НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ: ЗҮЧИЙН УЛС БУЮУ АЛТАН ОРДОН

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ: ЗҮЧИЙН УЛС БУЮУ АЛТАН ОРДОН

НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ: ЗҮЧИЙН УЛС БУЮУ АЛТАН ОРДОН

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсэг байсан Зүчийн улс буюу Алтан ордон улсын түүх монголчууддаа биш өөр хэн нэгнээр хаяглагдах болжээ. Зүчийн улсын газар нутаг Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв.

Энэ түүхээ монголчууд тун бага судалжээ. Зүчийн улс уу, Алтан ордон улс уу гэдэг нэршил дээрээ ч санал нэгдээгүй байдаг юм байна. Мөн он тооллын хувьд ч маргаантай. Өнөөгийн ОХУ-ын Татарстан, Казахстан улсууд өөрсдийгөө Алтан ордон улсын залгамжлагчид хэмээн зарлаж, түүхийг нь далайцтайгаар судалж, судалгааны болоод урлагийн бүтээлүүд туурвиж байна.

Тухайлбал, Татарстаны ШУА-ийн дэргэд Алтан ордон улс судлалын томоохон төв ажиллаж, хоёр жил тутам олон улсын форум зохион байгуулж хэвшжээ. Энэ жил долоо дахь удаагийн форумаа зохион байгуулахаар урилга заллагаа илгээжээ. Харин энэ форумд Монголын эрдэмтэд, судлаачид оролцдоггүй, сураг сонссон төдий байх аж.

Тиймээс Зүчийн улс буюу Алтан ордон улсын Монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар олон талын эх сурвалжийн байр суурийг хүргэхийг зорилоо.

ЭХ СУРВАЛЖ 1

Алтан ордон улсын нийслэл Сарай тухайн цаг үеийн хөгжингүй хотуудын нэг байжээ
алтан ор

Чингис хаан 1218 онд Хорезм улсыг дайлахаар мордоод 1224 онд эрхшээлдээ оруулж авсны дараа эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ хувь өмч хуваан өгсөн тухай Монголын түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ууган хүү Зүчид өгсөн хувь эзэмшилд Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан томоохон улсын нэг болох Чингис хааны ууган хүү Зүчийн байгуулсан улсыг Монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв. 

Харин оросууд “Государство Монголо-татар”, “Татары” гэж нэрлэдэг байсан ба Монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан оросууд хоорондоо товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ. Сүүлд 1566 онд хэвлэгдсэн “Казанийн түүх” хэмээх бүтээлд нэр нь үл мэдэгдэх зохиолч “Алтан ордон” гэдэг нэр томьёог хэрэглэсэн байх бөгөөд түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болж, XX зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ.

Евразийн өргөн уудам тал нутагт төвхнөсөн “Зүчийн улс”-ын байгуулагдсан цаг хугацааг Оросын болоод бусад улсын ихэнх судлаачид 1242-1243 оноор авч үздэг. Гэвч зарим судлаачид Зүчи өөрийн улсыг бий болгох үндсийг 1224 оноос тавьсан эсвэл Бат ханы төр барьсан 1227 оноос, Бэрх ханыг төр барьсан цагаас эхлэн үзэх ёстой гэх мэтээр өнөөдрийг хүртэл санал зөрөлддөг билээ.

Зүчийн улс буюу Алтан ордон улсын нийслэл бол Сарай хот. Сарай хот бол тухайн цаг үеийн хөгжингүй хотуудын нэг байсан гэдэг. 

Сарай хот нь Булгар, Крым, Хорезм гэсэн гурван том худалдааны бүс нутгийн огтолцол замд байрлаж байсан бөгөөд Евразийн худалдааны гол дамжин өнгөрөх цэг болж байв. Сарай хотод дэлхийн өнцөг булан бүрээс худалдаачид ирж, Алтан ордон улсын бусад хотууд болон Орос, Европ дамжуулан арилжаа наймаа хийдэг байжээ. Мөн тус хотод улсын зоос мөнгийг хэвлэдэг томоохон сан хөмрөг бий болсон гэдэг. 

Сарай хот тус улсын гол нийслэл байсны хувьд гар урлал өндөр хэмжээнд хөгжиж байв. Ялангуяа зах нээгдсэн өдөр гар урлал хийдэг урчуудын хороололд амьдрал буцалж эхэлдэг байжээ.

Байлдааны зэр зэвсэг болох сэлэм, илд, бамбай жад, ахуйн хэрэглээний сав суулга, газар тариалангийн хөдөлмөрийн багаж зэвсэг болох анжих хадуур хийдэг газрууд маш олноор байв. Хотын байршил нь өөрөө Кипчакийн тал нуталт байсан тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа арьс ширний үйлдвэрлэлд онцгой нөлөө үзүүлсэнг тэмдэглэх нь зүйтэй биз ээ. Мөн үнэт чулууг Хятад болон Иран, виног Кавказ, Энэтхэгээс, халуун ногоог дундад Азиас авчирсан хөвөн даавуу болон торго зэрэг нь хотын захад өнгө өнгөөрөө алаглаж байжээ.

Тухайн үеийн Сарай хот нь маш үзэсгэлэнтэй, инженерийн цогц шийдэл бүхий гайхамшигтай хот байжээ. XIII зуунд Ром хот 35 мянга, Парис хот 40 мянга орчин оршин суугчтай байхад Сарай хотод 75-150 мянган оршин суугчтай, өргөн том гудамжтай, цэвэр усны вааран хоолой татаж, усан оргилуур хийж, ус зайлуулах сувагтай, нийтийн халаалтын системтэй тухайн үед Европт ч байхгүй тийм сайхан хот байв.

Алтан ордон улсын хүн ам зүй: Зүчийн улс бол олон үндэстний улс байв. Хүн амынх нь 80 хувь нь түрэг угсааныхан байв.

Монголчууд үндэсний цөөнхийг бүрдүүлж байсан хэдий ч нийгмийн дээд элит давхарга нь болж байв.

Зүчийн улсын баруун хэсэг кипчак, хазар, печенегүүд, осетууд, Ижил мөрний дунд дунд урсгалаас дорно тийш Кама голын сав газраар үлдсэн булгарчууд ба хагас түрэгжсэн уйгарууд мөн Ижилийн булгар, башкир, сатруул, мануд буюу ногайчууд оршиж байв. Үндсэндээ тухайн үеийн улсын хүн амыг үндсэн гурван бүлэгт хувааж байв.

  1. Алтан ургийн Монгол үндэстэн /тооны хувьд маш цөөн/
  2. Түрэг хэлтэн түрэгжсэн үндэстэн
  3. Бусад

XV зууны эхээр Зүчийн улс мөхөх үед үндэстэн угсаатан нь тэр чигээрээ түрэгжсэн ажээ.

Шашин шүтлэг: Монголын эзэнт гүрний баруун жигүүр Зүчийн улс нь исламын болон христийн шашны нягт суурьшил бүхий бүс нутагт байв. Тус улсад хамгийн хүчтэй ноёлж байсан шашин бол ислам юм.

Зүчийн улсын эзэд хэдийгээр исламын шашныг улсын шашин гэж хүлээн зөвшөөрсөн ч бусад шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрөн түүхийг шүтэгч ард түмний эрх чөлөөг хүндэтгэж байсан нь Чингис хааны үеэс тогтсон хууль цааз ёс уламжлал юм. Тухайлбал, аливаа нэг шашныг дорд үзэх, түүнийг шүтэгч ард түмний эрх чөлөөг боогдуулсан хэн бүхэн үхэх ялтай байжээ. Түүгээр ч барахгүй Зүчийн улсын нутаг дэвсгэр дээрх бүх шашны номлогч удирдагч нар бүх төрлийн татвараас чөлөөлөгдөн, эдийн засгийн бодит эрх чөлөөг эдэлж байсан нь дэлхийн хаана ч байхгүй эерэг хандлага юм.

Зүчийн улсын хот сууринд зүйл бүрийн шашин болон шашны урсгалын мөргөлийн сүм дуган хийдийг барьж ашиглахыг зөвшөөрдөг байв. Ялангуяа Сарай хотод Оросын хамба лам нар их нөлөөтэй байжээ.

Зүчийн улс дахь монгол үндэстний эзлэх хувь бага байсан нь тэнгэр шүтлэг улсын хэмжээнд өргөн хүрээнд тархаагүйтэй холбоотой. Гэсэн хэдий ч исламын шашин орж ирэхээс өмнө ихэд өргөн тархсан бөгөөд нөгөө талаар тэнгэр шүтлэг нь тус улс дахь алтан ургийн дунд нэлээн хүчтэй дэлгэрч байсан тул алтан урагт тооцогдох гэсэн хүмүүсийн дунд “мода” болон түгэн дэлгэрчээ.

Тус улсад шашны олон төрлийн урсгал дэлгэрч байсан бөгөөд үүнийгээ дагаад шашин судлалын шинжлэх ухааны хүрээлэнгүүд ч бий болж байсан. 

Боловсрол, Бичиг соёл: Зүчийн улсын албан ёсны хэл нь Монгол хэл байсан бөгөөд араб, түрэг хэлтэй холилдон шинэ маягийн хэл ч үүсч бий болсон түүхтэй.

Өнөөдөр Зүчийн улс буюу Алтан ордон улсын соёл иргэншил энэ нутагт амьдарч буй ард иргэдийн дунд үе дамжин өвлөгдөн өнөөгийн Оросын соёл иргэншил болон хувирсан түүхтэй.

Зүчийн улсын түүх бол дэлхийн түүхийн нэг хэсэг байсан бөгөөд Оросын түүх нь харин Зүчийн улсын нэг хэсэг юм.

Эх сурвалж: www.tolgoilogch.mn 

 

ЭХ СУРВАЛЖ 2

"Монгол улс Алтан ордон улсын түүхээ судалж, ойлгуулах цаг болсон"
Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор Ph.D, хошууч Т.Сүхбаатартай "Алтан ордон улс"-ын талаар ярилцлаа
Т.Сүхбаатар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач (1)

-"Алтан ордон улс" байгуулагдсаны 750 жилийн ой энэ онд тохиож байна гэдгийг гаднын хэвлэлээс харлаа. Үүнээс гадна, Алтан ордон улсын түүхийг өнөөдөр дэлхийн улс орнууд булаацалдаж байгаа нь ажиглагдаж байна. Түүхийн энэ үеийг судалдаг хүний хувьд Алтан ордны улсын түүхийн талаар ярилцлага эхэлье?

-Алтан ордон улс бол Монголын эзэнт гүрний салаа мөчир гэж ойлгож болно. Монголын эзэнт гүрнээс Алтан ордон улс, Ил хаант улс, Цагаадайн улс улбаалаад гарсан байдаг. Тэртээ 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад үр хүүхдүүддээ газар нутгаа тасалж өгсөн. Энэ үед ууган хүү Зүчийн эзэмшил нутаг нь өнөөгийн Казахстаны нутаг дэвсгэрийг хамарч байсан юм. Иймээс Алтан ордны улсын уугуул нэршил нь Зүчийн улс гэдэг нэртэй байсан. Зүчийн улс гэдэг нэрээрээ олон жил явсан. Сүүлд, оросын түүхэнд 1541 оны үед Алтан ордон улс гэдэг нэр томьёо Казанийн хаант улсын түүхэнд анх гарч ирсэн. Түүнээс хойш түүхэн бичлэгт Алтан ордон улс гэдэг нэр томьёогоороо нэрлэгдээд хэвшчихсэн. Зүчийн улс гэхээсээ илүүтэй Алтан ордон улс гэсэн нэр томьёог хүмүүс илүүтэй мэддэг.

Алтан ордон улсын үндсэн суурь нь тэртээ 1235 онд Батхааны эхлүүлсэн өрнө зүгт хийсэн Алтан туг даян дайны үеэр ерөнхийдөө тавигдсан юм. Судлаачид Алтан ордон улсыг 1242-1243 онд байгуулагдсан гэж үздэг хэдий ч өнөөдрийг хүртэл он тоолол дээр нэгдсэн ойлголт байдаггүй, эрдэмтдийн санал зөрчилддөг.

Алтан ордон улс нь 1242-1502 он хүртэл 300 орчим жил оршин тогтносон. Бусдын ойлгодог шиг Оросын газар нутаг дээр байгаагүй. Кипчакын болон Булгарын хаант улс, ижил мөрний дагуу Алтан ордон улс байгуулагдсан.Тухайн үед Монголчууд оросын вангуудыг шаардлагатай үед дуудан уулзаж, татвар авч, захирамж шийдвэр гаргадаг байсан. Жишээлбэл: Манж-Монголын харилцаа дээрээс харвал тухайн үед монголчууд Бээжин орж, Манжийн хаанд алба гувчуураа барьж, үнэнчээ илэрхийлдэг байсантай адил оросууд Монголчуудад үнэнчээ илэрхийлэх гэж нийслэл Сарай хот руу нь явдаг байсан. Монголчууд ч гэлтгүй бусад улс орны хүмүүс буруу ойлгоод оросын нутаг, хот тосгонд монголчууд очоод суусан мэтээр ярьдаг. Энэ бол таашаа зүйл. Тийм юм байгаагүй. Орос улс тухайн үед Монголын Алтан ордны улсын васал л байсан. Ингээд 1502 онд дотоодын үймээн, самуун, эв нэгдэлгүй байсан зэрэг гаднын олон хүчин зүйлсээс шалтгаалаад Алтан ордны улс мөхсөн. Тухайн үед олон ноёд том эрх мэдэлтэй байсан тул Алтан ордон улсаас салбарлаж Казаны хаант улс, Астраханы хаант улс, Сибирийн хаант улс, Крымын хаан улс, Касимовын хаант улс, Казахын хаант улсууд задарч гарсан түүхтэй.

-Алтан ордон улсын түүхийг өнөөдөр дэлхийн улс орнууд булаацалдаж байна гэдгийг би дээр дурдсан. Тухайлбал, Оросууд өөрсдийгөө залгамжлагчид нь гэх боллоо. Алтан ордон улсын түүх яг Монгол Улсын түүх мөн үү?

-Мөн байлгүй яахав. Монголын ч түүх, Оросын ч түүх. Хэн ч үүнийг үгүйсгэж булааж чадахгүй. Аливаа хүчирхэг улсын түүхийг түүхгүй ард түмэн булаацалддаг. Жишээлбэл, аливаа нэг улс эсвэл хүчирхэг гүрэн, амбицтай улс байхын тулд нэгдүгээрт, эдийн засаг нь хүчирхэг байх ёстой, хоёрдугаарт, өөрийн гэсэн гоё түүхтэй байх ёстой байдаг. Алтан ордон улсын түүхийг булаацалддаг нэг улс бол яах аргагүй Казахстан. Казахстан улс манай улстай харьцуулахад эдийн засгийн хувьд хамаагүй илүү болчихсон. Бүс нутгийнхаа хүрээнд өөрсдийн хэмжээндээ геополитикийн тоглолт хийчихдэг. Гэхдээ энэ улс өөрийн гэсэн түүхгүй.

Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр, хэрвээ чи түүхгүй бол бусад улсын түүхээс зээлж ав, нөгөө талаар, хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол чамд түүхийг чинь зохиож өгнө гэсэн үг бий. Үүнтэй адил Казахстан улс сүүлийн үед Монголын түүхийг өмчилж, үгүйсгэдэг боллоо.

-Гэхдээ улаан цайм бусад улсын түүхийг гуйвуулан байж хулгайлна гэж байхгүй байлгүйдээ? Үүнд ямар учир байна вэ?

-Алтан ордон улсын бүрэлдэхүүнд маш олон үндэстэн, ястан байсан. Түүний нэг нь кипчакууд. Гэхдээ кипчак гэдэг нэрийг халж, казах гэдэг нэршил нь нэлээн сүүлд XVII зууны үед гарч ирсэн. Кипчакууд бол түрэг угсааны хүмүүс. Тухайн үед Алтан ордон улсад түрэг угсаатай хүмүүс ноёлж байсан. Учир нь, Алтан ордон улс өөрөө Кипчак болон Булгарын хаант улсын суурь дээр байгуулагдсан тул хүн амын ихэнх нь түрэг гаралтангууд байсан. Харин хэсэг бүлэг хүмүүс нийлэн Алтан ордон улсын хүчин чадал сулрах үед бие дааж салан нэг аймаг болсон нь казахууд юм. Эдгээр нэгдэл дотор эртний хэрэйд, найман, мэргид аймгийн нэрийг авсан кипчакууд үлдсэн байсан бөгөөд шууд тэдгээрийг XIII зууны хэрэйд, найман, мэргидүүд гэж үзэх үндэслэл байхгүй юм. ДНК ч өөр. Эдгээр нь өөрсдийгөө шууд монгол угсаатан гэж үзэн монголын түүхийг булаацалдаж, илт гуйвуулж байна.

Үүнээс гадна, Татарстан гэж улс байна. ОХУ-ын харьяа Бүгд Найрамдах Татарстан улс юм. Тэд өөрсдийгөө монгол гаралтай, Алтан ордон улсын залгамжлагчид гэж үздэг. Харамсалтай нь, тэд монгол биш түрэг гаралтай. Тэд зүгээр л татар хэмээх нэрийг зээлчихсэн түрэг гаралтай улсууд. Тэд өөрсдийгөө XIII зууны үеийн Монголын татар аймгийн үр удам гэж улаан цайм худлаа ярьдаг. Тэд бол тухайн үеийн татаро-монгол гэж ярьдаг байсан татар хэмээх нэрийг авчихсан л улс. Татарстан бол ОХУ-ын Бүгд Найрамдах улс дотроо эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. Саяхан Оросууд бүс нутгийнхаа амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаа явуулсан байна лээ. Тэрхүү судалгаанд амьжиргааны түвшин хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь Москва, Татарстан байсан бол эсрэгээрээ Халимаг, Тува, Буриад нь амьжиргааны түвшин доогуур байгаа нь ажиглагдсан.

Үүнээс ажиглахад, Татарстан эдийн засгийн хувьд хүчирхэг болж байгаа нь харагдаж байна. Иймээс тэдэнд өөрийн гэсэн түүх хэрэгтэй. Тэд Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж үзээд өнөөдрийг хүртэл тоолоод үзэхээр 750 жил болж байгаа юм. Үүнийгээ олон улсад зарлаж байна. Гэхдээ энэ тоолол бол Алтан ордон улс байгуулагдсан он цаг биш. Учир нь, 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр (1266-1282) хаан ид төрийг барьж байсан түүхтэй.

-Тэгвэл яагаад Татарстаны эрдэмтэд ингэж ярих болов. Түүхийн ямар цоорхой байна вэ?

-1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр Цагаадайн улсын хаан, Өгөөдэйн удмын хан хөвгүүд нар нийлж, Таласын чуулганыг зохион байгуулсан байдаг юм. Энэ чуулганаар тэд өөрсдийгөө Монголын эзэнт гүрний харьяа улс биш бие даасан, туурга тусгаар улс гэдгээ зарласан байдаг юм. Үүнээс өмнө Алтан ордон улсын хаанаар өргөмжлөгдсөн хүнийг Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд батламжилдаг байсан. Тэд Монголын эзэнт гүрэнд албаа барьж, үнэнчээ илэрхийлдэг байв. Ингээд Таласын чуулганаар тэд өөрсдийгөө Хархорум явах шаардлагагүй гэж үзэн, тусгаар улс хэмээн зарлаж, хэрвээ Монголын Юань гүрнээс энэ байдлыг нь цэргийн хүч эсвэл ямар нэгэн хүчээр дарах гэж оролдвол хамтарч тэмцэнэ гэсэн стратегийн том гэрээ байгуулсан байдаг. Энэ цаг мөчөөс улбаалаад Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж Татарууд дураараа ярьж төөрөлдсөн байх магадлалтай. Энэ үед Татарстан гэж улс байтугай Алтан ордон улсыг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин Алтан ордон улс Монголын эзэнт гүрний харьяанаас гарах гэж оролдсон гэж үзэж болно.

Гэхдээ түүнээс хойш 1360 он хүртэл Алтан ордон улсын хаад Монголын эзэнт гүрэнд алба гувчуураа тушааж, үнэнчээ илэрхийлээд явж л байсан. Яахав, өнгөн дээрээ өөрсдийгөө тусгаар тогтносон мэт зарласан боловч Хархорумаас хараат л байсан.

-Түүхийн энэ хэсэг Монголын эзэнт гүрний задрал бутралын үе байсан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй ээ. Тэдгээр улсууд Монголын эзэнт гүрнээс хараат байхаа больж, туурга тусгаар улс хэмээн өөрсдийгөө зарласан хэдий ч түүнээс хойш 100 гаруй жил Монголын эзэнт гүрнээс хараат, алба, өргөлөө барьж л байсан түүхтэй. Энэ үед Монголын эзэнт гүрэнд Хубилай, Аригбөхийн тэмцэл явагдаж байсан. Энэ тэмцэлд Ил хаант улс оролцоогүй. Яагаад гэвэл тус улс Хубилайгийн талд байсан. Харин Алтан ордны улс, Цагаадайн улс, Өгөөдэй улс Аригбөхийг дэмжиж, Хубилайн эсрэг байсан. Хубилайд сануулга өгөх, айлгах зорилгоор өөрсдийгөө туурга тусгаар улс хэмээн тунхаг гаргаж байсан. Тийм ч учраас цааш цаашаагаа Алтан ордон улс албаа Юань гүрэнд төлдөг мөн Юань гүрний хаадын хувь эзэмшилд нь Алтан ордон улс байсан.

-Алтан ордон улсын түүхийг өнөөдөр Казахстан, Татарстан гээд түүхгүй ард түмэн түүхийг гуйвуулан булаацалдаж байна гэлээ. Монгол Улсад энэ түүхийн судалгаа хэр явагдаж байна вэ? Бид дуу хоолойгоо дэлхийд илэрхийлж чадаж байна уу?

-Алтан ордон улсын түүх судлал Монгол Улсад дөнгөж эхлэлийн шатандаа байна гэж хэлж болно. Энэ түүхийг судалдаг судлаачийн тоо гарын таван хуруунд ч багтахгүй. Миний мэдэхээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс 2006 онд “Монголын Алтан ордон улс” гээд ном гаргасан тэрнээс өөр ном байхгүй. Монголын түүхийн сурах бичигт хэсэгхэн дурдчихсан бараг нэг, нэгээсээ хуулсан маягтай байдаг. Тэрнээс бол яг энэ түүх рүү ороод нарийн судалсан судлаач байхгүй.

Миний хувьд Алтан ордон улсын цэргийн түүхээр Монгол Улсад анх удаа диссертаци хамгаалсан. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн О.Цолмон багшийн бичсэн ном, миний диссертаци байна. Энэ хоёроос өөр судалгаа огт байхгүй. Манайхан энэ түүхийг яагаад судалдаггүй юм. Зориг нь хүрдэггүй юм уу эсвэл хэлний бэрхшээлээс болдог уу яадаг юм. Ерөөсөө ойлголтгүй байдаг.

-Саяхан Боловсрол телевизээр “Алтан ордон улс” гээд оросуудын хийсэн кино гарлаа шүү дээ. Энэ кино монголчуудад цочроо өгсөн болов уу гэж бодож байна. Нийгмийн сүлжээнд ч гэсэн нэлээн хэлэлцүүлэг өрнөсөн?

Тийм ээ. Энэ киног гарахад нь масс тэр чигээрээ жаахан ч гэсэн ойлголттой боллоо. Тэрнээс бол монголчууд ерөнхий зүйл л мэддэг. Жишээлбэл, Алтан ордон улсад оросууд байсан. Оросуудыг хүчиндэж, хядаж байсан гэхчилэн төөрөгдсөн мэдлэгтэй байсан.

Кино гарч байх үед над руу олон хүн хандсан. Кипчакууд гэж хэн юм вэ?, Мөнхтөмөр хаан гэж хэн бэ? Хувцас нь ийм байсан юм уу. Эд нар чинь нүүдэлчид биш юм уу, ордонд байсан юм уу гэх мэтчилэн маш олон хүн нийгмийн сүлжээгээр дамжуулан хандсан. Үүнтэй холбоотойгоор би фейсбүүк, твиттерээр хүмүүс Алтан ордон улсын тухай мэдлэгийг түгээх болсон. Хүмүүс ч их сонирхдог.

Тухайн үед Алтан ордон улс өөрөө 150 гаруй хоттой, соёл иргэншил жинхэнэ утгаараа хөгжсөн, суурин амьдралтай байсан. Тухайн үеийн европт байхгүй халуун ус, халаалт, цэвэр усны системтэй, усан оргилууртай. 80 мянга гаруй хүн амьдарч байсан. Тэгэхэд тэр үеийн Парис хот гэхэд 40 мянган хүн амьдарч байсан. Саяны кино бол агуу их түүхийн өчүүхэн жаахан хэлтэрхий. Түүний цаана асар том соёлын орон зай байгаа.

-Өнөөдөр залуучууд ном унших гэхээсээ илүүтэй кино үзэх болжээ. Их дээд сургуулийн багш нар оюутнууддаа түүхийн ном уншиж чадахгүй бол түүхэн кино үз гэж зөвлөх болж. Дэлхийн улс орнууд кино урлагаар дамжуулж, түүхээ сурталчилж, үр хойчдоо хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байна. Монгол Улсад Алтан ордон улсын түүхээр кино, уран бүтээл хийх орон зай, боломж хэр байна вэ?

-Тантай санал нийлж байна. Монголчууд л энэ түүхийг аваад кино хийе гэж зориглохгүй байгаа болохоос биш өнөөдөр оросууд Алтан ордон улсын түүхээр олон уран бүтээл хийж байна. Сая дэлгэцнээ гарсан Алтан ордон улс кино бол агуу түүхийн жижигхэн хэсэг. Тиймдээ ч хоёрдугаар бүлэг гэж гаргахаар төлөвлөж байгаа юм байна лээ. Кино зураг авалт нь эхэлсэн сурагтай. Үүнээс өмнө оросууд “Орда” гээд хоёр ангит кино бүтээж байсан. Ном, зохиол бол ОХУ-д маш их бий. Тэд түүхийн энэ хэсгийг төрийн бодлогоор дэмжиж, судалж, уран бүтээл туурвиж байна.

Гэтэл манай улсад ном битгий хэл Батхаанд зориулсан хөшөө ч алга байна шүү дээ. Ядахнээ тоймтой бариад үзчих юм ч алга. Ерөөсөө бүх нийтээрээ энэ талаар ямар ч ойлголтгүй байна. Яадаг юм бүү мэд, ерөөсөө огт дэмждэггүй.

Миний бие энэ түүхээр уран сайхны кино хийе, баримтат нэвтрүүлэг хийе гэж маш их хөөцөлдсөн. Тэр түүхийг зоригтойгоор яваад хэлэлцэх хүн алга 

-Түүхийн энэ хэсгийг зоригтойгоор авч хэлэлцээд, бүтээл туурвиад, судлахын ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Алтан ордон улсын түүх Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэснийг бид, бидний үр хойч огт мэдэхгүй байна. Зүгээр л тэнд Евразийн нутагт нэг улс байгуулагдаад оросуудыг алаад хядаад л сууж байсан гэсэн ойлголттой. Энэ түүх бол Монголын түүхэнд маш их ач холбогдолтой.

Тухайлбал, өнөөгийн Орос орны үндэс суурийг Монголчууд тавьсан. Өөрөөр хэлбэл, Алтан ордон улсаас бий болсон.Учир нь, Монголчуудыг тэр нутагт очиход оросууд салан тусгаарласан 50 гаруй жижиг вант улс байсан. Монголчууд очсоноор Орос гэдэг улс нэг цул үндэстэн болж нэгдэж чадсан.

Мөн Оросын хөгжлийн “Золотое кольцо” /Алтан тойрог/ тэнд үүссэн байдаг. Оросын үнэн алдартны шашин хамгийн хүчтэй дэлгэрэх үе нь яг Монголчуудын нөлөөний үед таарсан. Монголчуудын хүчээр шашнаа хамгаалж чадсан, угсаатнаа авч үлдсэн. Хэрвээ монголчууд байгаагүй байсан бол баруун талаас католик шашин орж ирээд Орос улс өнөөдөр үнэн алдартны биш католик шашинтай байх байсан. Мөн жинхэнэ хот гэдгийг төгс утгаар нь монголчууд барьж байгуулж өгсөн. Дээрээс нь оросууд худалдаа яаж хийдгийг мэддэггүй байсан. Монголчууд зааж өгсөн. Соёл иргэншил, аж ахуй, шашин, бичиг үсэг, цэргийн бүтэц зохион байгуулалт нэвтрүүлсэн. Оросууд дайн тулаанд оролцохдоо ялалт байгуулж байгаагүй, монголчуудтай нэг баг болж олон дайнд орсны хүчээр монгол цэргийн зохион байгуулалт, дайтах урлагт суралцсан. Улмаар оросын арми бий болж, XVII-XIX зууны үед Оросын цэргийн жанжин Монгол цэргийн дайтах урлагийн хөрсөндөө буулгаж, армиа хүчирхэгжүүлж байсан. Ялангуяа, Наполеонтой хийсэн дайны үеэр монголчуудын тактик ашиглаж байсан нь харагддаг. Бид түүхээ мэдэхгүйгээсээ болоод гаднынханд алдаж байна. Иймээс гаднынхан бидэнд зориулж түүх бичихэд бараг л өөрсдийн юм шиг хүлээж авдаг болчихсон.

Алтан ордон улсын түүхийг Казахстан төрийн бодлогоор төсөв хөрөнгө гаргаад дэмжиж, булаацалдаж байна. Судалгааны хүрээлэн байгуулаад, кино бүтээж байна. Алтан ордон улсын түүх дээр хэрүүл хийж байгаа нь Казахстан, Татарстан, Буриадууд байгаа. Тэгэхэд монголоос хүн байхгүй. Өмгөөлж түүхээ ярьж байгаа хүн байхгүй. Дээрээс нь оросууд сүүлийн үед зохион байгуулалтаар монголчуудыг орост очоогүй,Чингис хаан гэдэг чинь Александр Невский гэдэг ч юм уу ялагдсан түүхээ ялсан мэтээр ярьж, ойлгуулж байна. Энэ яваандаа Монголчууд Алтан ордны улсад байгаагүй гэж, энэ түүхийг үгүйсгэж буйн илрэл болно. Тийм болохоор манайхан төрийн бодлогын хэмжээнд түүхээ хамгаалах хэрэгтэй байна. Судлаачдаа дэмжих хэрэгтэй байна. Үгүй бол бид түүхээ алдаад дуусна. Өөрсдөө түүхгүй ард түмэн болж хувирна.

-Алтан ордон улсын түүх судлалын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал болдог юм байна лээ. Үүнд Монголын эрдэмтэд хэр оролцож, дуу хоолойгоор илэрхийлж байна вэ?

-Оролцдоггүй ээ. Алтан ордон улсын түүхийн судалгааны гол цөм нь Казанийн их сургууль байна. Энэ түүхээр том боть ном гаргасан байна лээ. Мэдээж, ойлгомжтой өөрсдийн эрх ашигтай нийцсэн зүйлсийг бичнэ шүү дээ. Казахстан Казахын том их сургуульд судалгааны төв бий. Туркэд сүүлийн үед бий болж байна. Алтан ордон улсын худалдаагаар доктор хамгаалсан судлаач монголд ирээд монголчууд та нар яагаад түүхээ судалдаггүй юм вэ гэж асууж байсан. Туркууд хүртэл Бат хааны хөшөөг босгочихлоо шүү дээ. Тэд бараг л Оттоманы эзэнт гүрний суурь Алтан ордны улс байсан гээд ярихад бэлэн болчихлоо шүү дээ. Саяхан Нурсултан Назарбаев хүртэл хэллээ шүү дээ Чингис хааны цэргийн 90 хувь нь казахууд байсан гээд. Тэгэхээр тэд өөрсдийгөө кипчакуудын удам гээд хүлээн зөвшөөрчихлөө. Казахууд өөрсдийнхөө түүхийг урагшлуулаад байдаг. Саяхан 550 жилийн ойгоо тэмдэглэсэн удахгүй 600 жил, 1000 жил гээд явах байх.   

Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ 3

Д.Өлзийбаатар: Оросын ванлигуудад хэн эзэн суухыг монголчууд л шийдэж байсан
Алтан ордон улсын талаар Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатараас тодрууллаа.
image

-Алтан ордон улсын 750 жилийн ойг энэ жил Казаньд өргөн хэмжээнд тэмдэглэхээр болжээ.  Учир нь, Алтан ордон улсын түүхийг ОХУ-ын түүх гэж үзэж байгаа аж. Үүнд түүхч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу. Алтан ордон улс аль улсын түүх вэ?

-Их хаан Чингисээс том хүү Зүчид хувь болгон өгснөөр Зүчийн улс гэгдэж байгаад хожим Алтан ордон улс гэгдэх болсон энэ улс бол Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг юм. Алтан ордон улсын 750 жилийн ой гэдэг нь 1269 онд Талас голын хөндийд Зүчи, Цагаадай, Өгэдэйн улсын хан хөвүүд, Хайду, Барак нар хуралдай хийж Монголын эзэнт гүрний цаашдын хувь заяатай холбоотой шийдвэр гаргасан юм. Тэд үндсэндээ Юань улсын их хаан Хубилайн эрхшээлээс тусгаар байхаа мэдэгдэж өөрсдөө эрх төвлөрүүлсэн хаан болцгоох шийдвэр гаргасан. Энэ үед Алтан ордын төрийн эрхийг Бат хааны ач Мөнхтөмөр барьж байв.

Энэ үйлдэл бол Орос улс байгуулагдсан гэсэн хэрэг биш харин Алтан Ордон бие даах болсон гэсэн л үг юм. Бусад Монголын бүрэлдэхүүн дэх улсууд ч гэсэн ялгаагүй харьцангуй бие даацгаах болсон гэсэн үг. Алтан ордон улсын үед Русь буюу Оросын ванлигууд тэдний бүрэн хараат вассаль байв. Оросын ванлигуудад хэн нь эзэн суухыг хэзээ хойно болтол монголчууд л мэдэж шийдэж байсан.

Ганц жишээ хэлэхэд 1304 онд Тверийн ван Михаил, Москвагийн ван Юрий нар Алтан ордод ирж хэн нь хаанд илүү их татвар өгөх вэ гэж өрсөлдөхөд (мөрийтэй) Алтан ордоны хаан Михаил ванд нь их вангийн сэнтийг алба татвар хураах эрхийн хамт өгсөн байна. Гэвч Москвагийн Юрий ван бууж өгөхийг үл хүсэн Алтан ордонд ахин ирж Узбек хааны дэргэд хэдэн жил суухдаа түүнийг өөрийн талд татаж дөнгөснөөр 1317 онд Юрий их ван суух пайзыг авч хааны дүү бүсгүй Кончакийг хатнаа болгожээ. Алба татвар хураах эрх нь бусад вангаа захирч байхад чухал хэрэгтэй зэвсэг болдог байв. Тэгээд ч Юрий Русь-ийн зүүн хойд нутгийн нэлээд хэсгийг нэгтгэж чадсан түүхтэй.

