Дуулиант хэргүүдийн талаар прокурорын өгсөн тайлбар

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийн талаар прокурорын өгсөн тайлбар

Дуулиант хэргүүдийн талаар прокурорын өгсөн тайлбар

Сүүлийн үед олны анхаарал татаад байгаа олон хэрэг бий. Үүний талаар прокурорын газраас албан ёсны тайлбар өгөхгүй багагүй хугацаа өнгөрсөн бол өчигдөр Нийслэлийн прокурорын газраас зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. Эдгээрийг багцлан хүргэж байна.


ХХБ-НЫ УДИРДЛАГУУДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХГҮЙ

Эрүүгийн цагдаагийн газраас сүр дуулиантайгаар Худалдаа хөгжлийн банкны зарим удирдлагыг саатуулж, хэдэн цагаар байцаалт явуулсны дараа хорих шийдвэр гаргасан. Гэвч хорих шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэж, шүүхийн шийдвэрээр дээрх хүмүүсийг сулласан. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас 400 сая ам.доллараар худалдан авсан асуудалд эх үүсвэр нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн алба,  АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэмт хэргүүдэд яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарын хувьд банкны чадварыг алдагдуулсан зүйл ангиар тус тус яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт ирүүлжээ. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байгаа аж.  Учир нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахаар санхүүжүүлсэн 400 сая ам.долларын эх үүсвэрийг хэрвээ төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудал яригдах гэнэ. Нийслэлийн прокурорын газраас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх дөрвөн нэр бүхий хүнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн хэрэгт шалгаж байгаа учраас одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд буцаасан байна. Өөрөөр хэлбэл, ХХБ-ны удирдлагуудыг шалгах явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэхгүй байна гэж үзжээ.

ЖДҮ-ЧДИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ОРУУЛЖ ИРЭХ ҮҮ?

 

ЖДҮХС-аас УИХ-ын нэр бүхий 23 гишүүн зээл авсан асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж буй. Үүний эхлэл болгож УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч эрх баригчид олонхын саналаар авч үлдсэн. Гэвч сүүлийн үед АТГ-аас дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай байгаа талаарх мэдээлэл улс төрийн болон хуулийнхны хүрээнд яригдаад байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр,  Х.Нямбаатар, Н.Оюундарь, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газарт нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх эсэх санал ирүүлсэн талаар тодруулахад “Нэр бүхий таван гишүүнийг хэрэгт татсан. Мөрдөн байцаах албанаас нэмж хүний нэр өгөөгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаврын чуулганаар оруулж ирж магадгүй гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.

 

ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ДОЛООН ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.  Тэд гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Э.Халиунбаяр, С.Төмөрбат, Н.Хангал нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан ийн эрүүгийн хэрэг нээжээ. Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх хуультай юм байна.

Харин нийслэлийн прокурорын газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байгаа аж. Албан ёсоор яллагдагчаар татаад хэрэг үүсгэсэн зүйл байхгүй байгаа гэдгийг хэлсэн юм. Харин хоёр нэр бүхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал байгаа. Уг асуудал хөрөнгөжсөн асуудалтай холбоогүй бөгөөд өөр зүйл ангиар шалгасан байна. Нийслэлийн прокурорын газраас дээрх саналыг илгээсэн нөхцөлд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд  одоогоор прокурорын ийм шийдвэрийг хүргүүлээгүй байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж