. Үүнийг галерей гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол галерей биш, спортын болон бусад үйл ажиллагаа явуулах зориулалттай заалнууд. Олон нийтийн спортын үйл ажиллагаа явуулах эсвэл зураачид үзэсгэлэнгээ гаргаж болох зориулалттай ийм л танхим. Галерей надад байхгүй.
Таныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр байсан гэдэг, үнэн үү?
-Би 1997 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь байсан. Энэ хүний оймсыг нь ч угааж, гутлыг нь ч тосолж явлаа. Би энэ хүнтэй ойр ажиллаж явснаараа бахархдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамтран ажилласнаар миний уран зураг цуглуулах хүсэл сонирхол маань улам нэмэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга зураач шүү дээ. Ангийнхантай нь ч хүртэл дотно найзууд явлаа. Би хувь заяаны тохиолоор хоёр Ерөнхийлөгчтэй ойр байдаг. Энэ хоёр хүнээс би асар их зүйлийг суралцсан.
-Таныг маш олон үл хөдлөх хөрөнгөтэй гэж сонссон. Газраа хэрхэн авч байсан бэ?
-Газар олж авахад маш хэцүү. Дуудлага худалдаагаар авсан газар ч бий. Мөн тухайн газрыг авсан хүмүүстэй нь нийлж барилга ч барьж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүнд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Дээр хэлсэнчлэн би 1990 оноос хувиараа бизнес хийж эхэлсэн. Миний төрсөн ганц эгч маань Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой гэр бүл болсон. Тэд гэр бүл болоод 30 гаруй жил болж байна. Мэдээж миний эгчтэй гэр бүл болсны хувьд ойр байдаг. Сайн, муу яваа аль алийг нь энэ хүнтэй холбодог. Үл хөдлөх хөрөнгийн тухайд 1000 гаруй айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Энэ хугацаанд дөрвөн удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон гэр бүлд 21 дүгээр хороололд өөрийн барьсан орон сууцнаасаа өгч байсан. Мөн манай ах, эгч хоёр хүүхэд асран хүмүүжүүлэх “Болор” санг ажиллуулж байсан. Гавьяат багш Дүгэржав гуайн “Хүүхэд асран хүмүүжүүлэх” төвийн хүүхдүүд 18 нас хүрээд дотуур байрнаасаа гардаг. Би тэр төвийн ойролцоо 260 айлын байр барьж дөрвөн байрыг нь тухайн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг дамжин өнгөрүүлэх байр болгож, тохицуулж өгсөн. Мөн би такси компанитай. Такси компанийн маань байрууд бий. Ингээд аваад үзэхээр олон үл хөдлөх хөрөнгөтэй мэт харагддаг байх. Би одоо 260 гаруй ажилчинтай.
Холбоотой мэдээ