-Алтан ордон улсын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн томоохон үүргийг дурдахгүй юу. Тус улсын түүхийг судлахын ач холбогдол юу вэ?

-Алтан Ордон улс хүн амынхаа тоо, газар нутгийнхаа хэмжээгээр Их Юань улсын дараа орж байсан. Дорно зүг Эрчис мөрнөөс өрнө зүгт Дунай мөрний доод урсгал, өмнө зүг Дербэнт болон Өмнөд Азербайжанаас умар зүгт Ижилийн Булгар хүртэлх энэ улсын эзэмшлийн уудам орон зайд эзэн улсын монголчууд, Дунай мөрнөөс Иртыш хүртлэх Кипчакийн их тал нутаг буюу Дешт болон Кипчакт амьдран суудаг половчууд буюу кипчагууд, хазар, печенегүүд, Ижил мөрний дорноос дунд урсгал Кама голын ай саваар нутаглах булгарууд, хагас түрэгжсэн угр буюу башкирууд, доод Ижил мөрнөөс дорно хэсэг хүртлэх нутагт ираны уугуул суугчидтай холилдсон кипчак, огуз, харлагууд нар ногай болон бусад найман монгол, түрэг овог аймгууд, тэрчлэн Өмнөд Кавказ, Хорезмын хойд хэсгийн харьяат ард түмнүүд, баруун хойд газар нутагт орос, түүнчлэн Крымд итали, грекүүд, Доод Ока мөрний саваар аж төрдөг финн-угор гаралтай черемис, мордвачууд оршин сууж Алтан Ордоны хүн амыг бүрдүүлж байлаа. Тухайн үед ийм олон, бие биеэсээ эрс өөр зан заншил, түүх, соёл уламжлал, аж төрөхүйтэй ард түмнийг нэгтгэн нэгэн захиргаанд оруулсан улс Их Юань улсыг эс тооцвол Алтан Ордоноос өөр байгаагүй юм. Тэгэхээр энэ үеийн Алтан ордон улсын түүх бол яах аргагүй дэлхийн том бүс нутгийн түүх байгаа биз дээ. Монголын түүхийг судалбал дэлхийн түүхийг мэдмүй гэдгийн учир энэ.

-Монголчууд Алтан ордон улсын түүхийг хэр судалсан байдаг вэ?

-Манай улсын түүхчдийн хувьд Алтан ордон улсын түүхийг судлах ажил шинэ зуун гараад ихэд идэвхтэй боллоо. Түүхч Н.Ганбат, С.Чулуун. Б.Чинзориг, Ж.Гэрэлбадрах. С.Цолмон, Б.Энхчимэг нар болон бусад залуу түүхчид энэ чиглэлээр судалгааны ажил амжилттай хийж байна.

-Алтан ордон улсын талаарх эрдэм шинжилгээний хурал ОХУ-д хоёр жил тутамд болдог, тус хуралд монголын эрдэмтэд оролцсон гэх юм. Хэн хэн оролцсон бэ. Уг хурлаад ямар асуудлыг түлхүү ярилцдаг вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй, гэхдээ ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Татарстаны БНУ-д “Алтан Ордон судлалын төв” гэж байгууллага өөрийн ШУА-ын харьяанд байгуулсан юм билээ. Энэ төв хоёр жил тутам эрдэм шинжилгээний хурал орон нутгийн чанартай зохион байгуулж, жил тутам “Алтан Ордоны судалгаа” гэсэн сэтгүүл гаргадаг болоод нэлээд хэдэн жил болсон юм билээ. Энэ хуралд 2016 оны үед ШУА-аас судлаач н.Энхцэцэг нэг удаа оролцсон сурагтай байдаг. Манай Түүх, археологийн хүрээлэнгээс энэ хуралд эрдэмтдээ оролцуулж болох тухай хүсэлтээ хүргүүлсэн гэсэн. Удахгүй хамтарсан судалгаа хийгдэх бизээ.

Р.РЕНЧИНДУЛАМ

ЭХ СУРВАЛЖ 4

"Одоохондоо Монголчууд Алтан ордны талаар кино хийж чадахгүй"
Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнтэй Алтан ордон улсын түүхийг кино урлагт тусгах талаар санал бодлыг нь хуваалцлаа
жигжидсүрэн

-Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу. Сүүлийн үед Алтан ордон улсын түүхийг дэлхийн улс орнууд ихэд булаацалдаж байгаа нь ажиглагдаж байна. Саяхан ОХУ-ын уран бүтээлчид “Алтан орд” киног олон нийтийн хүртээл болгосон нь монголын үзэгчдэд хүрлээ. Энэ киног та үзэж амжив уу. Киноны талаар та юу хэлэх вэ?

-Үзсэн. Их сайн кино байна лээ. Яахав, түүхэн талаас нь шүүмжлэх зүйл байгаа л байх, Би түүхч биш болохоор тэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ урлагийн бүтээл, кино гэдэг талаас нь харвал их сайн хийгдсэн кино байсан. Алтан ордон улсын түүх бол Монголын түүхийн нэг том хуудас. Энэ бол монголчуудаас өөр хэн ч, хаана ч өмнө нь том хэлбэрээр роман, уран зохиол гэхчилэн дуугарч яваагүй түүх. Тэр талаасаа түүхийг эргэн дурсана гэдэг юм уу ямартай ч монголчуудад энэ түүхийг танин мэдэх талаас нь харуулсан сайн кино гэж миний хувьд бодож байна. Хүн болгон дотроо нэгийг тунгаасан байх.

Уран бүтээлийн хувьд бол уран зохиол, жүжигчин, зураачийн ажил, хувцас гээд айхтар бэлдсэн байна лээ. Манайхан бол ойрын үед тийм хэмжээний кино хийж чадахгүй. Улсууд бол айхтар бодлоготойгоор олон жил бэлдэж байгаад бүтээл туурвиж байна.  

Харин манай түүхийг яасан байна вэ гэдэг бол өөр хэрэг. Тэрийг би бол шүүж чадахгүй. Хоёрдугаарт, ерөөсөө урлагийн бүтээл гэдэг талаасаа нь ярих юм бол заавал түүхэн үнэнийг нэг бүрчлэн харуулах алба байхгүй. Учир нь, тэрхүү бүтээлд уран сайхны дүр орох, үйл явдлыг нь баяжуулах зэрэг нь уран бүтээлч хүний эрх. Иймэрхүү л юм бодогдож байсандаа

-Өнөөдөр залуучууд ном унших гэхээсээ илүүтэй кино үзэх болжээ. Их дээд сургуулийн багш нар оюутнууддаа түүхийн ном уншиж чадахгүй бол түүхэн кино үз гэж зөвлөх болж. Дэлхийн улс орнууд кино урлагаар дамжуулж, түүхээ сурталчилж, үр хойчдоо хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байна?

-Тэр бол үнэн. Одоо үе тийм болчихоод байна. Байхгүй түүхийг хүртэл бий болгож чадаж байна. Жишээлбэл, Өмнөд Солонгос улс. Солонгос улс хэзээ тийм дэлхийд гайхагдсан хаадтай, мундаг гүрэн байв. Дотор нь ороогүй болохоор сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ Солонгосын түүх бол өөр. Гэхдээ тэд өнөөдөр гайхалтай түүхийг бий болгож, сурталчилж байна. Тэр киног нь дэлхий даяар үзэхээр Солонгос гэдэг чинь ийм айхтар мундаг түүхэн уламжлалтай улс байсан юм байна гэдэг ойлголтыг хүн авч байна. Энэ талаасаа түүхэн кино бол асар үнэтэй. Хоёрт, кино бол жүжгийг бодох юм бол насан туршид үлддэг. Тийм болохоор энэ киноны салбар гэдэг бол их өөр хүрээтэй, асар их том ач холбогдолтой болж байна. 

-Монгол Улсад Алтан ордон улсын түүхээр кино, уран бүтээл хийх орон зай, боломж хэр байна вэ?

Ёстой хэцүү. Тэр бол худлаа. Яагаад гэвэл, энэ киног хийлээ гэж бодоход хүссэн хүсээгүй ОХУ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй болно. Мөн гадаадын жүжигчдийг хүртэл урьж тоглуулах хэрэг гарна. Түүхэн киноны нэг зовлон бол тэр. Их үнэтэй бүтдэг. Хоёрын хооронд муу хийж бас болохгүй. Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Ганц ОХУ биш. Ерөөсөө түүхэн кино хийхдээ дэлхийн улс орнууд дөрөв, таван жилээр бэлдэж байгаад хийдэг. Өнөөдөр манай киноны уран бүтээлчдийн ур чадвар их доошоо уначихсан. Ерөөсөө найруулагч, зохиолч гэж байхгүй болчихсон. Түүхэн кино хийлээ гэхэд үзэгчид хүртэл жүжигчдийг голж байна шүү дээ. Хэзээ монгол хүн ийм бие бялдартай байсан юм гэхчлэн. Гэхдээ энэ бол тэдний буруу биш. Гэхдээ л хэцүү. Ийм зовлон их байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ 5

"Зүчийн улсаар тооцвол энэ жил 795 жилийн ой болох ёстой"
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Улаанбаатар” их сургуулийн дэд захирал, доктор, профессор С.Цолмонтой ярилцлаа.
цолмон

Энэ жил Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ой тохиож байна.

Энэ ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний  хурал Татарстаны  Казаньд болох гэж байна. Манай улс энэ ойг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ? Алтан ордон улс яг хэдэн онд байгуулагдсан нь маргаантай байдаг шүү дээ. Алтан ордон улсын түүхийн талаар ярилцлагаа эхэлье?

-Чингис хаан 1218 онд Хорезм улсыг дайлахаар мордоод 1224 онд эрхшээлдээ оруулж авсны дараа эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ хувь өмч хуваан өгсөн тухай Монголын түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ууган хүү Зүчид өгсөн хувь эзэмшилд Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв. Хэрэв Зүчид хувь болгон өгсөн тэр үеэс Зүчийн улсын он цагийг тооцвол энэ жил 795 жил, Батын буюу хожим Алтан ордон улс хэмээн нэрлэгдсэн 1242 оноос тооцвол 777 жил болж байна. Ямар үндэслэлээр 750 гэж байгааг бол мэдэхгүй.   Алтан ордон улс хэмээх нэршил нь харьцангуй хожуу буюу 1566 оны орчим бичигдсэн Казанийн түүх номонд Зүчийн улсыг анх Алтан ордон улс хэмээн нэрийдсэнээр түүх бичлэгт Алтан ордон улс хэмээх нэр томьёо орж хэрэглэгдэх болсон. Судлаач эрдэмтдийн тухайд Зүчийн буюу Алтан ордон улсын байгуулагдсан он цагийн тухайд 1224 он, Бат өрнө зүгийн байлдаанаас буцаж ирээд Каспийн тэнгисийн хөвөөнд суурьшсан 1242 оноос гэсэн хоёр санал байдаг. Нэгэнт монголчууд тэр газар нутгийг эрхшээлдээ оруулсан 1224 оноос тоолох нь зөв болов уу гэж бодож байна.

ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах улсын Казань хотод  Ш.Марджаны нэрэмжит Түүхийн хүрээлэнгийн дэргэд Алтан ордон улсын  соёл иргэншлийг судлах төв гэж эрдэм шинжилгээний том төв байдаг. Тэр судалгааны төвөөс олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг жил бүр зохион байгуулдагаас гадна Алтан ордны түүх, соёлтой холбоотой олон сайхан бүтээлүүдийг хэвлэж гаргасан. Энэ жил ч мөн ялгаагүй эрдэм шинжилгээний хурал болон Алтан ордны түүх судалгаатай бүтээлүүдийг хэвлэж гаргах байх. Түүнээс нь л ямар учраас 750 жил гэснийг нь харах боломжтой.

-Зүчи ямар хугацаанд төр барьсан бэ? Ихэнхдээ Алтан ордон улсын тухай ялангуяа Оросын түүх бичлэгт шууд Батаас эхэлдэг. Энэ юутай холбоотой вэ?

-Зүчи хувь хүртээд тун удалгүй эцгийгээ амьд байхад буюу 1227 онд нас барсан. Зүчийг нас барсны дараа Чингис хаан өөрөө  Зүчийн хоёр дахь хүү Батыг түүний залгамжлагчаар нэр заасан. Зүчи харьцангуй богино хугацаанд тус улсын эрхийг барьсан учир хийж хэрэгжүүлсэн зүйлийн тухайд мэдээ баримт, эх хэрэглэгдэхүүн харьцангуй бага байдаг.

Харин Батын байлдан дагуулал маш өргөн хэмжээнд далайцтай явагдсан болон түүний хийсэн бүтээсэн зүйлийн тухайд олон орны элч төлөөлөгчид тухайлбал Ромын Пап ламын элч Плано Карпини, Францын Гийом де Рубрук зэрэг олон элч төлөөлөгч өөрийн аяллын тэмдэглэлдээ маш тодорхой бичсэн байдаг. Тиймээс тэр үеийн монголчууд болон Бат хааныг тухайн үед сайн, муугаар Еврази даяараа мэдэж байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс Орос болон өрнөдийн түүх бичлэгт Алтан ордон улсыг Бат хаан байгуулсан гэж үздэг.

-Тэгвэл Алтан ордон улсын судалгаа дэлхийд болон манай улсын тухайд ямар хэмжээнд байна вэ?

-Алтан ордон улсын түүхийн судалгаагаар дэлхий дахинд маш их судалгааны бүтээл гарсан. Эдгээр бүтээл нь бодитой үнэлж дүгнэсэн бүтээл ч байгаа зориудаар мушгин гуйвуулсан нь ч олон. Олон орны эрдэмтэд Алтан ордон улсын түүхээр судалгаа хийсэн, одоо ч судалсаар байна. Энэ бүхнийг дурдах боломжгүй. Харин өөрийн түүхийг судлах тал дээр манай судалгаа харьцангуй бага. Цөөхөн хэдэн ном бүтээлийг эс дурдвал бараг судлаагүй гэж хэлж болно.

1990-ээд оноос өмнөх түүх бичлэгт “Монгол улсын түүх” нэгэн боть, “Монгол улсын түүх” гурван ботид Алтан ордон улсын түүх маш товч бичигдсэн. Энд Монголын эзэнт гүрэн болон Алтан ордон улсын түүх, монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр дурдагдаагүй. Энэ нь тухайн үеийн түүх бичлэгийн хязгаарлагдмал байдалд байсны тод жишээ гэж хэлж болно.

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж Түүхийн хүрээлэнгээс Монголын эзэнт гүрний таван ботийг (“Их Монгол улс”,”Алтан ордон улс”,”Цагадайн хант улс”,”Ил хант улс”,”Юань улс”) хэвлэж гаргасан ба энэ бүтээл маань шилдэг бүтээлийн шагналыг хүртэж байсан. Тэр цагаас хойш 13 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд дэлхийн олон улсад Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох түүхэн сурвалжууд, судалгааны ном бүтээл археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон үнэт дурсгалууд гээд олон мэдээ баримт судалгаагаар илэрч олдоод байна. Тиймээс өмнө хэвлэгдсэн бүтээлдээ тэдгээрийг нэмэн тусгаж хоёр дахь нэмэн засварласан таван ботийг хэвлүүлэхээр Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд бэлтгэж байна.

1990-ээд оноос хойш Д.Майдарын “Монголын эзэнт гүрэн”,  Д.Чойсамбын “Бат хааны байлдан дагуулал”, О.Нямдаваагийн “Алтан ордон улс”, мөн “Хаадын сан” хэмээх Монголын төрт ёс, хаадын намтар түүхийн судалгааг дэмжин хэвлүүлдэг ТББ-аас С.Лочингийн “Алтан ордны улсын хаад”, Д.Цахилгааны “Бат хаан”, С.Товуудоржийн “Зүчи хаан” зэрэг бүтээлийг хэвлэн гаргаад байна.

-Алтан ордон улсын бусад бүрэлдэхүүний улсаасаа тухайлбал Цагадай, Юань зэрэг улсаасаа ялгарах онцлог юу вэ?

-Алтан ордон улс байгуулагдсан нь ЕвроАзийн түүхэнд эргэлтийн үе болсон юм.

Алтан ордон улс  нь газар зүйн байрлалаараа Ази, Европ буюу өрнө дорныг холбосон зааг нутагт оршиж байснаараа Монголын эзэнт гүрнийг өрнөдийн орнуудтай улс төр, эдийн засаг, соёлоор харилцах гол гүүр, гарц, үүд хаалга болж байсан. Бүрэлдэхүүний улсууд дотроо газар нутгийн хувьд хамгийн том, хүн амын тоогоор Юанийн дараа орж байв. Франц улсын хааны, Ромын Ватикан Пап ламтны  болон шашны миссионерууд, Египетийн Мамлюкийн хаант улсын элч нар, исламын худалдаачид зэрэг өрнөдийн болон ойрхи дорнодын улс орнуудын эрх баригчид Монголын эзэнт гүрний хаад ноёдтой  улс төр, шашин  болон эдийн засгийн харилцаа тогтоохоор илгээж байсан бүх элч төлөөлөгчид, Алтан ордын нутгаар дайран өнгөрч  байв. Дорноос өрнө рүү, өрнөөс дорныг зорьсон  худалдааны цуваа Алтан ордын нийслэл Сарай болон томоохон хотуудад тасралтгүй ирж Торгон замын хөгжилд үлэмжхэн түлхэц өгсөн гэж болно. Үүнтэй уялдан өртөө зам, хотууд илүү хурдтай хөгжиж худалдааны томоохон зангилаа хотууд байгуулагдан гадаадын элч төлөөгчдийг хүлээн авах тусгай ёс журам бий болж, захидал харилцааны бичгийн дэг ёс хэлбэршин тогтсон зэрэг олон зүйлийг дурдаж болно. Алтан ордын хотууд нь өөр хоорондоо ялгаатай өрнө, дорнын соёлын өрсөлдөөний гол талбар, нэгдэн нийлэх, шинэ соёл үүсч хөгжих гол цэг болж байсан юм. Үүнд, Монгол хаадын төрийн зөв, голчтой бодлого хөгжлийнх нь тулгуур болж байсан юм.

Тухайн үед Алтан ордын нийслэл Сарай хотод олон орны худалдаачин гар урчууд, шашны элч төлөөлөгчид олноор төвлөрөн сууснаар хотын хүн ам нь 100 мянга гаруйд хүрч байсан мэдээ бий. Түүний дээр явуулын элч төлөөлөгчид байнга ирж очсон их хөлийн газар байсан тухай Ромын Пап ламын элч Плано Карпини, Францын  Гийом де Рубрук болон Арабын жуулчин Ибн- Батута нарын зэрэг олон элч нарын тэмдэглэлд дурдсан байдаг.

-Сүүлийн үед Алтан ордон улсын түүх бол манайх, танайх гэж их ярих боллоо. Саяхан Татарстаны эрдэмтэн Алтан ордон улсын түүх бол Оросын түүх. Оросууд үр удам нь гэж ярих боллоо шүү дээ?

-Монголын Эзэнт гүрний эрхшээлд орж байсан улс орнууд түүхээ судлахдаа мэдээж тэднийг 200-250 жил ноёрхож байсан монголчуудын түүхийг судална.

Өөрсдийг нь эрхшээж байсан Монголын хаад, ноёд язгууртнуудад тухайн улсын  эрх баригч ноёд, язгууртнууд  охидоо өгч ураг барилдаж тэдний ивээл дэмжлэгт орж монголын төрд алба хашиж байсан нь маш олон. Түүнээс гадна харийн эрхшээлд орсон ч газар нутаг нь, иргэд нь, шашин соёл нь тухайн улсын ард түмнийх. Тэгэхээр энэ Монголын эзэнт гүрний эрхшээлд байсан үеийн түүх танай түүх биш гэж хэлэх боломжгүй. Гагцхүү тухайн үеийн түүхэн хэрэг явдлыг үнэн бодитойгоор түүхэн баримтад суурилсан судалгаанд үндэслэн бичих нь л чухал. Жишээ татвал, монголчууд манжийн эрхшээлд орсон түүхийг энэ бол зөвхөн Манжийн түүх монголын түүхэнд хамаагүй гэж хэлж болохгүйтэй адил.

Нэг хэсэг Монголын байлдан дагуулал, ноёрхлын үеийг дан сөрөг талаас нь харлуулах маягаар бичдэг байсан бол одоо бас гэрэл гэгээтэй, үнэн бодитой хийж бүтээсэн, оруулсан хувь нэмрийг нь үнэлж бичдэг болоод байна.

-Монголчууд бид Чингис хааны түүхийг ерөнхийд нь мэддэг. Түүгээрээ ч бахархаж ярих дуртай хүмүүс. Гэтэл бид Алтан ордны түүхийг сайн мэддэггүй юм шиг санагддаг.

-Үнэхээр манай улсад түүхээ сурталчлах нь маш хангалтгүй. Хэдэн судалгааны ном бүтээл цөөн тооны уран зохиолоос хэтрэхгүй байна.

Гэтэл өнөө үед залуучуудын сонирхол зөвхөн ном уншихаар хязгаарлагдахгүй харин ч дэлхий нийтийн хөгжлөө дагаад кино, анимэ богино хэмжээний хүүхэлдэйн кино, медиа болон үндэсний контентуудыг бий болгох тал дээр төр засаг нь ч уран бүтээлчид нь ч хүрч ажиллаж чадахгүй байна. Өдөр бүр телевизийн сувгаар харь орны түүх, соёлын сурталчилгааг хэтэрхий их гаргаж байгаад анхаарах цаг аль хэдийн болсон.

-Алтан ордон улс байгуулагдсаны ач холбогдол нь юунд оршиж байна вэ?

-Аливаа улс байгуулагдсанаар юу хийж бүтээсэн, юуг өвлүүлэн үлдээсэн гэдгээр үнэлэмж нь тодорхойлогддог. Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар дэлхийн түүхэнд цэргийн стратеги, тактик, зэр зэвсгийн хөгжил, мөн засаглалын удирдахуйн ухаан, гадаад харилцаа, өртөө зам зэрэг олон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсныг хүлээн зөвшөөрдөг. Өвлүүлэн үлдээсэн зүйлийн тухайд маш их зүйлийг ярьж болох боловч нэг удаагийн ярилцлагад бүрэн хамрах боломжгүй юм. Алтан ордон улсын ганц нэг жишээг дурдвал, Алтан ордон улс унаснаар түүний дараа байгуулагдсан улсууд нь Орос, Крым, Казань, Сибирийн хаант улсууд Алтан ордны төр, засаглалын системийг төдий л өөрчлөлгүй үргэлжлүүлэн хэрэглэсэн нь Алтан ордын засаглал хүнд дарамттай байсан гэдгийг няцаах баримт болохын зэрэгцээ Монгол төрийн удирдлагын систем нь олон орны эрдэмтэн мэргэдийн зөвлөгөөнд суурилж, олон улс оронд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэсэн цогц систем байснаараа Чингис хаан болон монголчуудын дэлхийн удирдахуйн ухаанд  оруулсан том хувь нэмэрт тооцогддог  юм.

Алтан ордон улсын үед татвараас чөлөөлөгдсөн сүм хийдүүд эсрэгээрээ өөрийн улсын үед татвар төлөгч болон хувирсан ба монголчуудын үед авч байсан татварын хэмжээг нэмэгдүүлсэн нь татаар монголчуудын татварын хүнд дарамт Оросын хөгжлийг хэдэн зуун жилээр хойшлуулсан  гэдэг нь зохиомол  байсан нь харагдана.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын түүхэн дэх татар-монголын талхидал гэдгийг эргэн харж түүхийг бодитойгоор судалж бичих нь чухал гэж хэлсэн нь Алтан ордны түүхийн судалгаанд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Мөн монголчуудын дэмжлэгтэйгээр оросууд өрнөдийн католик шашны дарамт шахалтаас өөрийн үнэн алдартны шашныг хамгаалж авч үлдэж чадсан нь өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж байна.  Орос болон дундад Азийн улс орнуудын эрдэмтэн мэргэд, урлаг соёлын алдартай зүтгэлтнүүдийн удам судрын түүхийг сөхвөл  монголтой ураг холбогдсон нь бас цөөнгүй байдаг.

Даяарчлалын эрин үед монгол хүн монголоороо үлдэхийн эх үндэс нь монгол хэл, утга зохиол, зан заншил, монгол ахуй, түүх соёл нь юм. Тийм ч учраас түүхээ мэдэхийн ач холбогдол нь үүнд оршино. Юу ч үгүй хүнд бахархах юм үгүй.

Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ 6

"Алтан ордон улс бол дээрэмчдийн улс биш иргэншил байсан"
ОХУ-ын Татарстан улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хзрээлэнгийн тэргүүн Рафаэль Сибгатович Хакимовын Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ойд зориулан realnoevremya.ru сайтад өгсөн ярилцлага
2hakimov1_result

Татаруудыг харлуулж харагдуулах түүхийн хандлага бий

-Энэ ойн онцлог юу вэ, яагаад энэ ойг тэмдэглэх чухал вэ?

-Энд Монголын эзэнт гүрний задралын тухай яригдана. Ер нь бол Монгол эзэнт гүрний задрал үүнээс эрт эхэлсэн. Эзэнт гүрнийг хэн удирдах тал дээр аль Бат хааны үед Чингисийн залгамжлагчдын дунд зөрчил үүссэн. Хэдийгээр Бат хаан Чингис хааныг дээдлэн шүтэж, түүний нэртэй мөнгөн зоос хүртэл гаргасан ч тэрээр эцэстээ Эзэнт гүрнээсээ сэтгэл хөндийрсөн.

Эзэнт гүрэн дөрвөн хэсэг болох задрах үйл явц энэ үеэс эхэлсэн. Тэр тусмаа Алтан ордоны хаан Узбек лалын шашныг үндсэн шашин болгосон нь Чингисийн үеэс уламжилж ирсэн бүхий л шашинд тэгш, хүндэтгэлтэй хандах зарчмыг зөрчсөн. Үүнээс гадна Цагаадайн улс, Аолтан ордон, Хүлэгийн улсуудын хил дээр зөрчилдөөн гарах болсон. Энэ гурван улсын хилийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд Таласын хөндийд дөрвөн улс- Алтан ордон, Цагаадайн улс, Хүлэгийн улс, Юань гүрний ханхүү нар уулзаж энхийн гэрээ байгуулж, хилийн шугамаа тодорхойлсон. Ингэснээр энэ дөрвөн улсыг тусгаар гэдгийг албан бусаар баталгаажуулсан.

-Алтан ордон улсыг та түүхийн талаасаа юу гэж хардаг вэ?

-Юун түрүүн Алтан ордон улс гэж яг юу байв гэдгийг тодорхойлох шаардлагатай. Дүгнэх нь юун түрүүнд хийх ажил биш. Өөрийн гэсэн онцлогтой ямар нэг улс оршин тогтнож байсан, тэр улсын түүхийг ямар байснаар гаргаж ирэх ёстой гэж түүхчид үздэг.

Алтан ордон улсыг өөр ямар нэг улстай харьцуулах нь хүндрэлтэй. Эдийн засаг, дэд бүтэц, санхүүгийн систем, цэргийн хүч чадлын хувьд өндөр түвшинд хүрсэн тийм улсыг өөр ямар улстай харьцуулах билээ? Зарим хүнд таалагдахгүй байж магадгүй ч тухайн үед Алтан ордон улс бол хамгийн өндөр хөгжилтэй иргэншсэн улс байсан.п

Оросын ханлигуудын хувьд тэд бие биеэ устгаж байсан, харин Алтан ордон Оросын ханлигуудын зөрчлийг дарж, нэгдэх боломжийг өгсөн. Европ тив тухайн үед тун ядмаг байдалд байсан. Үүнд тухайн үед тархсан тахал нөлөөлсөн. Европт зам ч байгаагүй, өөр хоорондоо дайтсан жижиг ханлигууд байсан. Бат хаан Унгар руу дайрч, тэнд Европын нэгдсэн армийг хөнгөхөн устгасанд гайхаад байх зүйлгүй. Бат хаан Унгараас цааш Серби руу ямар нэг саадгүй нэвтэрсэн, хэрвээ Их хаан насан эцэслэж, Батыг дуудсан учраас тэр цааш яваагүй. Тиймээс Атан ордон улсыг хөгжлийн хувьд ямар ч улстай харьцуулах боломжгүй.

Оросын түүхийг аваад үзэхэд татааруудыг харлуулах, муулах хандлага ажиглагддаг. Гумилев үүнийг “хар домог” гэж нэрлэсэн байдаг. Алтан ордоны үед л оросууд сэргэж эхэлсэн. Оросууд хэзээ ч татааруудын эсрэг дайтаж байгаагүй. Бат хаан газар нутгийг нь эзэлсэн нь мэдээж оросуудад таалагдахгүй, гэхдээ тэр Унгарын нутаг хүртэл зугатсан кыпчакуудыг дарахын тулд ямар нэг газар орныг туулан гарах хэрэгтэй байсан. Тэр хэд хэдэн хотыг шатаасан, гэхдээ олон биш. Угаасаа тэнд нь байлдаад байхаар ч хүн байгаагүй, тийм учраас энэ бол хэтрүүлэг. Ихэнх хотууд Бат хааныг хотоороо дайран өнгөрүүлсэн байдаг. Мэдээж тэдгээр хотоос Бат хаан цэргийн хоол хүнс татаж явсан. Энэ бол дайны үед хаа ч байдаг зүйл. Гэхдээ сүүлд Бат хаан оросуудыг татвараас чөлөөлж, эдийн засагт нь өндийх боломж олгосныг мартаж болохгүй. Эзлэгдсэн газар орноосоо татвар хурааж байсан учраас тэдгээр газар нь сүйрч тартагтаа тулах нь хааны хүсэл зоригийн эсрэг зүйл байсан.

Алтан ордоны үед Оросын Үнэн алдартны шашин сэргэн мандсан гэдгийг Үнэн алдартны шашны зүтгэлтнүүд өөрсдөө ч ярьдаг. Чухам энэ үед олон тооны сүм баригдсан, тэднийг татвараас чөлөөлж байсан. Тийм учраас Оросын тайжууд тэнд хөрөнгөө нууж байсныг хэлэх хэрэгтэй.

-Олон ургальч үзлийн талаар нэг юм хэлье. Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэх тухай нэгэн нийтлэл уншлаа. “Алтан ордон улс байгуулагдсаны ойг тэмдэглэх зард “Алтан ордон улсын давтагдашгүй шинж” гэсэн үгийг оруулсан нь оросын ард түмнийг боолчилсон, хөгжлийг нь хойш татсан үеийг магтан дуулсан хэрэг болжээ” гээд Алтан ордон улсыг гуравдугаар Рейхтэй зүйрлэжээ. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Бид ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Татарстаны газар нутаг дээр байна. Алтан ордон улс хэзээ ч Оросыг эзлэн түрэмгийлээгүй, тэнд хэзээ цэрэг байрлуулаагүй. 10 хувийн татвар авч хариуд нь аюулгүй байдлыг нь хамгаалж, зам гаргаж, санхүүгийн тогтолцоо бий болгож өгсөн. Оросын тайж нарыг Алтан ордон томилж байсан, оросууд Алтан ордон улсын армид алба хаах үүрэгтэй байсан, энэ бол ямар ч төрийн бүтцэд байдаг л зүйл.

Хэр зэрэг харгис байсан бэ? Угаасаа тэр цаг үе харгис байсан. Оросуудыг гутаахыг хэн ч хүсээгүй. Чингис хааны сургаалиар бүх үндэстэн, бүх соёл ижил тэгш эрхтэй байсан. Харин Узбек хаан үүнийг зөрчсөн, гэхдээ оросуудыг лалын шашинд оруулахыг албадаагүй. Татааруудын эсрэг ямар ч бослого тэмцэл гараагүй гэдгийг цохон тэмдэглэе. Харин ч татааруудад өгдөг татварыг далимдуулан өөрсдийн хувийг нэмэн авч байсан тайжуудынхаа эсрэг оросууд харин боссон.

Ер нь “хар домог”-ийн хэвшмэл ойлголт их түгээмэл. Энэ ойлголтыг бүүр хүүхэд байх үеэс сургуульд нь зааж, энэ тухай хэвлэл мэдээлэл нь бичиж байсан Бүүр Сталины үед Алтан ордны улсын тухай судлахыг хориглосон. Дайны үед ингэх ямар шаардлагатай байсан нь ойлгомжгүй. Тиймээс энэ хэвшмэл ойлголтыг хүмүүсийн ой ухаанаас арчих амархан биш. Бас дотроосоо дайсан олох гэсэн шовинист хандлага бас бий. Оросууд, татааруудыг эвдрэлцүүлэх оролдлого байнга байсаар ирсэн.

Оросууд хаанаас бий болсон бэ?

-Энэ онд тэмдэглэх ойн тухай ярилцъя. Энэ форум хоёр жил тутам зохиогддог. Энэ жилийн онцлог юу вэ?

-Цар хүрээний хувьд өргөн болно. Сонирхолтой нь бидэнд ч гэсэн “Таласын гэрээ” хийх шаардлага тулгарч байна. Яагаад гэвэл казахууд өөрсдийгөө Алтан ордон улсын залгамжлагч гэж үзэн энэ ойг тэмдэглээх зэхэж байна.

-Казахуудтай хамтарна гэсэн үг үү?

-Төрийн түвшинд биш. Бид Казахстаны эрдэмтэдтэй ярилцаад, энд ирж хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурахаар юу ч гэсэн тохироод байна. Бид бас киргизүүдийг урьсан. Мөн Алтан ордон улсын талаар судалдаг эрдэмтдийг урьсан. Алтан ордоны улсын түүхийг судалдаг эрдэмтдийн ертөнцөд юу болоод байгааг бас мэдэхийг хүсч байна

-Алтан ордон улсын түүхийг судалдаг эрдэмтэд хэр олон байна вэ?

-Олон байна. Сүүлийн жилүүдэд энэ сэдвийг сонирхон судлах хүн олширсон. Зарим нэг нь бидний судалгааг хол хаясан байна. Москва болон Петербург энэ сэдвээр өөрийн гэсэн арга барил, школыг бий болгосон. Залуу эрдэмтэд ч олон байна. Энэ сэдэв анхаарлын төвд байна, яагаад гэвэл “Орос хаанаас бий болсон бэ” гэдэг асуултын хариуг хайж байна.

Энэ асуултад хоёр янзын хариулт бий. Киевийн Русь, Норманы онол гэсэн хоёр хувилбар бий. Одоо цагт Орос Киевээс угшилтай гэж ярих нь жаахан төвөгтэй болсныг та мэдэж байгаа, бас дээрээс нь украинчууд Оросыг Литовын ханлигт харъяалагдаж байсан гэж яриад эхэллээ. Норманы онол бас явахааргүй. 14 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан жижигхэн Новгородоос их эзэнт гүрэн яаж бий болсон байх уу. Тэгэхээр Алтан ордон үлдэж байгаа юм.

Алтан ордоны улсаас маш олон татаарууд янз янзын шалтгаанаар Москвад ирж суурьшсан. Ялангуяа Узбек хааны исламизацийн үед. Москва хот бол Мөнхтөмөр хааны үед бий болсон. Тэр Суздалийн ханлигаас Москваг салган Даниилд өгсөн. Өөрөөр хэлбэл, Москва бол хагас орос, хагас татаар хот байсан. Ордод байр сууриа олоогүй олон хүн Москвад ирж байсан.

Борис Годунов, Касимовийн хаан Семион Бекбулатович гээд Оросын арми, флотод олон татаар хүн өндөр зэрэг дэвтэй байсан. Европын ихэнх орны морин цэрэг татааруудаас бүрдэж байсан, Польшийн улан, Литовийн ратыг нэрлэж болно. Орос хэлэнд маш олон татаар үг байдаг. Оросын эзэнт гүрэн орос, татаарын хослол дээр бий болсон. Гэхдээ Екатерина хатан хааны үеэс барууны угшил орж ирж, түүх шинээр бичигдэж эхэлсэн. Энэ үеэс Карамзин, Ключевский, Соловьев нар түүхийн шал өөр аясыг бичиж эхэлсэн. Екатеринагаас өмнөх түүхэн бичвэрүүо хаашаа ч юм алга болсон, зарим хүн зориуд шатаасан ч гэж ярьдаг.

-Ойг тэмдэглэхээр Казаньд хэчнээн улсын эрдэмтэд ирэхээр байна вэ?

-Москва, Петербургээс том баг ирнэ. Үүнээс гадна Унгар, Польш, Румын, Серби, Их Британи, АНУ, Монгол, Япон, Иранаас ирнэ.

Өнөө цагийн улстөрчдөд татаарууд салан тусгаарлагчид гэсэн бас нэг хэвшмэл ойлголт байна. гэвч түүхээ харах юм бол татаарууд төр улсыг төвхнүүлэгчид. Түүхийг харах юм бол татаарчууд ямар нэг улс байгуулаагүй үе байхгүй.

-Алтан ордон улсын түүх судлалын хувьд сүүлийн үед хийгдсэн шинэ сэдэв, баримтууд юу байна вэ?

-Алтан ордон улс судлал гэдэг маань өөрөө маш онцлог, сонирхолтой сэдэв болоод байна. “Дэлхийн түүхэн дэх Алтан ордон” нэртэй танилцуулга хийхээр Оксфордод очиход анх удаа ийм улсын тухай сонслоо гэсэн эрдэмтэд олон байсан. Тэд монголчууд, дорнын улсуудын талаар судалж байсан ч татааруудын талаар сонсоогүй байсан. Зөвхөн Их Британи биш Франц, Унгар, Болгарт ижилхэн байсан. Харин одоо энэ сэдэв маш чухал болсон, яагаад гэвэл Алтан ордоны түүхийг судлахгүйгээр дэлхийн түүхийг ойлгох аргагүй.

Ихэнх нь Монголын эзэнт гүрэн гэж нэрлэдэг нь анхны хааны залгамжлалаар ярьж байгаа хэрэг. Үнэндээ жинхэнэ монгол буюу халх, ойрат гаралтай хаад ховор. Эрдэмтэд Алтан ордоны улс монгол, ямар нэг тюрк гэсэн хоёр хэлээр ярьдаг байсан гэдэг. Тэгвэл монгол хэл дээр бичигдсэн ямар нэг түүхэн баримт байна уу. Тийм баримт байхгүй. Харин татаар хэл дээр бичигдсэн түүхэн баримтууд бий. Хэрвээ энд монголчууд хаанчилж байсан юм бол үр сад нь одоо хаа байна вэ? Бид татаарчуудын генетикийн судалгааг хийж байгаа. Бараг 1000 илүү хүний судалгааг харахад монголчуудын ген гэж хэлж болох цөөн тохиолдол байна.

Алтан ордон бол тогтвортой санхүүгийн системтэй, маш сайн замтай, хилээ чанд хамгаалсан, өөрийн гэсэн хууль дүрэмтэй хүчирхэг улс байсан. Энэ бол өндөр хөгжилтэй иргэншил байсан, түүнээс биш дээрэмчид байгаагүй.

Лина Саримова, фото Максима Платонова

Источник: realnoevremya.ru

ЭХ СУРВАЛЖ 7

"Оросуудыг ялан дийлсэн цорын ганц тохиолдол"
ОХУ-ын ШУА-ийн Оросын түүхийн хүрээлэнгийн Үндэстэн хоорондын хэлхээ холбоо ба Оросын ард түмний түүхийн төвийн дарга, Түүхийн шинжлэх ухааны доктор Вадим Трепавловын www.lenta.ru сайтад өгсөн ярилцлага
DSC1590

Алтан ордон улсын залгамжлагчид хэмээн өөрсдийгөө цоллож буй казахууд болон татарууд 2019 онд Казахстан улсын Нурсултан хот /Астана/ болон ОХУ-ын Казань хотод Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ойг өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ түүхэн ой зохиомол уу, "Орда" гэсэн үг орос хэлэнд яагаад сөрөг утга агуулах болов, Москва Алтан ордон улсын нэг хэсэг байсан уу, орчин үеийн ОХУ Алтан ордон улсын залгамжлагчид уу гэсэн асуултын хүрээнд lenta.ru сайт ОХУ-ын ШУА-ийн Оросын түүхийн хүрээлэнгийн Үндэстэн хоорондын хэлхээ холбоо ба оросын ард түмний түүхийн төвийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор Вадим Трепавловтой хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-2018 онд “Алтан ордон улс” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоход казанийн түүхчид ихэд шүүмжилсэн. Тэд Алтан ордон улсыг бүдүүлгээр харуулсанд ихэд ундууцаж буйгаа илэрхийлсэн. Үүнээс гадна, өнөөдөр цахим орчинд украины троллууд биднийг "орда" гэсэн үгээр доромжлох боллоо. Үнэхээр "Орда" гэсэн үг орос хэлэнд сөрөг утга агуулдаг уу?

-"Орда" гэсэн үг түүхэн уламжлалаас орос хэл, орос хүний ухамсарт шингэсэн. Таны ярьж буй кино бол бүхэлдээ оросын соёл иргэншлийг харуулсан, үүнтэй нь бүрэн нийцэж байгаа. Харин "Орда" гэсэн үгний сөрөг утга XIII зууны үеэс оросууд хүнд, хэцүү цаг үетэй тулгарч байсантай холбоотойгоор гарч ирсэн. Учир нь, тухайн үед Оросын газар нутаг анх удаа халдлагад өртөж, булаан эзлэгдсэн. Иймээс л "Орда" гэсэн үгэнд эерэг утга тохирохгүй байх гэсэн бодож байна. Иймэрхүү үзэл нь дундад зууны үеийн хүмүүсийн ухамсарт гүн шингэсэн байдаг. 

-Дундад зууны хүмүүсийн ухамсарын онцлог юунд оршиж байв?

-Монголчуудын дарлалыг оросууд тэнгэрийн шийтгэл, өнгөрсөн хугацаанд тасралтгүй тэмцэлдэж байсны шийтгэл гэж хүлээн авч байсан. Иймээс л "Орда"-г ойлгоход сөргөөр нөлөөлсөн байх. Гэхдээ Монголын эзлэн түрэмгийллийг оросууд шийтгэл хэмээн даруухнаар хүлээн авсан байдаг. Учир нь, олон арван жил Алтан ордон улсад ямар нэгэн бослого, үймээн гарч байгаагүй бөгөөд буруу зүйл, хүчирхийллийн эсрэг бүгд нэгдэн тэмцдэг байсан. 

-Бослого гарч байгаагүй гэв үү. Тэгвэл 1250-1260 оны үед Оросын зүүн хойд хэсгийн хотууд болон Новгородод гарч байсан томоохон бослогыг юу гэж ойлгох вэ?

-Би энэ тухай л ярьж байна. Тэр бослого бол Хаант улсын төр засгийн эсрэг биш байсан. Харин оросын хотуудад цугласан мусульманчуудын өдөөн турхиралтын эсрэг бослого байсан юм.

Гэхдээ би Татарстаны түүхчидтэй санал нэг байна. Өнөөдөр түүхийн хуучин стереотипээс салах цаг нь болсон. Алтан ордон улсыг тухайн үеийн төсөөллөөр нь авч үзэх нь зохимжгүй ээ. Энэ түүх бол маш сонирхолтой бөгөөд хэцүү.

-Гэхдээ Татарстан болон Казахстаны түүхчид өнөөдөр Алтан ордон улсыг Евразийн соёл иргэншлийн гайхалтай хөгжлийг харуулсан хэмээн ярьж байна шүү дээ. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үнэн бол яг дунд нь оршдог. Асуудал юунд байна вэ гэхлээр Алтан ордон улс бол маш хэцүү зохион байгуулалттай байсан. Татарстан болон Казахстан эрдэмтдийн судалгаа, Алтан ордон улсыг судалдаг археологчдийн хөдөлмөрийг үнэлэх юм бол Алтан ордон улсад хотын соёл иргэншил өндөр түвшинд хөгжсөн нь харагдах болно. Тус улсын хүн амын ихэнх нь нүүдэлчид байсан. Энэ бол соёлын өвөрмөц хэсэг байсан. Алтан ордон улсын хотуудад худалдаа наймаа өргөн дэлгэрч байсан. Гэхдээ нүүдэлчдийн тал нутаг бол Алтан ордон улсын үндэс суурь байсан бөгөөд ихэд хараат байсан. Иймээс миний харж байгаагаар Алтан ордон улсын түүх гэдэг бол Евразийн өндөр хөгжсөн соёл иргэншлийн түүх гэж харах нь нэг талын төсөөлөл гэж үзэж байна.

-Татар-монголын дарлал /татаро-монгольское иго/ гэдэг ойлголтыг ашиглах нь хэр зохимжтой вэ? Хэдэн жилийн өмнө сурах бичигт энэ үгийг нейтральный утгаар ашиглах болсон?

-Энэ бол Татарстаны түүхчдийн хийж буй үйлдэл гэж харж байна. Мэдээж, ойлгож байна. Гэхдээ “дарлал” гэдэг үгээс татгалзах хэрэггүй гэж бодож байна. Зүгээр тэрхүү үгийн утгыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Учир нь, “дарлал” /иго/ гэдэг үг шинжлэх ухааны үг хэллэг болчихсон шүү дээ. Алтан ордон улсын орчин үеийн залгамжлагчдын нүдэн дээр түүхэн уламжлалыг өөрчлөх хэрэггүй гэж бодож байна. Эцсийн эцэст 500 жилийн түүхтэй Балкан дахь османы дарлалтай харьцуулахад Алтан ордон улсын дарлал орос оронд харьцангуй дарамт багатай байсан гэж хэлж болно

-Оросууд Алтан ордон улсын нэг хэсэг байснаар засаглал болон соёлд онцгой нөлөө үзүүлсэн гэдэг?

-Эртний орос улс тухайн цаг үеийн европын улсуудын нэгэн адил байсан. Монголчууд Оросын нутаг дэвсгэрт орж ирэх хүртэл Европын бусад улс яаж хөгжиж байна яг л тэр замаар л явж ирсэн. Харин Алтан ордон улсын үед оросын нутаг дэвсгэр европын улстай харьцуулахад хөгжил буурсан. Өөрөөр хэлбэл, Европ болон Оросын зам хоёр тийшээ салсан гэж хэлж болно.

Алтан ордон улс Москвад их нөлөөлсөн. Тухайлбал, европт байгаагүй шиг өөрийн гэсэн онцлогтой хаант засаглалтай болсон. Оросууд Монголын эзэнт гүрнээс хараат болж эхэлсэн. 

Өөрөөр хэлбэл?

-Өөрөөр хэлбэл, орос улсын хааныг тодруулахдаа заавал Монголын эзэнт гүрнээр баталгаажуулдаг байсан. Оросууд Монголын эзэнт гүрэнд өргөл барьдаг байсан. Мөн ард түмний өөрөө удирдах эрх алга болсон. Үүнээс гадна, оросууд Монголчуудаа цэргийн бүтэц, зохион байгуулалт, техник гээд олон зүйл сурсан гэж үздэг. 

-Харин соёлд ямар нөлөө үзүүлэв?

-Оросын соёл, хэл, хувцас, гал тогоонд түрэг үндэстнүүдээс орж ирсэн зүйл их бий. 

-Та яагаад Оросын зүүн хойд хэсэг Алтан ордон улсын хэсэг байсан гэж үздэг юм вэ? Ихэнх түүхчид үүнийг үгүйсгэдэг шүү дээ?

-Алтан ордон улс бол онцлог эзэнт гүрэн байсан. Түүний хэсэг бүр өөр, өөр статустай байсан. Оросын зүүн хойд хэсэг Алтан ордон улсын хэсэг байсан гэдэгт хоёр шалтгаан бий. Нэгт, тэр нутгийн оросууд Алтан ордон улсын эзэнт гүрэнд татвар төлдөг байсан. Мөн Алтан ордон улсаас тухайн нутаг дэвсгэрийг удирдах хүнийг батламжилдаг байсан. Энэ системээр орос орон бий болсон.

-Хэрвээ тийм бол Алтан ордон улсын хэсэг байсан зүүн хойд хэсэг тухайн цаг үед ямар статустай байв?

-Харьцангуй өвөрмөц. Хэрвээ Алтан ордон улсын бүх газар нутгийг хэсэг, хэсэг улсад хуваах юм бол оросын удирдагчид өөрсдийнхөө удирдагчдын засаглал дор үлдсэн 

-Өөрөөр хэлбэл тэдний статус онцгой байсан гэсэн үг үү?

-Үгүй ээ. Тийм нөхцөлд Гүрж, Азийн зарим улс, Киргиз, Уйгурууд байсан.

-Оросын зүүн хойд хэсэг эзлэгдсэн хэдий ч Алтан ордон улсын нөлөөнд ороогүй гэсэн үг үү?

-Тиймээ. Тэд хэзээ ч биднийг өөрсдийн эрхшээлдээ барьж бгаагүй. Заримдаа хааны төлөөлөгч л хааяада ирдэг л байсан

Орчин үеийн Орос орон Алтан ордон улсын түүхэн залгамжлагчид байх магадлалтай юу? Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Москвагийн ноёд иймэрхүү зүйл их ярьдаг. Гэхдээ тэд Алтан ордон улсын хаадын засаглалын арга барилыг өвлөж авсан. Үүнийгээ тэд хойч үедээ уламжлуулсан байдаг. Түүхээс харахад Москвагийн ноёд Номхон далай хүрэхэд тэдэнд Алтан ордон улсаас залгамжилж авсан удирдах арга барил ашиг тусаа өгсөн.

Гэхдээ москвагийн ноёд Алтан ордон улсын хаадын залгамжлагчид байсан гэж хэлж болохгүй. Тухайн үед Орос улс үнэн алдартны шашинтай хаант улс байсан бөгөөд Византийн залгамжлагчид гэж өөрсдийгөө үздэг байсан.

Иван Грозный өөрийгөө агуу хаан Август болон Рюрикийн үр удам гэдэг байсан. Иймээс Алтан Ордон улсын залгамжлагчид гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Москвагийн үзэл санаа нь бүхэлдээ европ, харин засаглалийн технологит Алтан ордон улсын практикийг шингээсэн

-Татарстаны эрдэмтэд Рафаэль Хакимов ярихдаа оросууд бие биеийгээ хядаж байсан, Харин Алтан ордон улс тэднийг нэгтгэсэн гэсэн. Үүнтэй та санал нийлэх үү?

-Алтан ордон улсын түүхийг Оросын түүхтэй янзан бүрээр холбоход би их гайхдаг. Яагаад гэвэл Алтан ордон улс бол эртний Оросын түүхийн хэсэг биш, гэхдээ орчин үеийн Оросын түүхийг салшгүй нэг хэсэг.

Хэдийгээр орос улс Алтан ордон улсын хэсэг байсан ч бие даасан улс төрийн замналтай байсан. Тэд оросуудын хэрэгт оролцдоггүй байсан.  Тухайн үед оросууд татаруудыг бараг харж байгаагүй. Оросуудын нутаг дэвсгэрт хааяадаа хааны элч ирж, удирдагчдыг баталгаажуулдаг байсан.

-Алтан ордон улс байгуулагдсаны 750 жилийн ой энэ онд тохионо. 1269 онд Талаасын хуралдаанаар Казахстанд энэ улс бий болсон гэдэг.  Хожим нь татарууд эзэлсэн гэх энэ талаар?

-Энэ тоог би зохиомол гэж бодож байна. Үнэн хэрэгтээ, 1269 онд Алтан ордон улс Монголын эзэнт гүрнээс бие даах оролдлого хийсэн ч бүтээгүй. Миний хувьд 1266 онд Мөнх-төмөр хаан Алтан ордон улсыг удирдаж эхэлснээс тооцох хэрэгтэй гэж боддог.

-Өнөөдөр Киевийн оросуудын залгамжлагчид нь Украинчууд уу, Оросууд уу гэж их маргалддаг. Украин, Оросын зөрчил ч хурцдаж байна. үүнтэй холбоотойгоор асуухад, Алтан ордон улс байгуулагдсаны ойн хүрээнд Казахстан, Татарстанаас дарамж шахалт ирэх үү?

-Тэр хүртлээ явахгүй байх гэж найдаж байна. Алтан ордон улсын түүх бол Орос болон Казахстан улсын ард түмний нийтлэг өв. Казахстанд улсын хэмжээнд тэмдэглэх бол Орост бүс нутгийн хэмжээнд тэмдэглэнэ гэж ойлгож байна. Тухайлбал, олон улсны форум зохион байгуулах гэж байна шүү дээ.

Түүхч Игорь Данилевский Оросын түүхт Алтан ордон улсын түүхийг оруулах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Тэгэлгүй яахав. Игорь Данилевский зөв ярьж байна. “Оросын түүх” гээд 20 боть ном дээр ажиллах үед би ирээдүйн ОХУ-ын газар нутаг дээр Алтан ордон улсын түүхийг оруулахыг байнга зөвлөдөг. Алтан ордон улс бол манай улсын түүхий салшгүй нэг хэсэг юм.

Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ 8

Алтан ордон улсын тухай баримтууд
Алтан ордон улс буюу Зүчийн улсын талаар баримтыг нэгтгэн хүргэж байна 
аэ

1. Чингис хаан 1218 онд Хорезм улсыг дайлахаар мордоод 1224 онд эрхшээлдээ оруулж авсны дараа эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ хувь өмч хуваан өгсөн тухай Монголын түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ууган хүү Зүчид өгсөн хувь эзэмшилд Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв

2. Алтан ордон улсын нийслэлийг Сарай гэдэг байсан бөгөөд тухайн цаг үеийн хөгжингүй хотын нэг байв. Мөн эртний Торгоны замын төв цэг байжээ. Тус хотод 150 мянган орчим хүн оршин суудаг байжээ. Сарай  гэдэг үг нь орд гэсэн утгийг агуулдаг Монгол-түрэг гаралтай үг. 

3. Алтан ордон улсын хүн амын 80 хувь нь түрэг угсаатан байсан. Монголчууд үндэсний цөөнхийг бүрдүүлдэг байсан хэдий ч нийгмийн дээд давхарга элитүүдийн хэсгийг бүрдүүлдэг байв. 

4. Зүчийн улсын иргэд нь суурин болон нүүдлийн соёл иргэншил хосолсон аж амьдралтай байсан. 

5. Монгол хэл XIV зуун хүртэл Алтан ордон улсын төрийн албан ёсны хэл байсан. Тэр ч байтугай 1450 он гэхэд Монгол хэл Москвагийн II Василийн ордонд "мода" болж байв. Харин Алтан ордон улсын хаадын зарлиг Араб хэл дээр бичигдэн үлджээ. 

6. Алтан ордон улсын аж ахуйн үндэс нь мал аж ахуй, газар тариалан байсан ч зөгийн аж ахуй, загасны аж ахуй эрхэлж байв. 

7. Ислам төрийн шашин болж, аажимдаа католик, буддын шашин шахагдсан ч тэнгэр шүтлэг хүчтэй хэвээр үлджээ

8. Сарай хотод Узбек хааны үед исламын шашны хамгийн том номлолын сургууль баригдсан. Улмаар исламын шинжлэх ухааны хамгийн том төв болж байсан.Мөн тухайн үеийн хамгийн том боловсролын төв болж байжээ. 

9. Зүчийн улсын иргэд өөр өөрийн үндэсний өвөрмөц маягийн хувцастай байсан. Монгол дээл түрэг загварын, исламын хэв шинжтэй болсон. Энэ үйл явц Зүчийн улс дахь Монголчуудын хувцсанд үндсэн өөрчлөлтүүдийг авчирсан. Исламын шашны нөлөөгөөр дээлний загвар өөрчлөгдөн богино болж мөн шилбэний оронд төмөр товч хаддаг болсон. Зүчийн улсын ард иргэдийн хувцасны талаарх судалгаа өнөө хэр дорвитой хийгдээгүй. 

10. Худалдаа тус улсын гол үндэс байсан бөгөөд худалдааг хэт шүтсэн нь мөхөх нэг шалтгаан болсон гэж үздэг 

Алтан ордны хаад

1. Бат хан (1237-1256)
2. Сартаг хан (1255-56)
3. Улагчи хан (1257)
4. Бэрх хан (1257-1266)
5. Мөнхтөмөр хан (1266-1282)
6. Тодмөнх хан (1282—1287)
7. Тулабуга хан (1287—1291)
8. Тохта хан (1291—1312)
9. Өзбег хан (1312-1341)
10. Тинибег хан (1341-1342)
11. Жанибег хан (1342—1357)
12. Бердибег (1357—1361)
13. Кульпа (1359-1360)
14. Наурузбег (1360-1361)
15. Хидырьбек (1361-1362)
16. Төмөрхожа (1362)
17. Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
18. Мурид (1362-1367), бодитоор бол Мамай захирч байв
19. Азиз (1367-1369), бодитоор бол Мамай захирч байв
20. II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв
21. Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв
22. Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв
23. Айбек (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
24. Араб шах (1376-1379), бодитоор бол Мамай захирч байв
25. Хаанбек (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
26. Илбани (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
27. Хажи Черкесс (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
28. Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв, ийнхүү Ордуудыг нэгтгэж чаджээ.
29. Тохтамыш (1380-1395)
30. Төмөркутлуг (1396-1401), жинхэнэ захирагч нь Эдигу
31. Шадибек
32. Болд султан
33. Төмөр (1410-1412)
34. Желал Ад Дин
35. Керим Берди
36. Кебек (Алтан Орд)
37. Жаббар Берди
38. Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
39. Давлет Берди
40. Борак (1422-1427)
41. Саид Ахмед (1433? - ?)
42. Хүчүг Мухаммед (1459-1465)
43. Ахмед (1465-1481)
44. Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
45. Муртаза (1498-1499)

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж