Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 11 хувьд үлдээж, тэтгэврээс бусад зээлийн өр орлогын харьцааг 60 хувь болгон шинэчиллээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаа цөөн асуултад хариулт авлаа.
-Монгол банкнаас хэрэглээний зээлийг хумих бодлогыг баримталж байгаа. Хэрэглээний зээл, бичил санхүүгийн зах зээлд шилжих эрсдэлийг хэрхэн харж байна вэ?
-Монгол банкны хэрэглээний зээлд баримталж буй гол үндсэн зорилго бол дунд урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн системд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх агуулгын хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. Энэ оны эхний хоёр сарын байдлаар хэрэглээний зээл дэх бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч эхэлсэн. Тухайлбал, хэрэглээний зээл жилийн өсөлтийн дүнгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 55 хувьд хүрсэн бол энэ тоо 43 хувь болж, буурлаа. Нөгөө талаас банк бус санхүүгийн байгууллагууд зээлийг маш хурдан шийдвэрлэдэг болсон нь хэрэглээний зээл өсөх шалтгаан болж байна.
-Монгол Улсад төрийн бодлогын тогтворгүй байдлын эрсдэл ойрын үед өсөх хандлагатай байна гэж гаднын шинжээчид дүгнэжээ. Энэ асуудлыг төв банкнаас таамаглал гаргахдаа хэр үндэслэж үзсэн бэ?
-Улс төрийн тогтворгүй байдалтай уялдуулан эдийн засгийн эрсдэл үүснэ гэж хэлэх боломжгүй. Эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг харахад гадаадын хөрөнгө оруулагчдын байдал, Засгийн газрын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөж тогтвортой түвшинд байна. Үүнийг хөрөнгө оруулагчид сөргөөр хүлээж авахгүй байгаа болов уу. 2019 оны эхэнд Монголын ипотекийн корпораци гадаадын хөрөнгийн зах зээл дээр 300 сая төгрөгийн бондыг амжилттай арилжааллаа. Өнгөрсөн оны эцэст Монголын хөгжлийн банк бондоо гаргасан. Эндээс дүгнэвэл Монгол Улстай хөрөнгө оруулагчдын харилцаа сайн байна гэж харж байна. Удахгүй зээлжих зэрэглэлийн байгууллагууд Монгол Улсад айлчилж, уулзалтууд зохион байгуулна. Энэ үеэр яриа хэлэлцээрүүдийг тодорхой хийнэ байх гэж бодож байна.
–Төлбөрийн тэнцэл 500 саяын ашигтай гарах таамаглал байна. Ямар эерэг үзүүлэлтийг үзүүлж ханшийн гол үзүүлэлт болох төлбөрийн тэнцлийг ашигтай байна гэж үзсэн бэ?
–Монгол банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн сүүлийн төсөөллөөр төлбөрийн тэнцэл 500 орчим сая төгрөгийн ашигтай гарна гэж үзлээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйлсийг тооцоолсон. Нэгдүгээрт, нүүрсний экспорт өмнөх жилээс 10 хувиар өсч 39 сая тоннд хүрнэ гэж төсөөллийг гаргалаа. Учир нь нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 хувийн өсөлттэй байна. Нүүрсний экспортын биет хэмжээ, түүний өсөлтөөс эерэг дүр зураглал гарч буй. Импорт өсөх хандлагатай ч өнгөрсөн оноос буурах төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн өсөлт саарах, түүний импортын өсөлтийг өдөөж байсан дарамт суларна. Худалдааны тэнцэлд орж ирэх дарамт харьцангуй бага буюу өнгөрсөн жилд гарсан ашиг энэ жил үргэлжилнэ гэж бид хүлээж байна. Төлбөрийн тэнцэл бүхэлдээ ашигтай гарахад гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд үргэлжилнэ. Энэ онд 1.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх тооцоолол байна. Түүнчлэн Монголын хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс их хөшүүргүүд оруулж ирсэн. Оны нэгдүгээр улирлын байдлаар 300 сая ам.долларыг төвлөрүүллээ. Энэ нь төлбөрийн тэнцлийг эерэг үр дүнтэй гарахад томоохон хувь нэмрээ оруулна. Мөн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох санхүүжилт бий. Энэ нь өнгөрсөн онуудад орж ирсэн санхүүжилт болон олгоогүй санхүүжилт 2019 онд хийгдэхээр хүлээгдэж буй. Санхүүжилт олгож эхэлбэл нийт төлбөрийн тэнцэл эерэг дүн гарна гэж урьдчилан тооцооллоо.
– Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 160 тэрбумын асуудлыг ярьсан. Хууль зөрчиж аж ахуй нэгжүүдэд зээл олгосон нь үнэн үү?
– Зуун жаран тэрбумын зээл нь огт шинэ асуудал биш юм. 2012-2016 онд төсвийн шинжтэй Улаанбаатар хотын банкаар олгогдсон зээл юм. Энэ зээлийн гэрээг цуцалж, эргэн төлүүлэхээр Монгол банкнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Арилжааны банкууд охин компани байгуулж, банкны бус үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
– Банкны тухай хууль болон Төв банкны тухай хууль эрхзүйн шинэчлэлтийн хүрээнд арилжааны банкууд охин компани байгуулж бизнес эрхлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан.
– Мөнгөний бодлогын зөвлөлөөс цаашид бодлогын хүүг нэмж болзошгүй гэлээ. Эдийн засгийн өсөлттэй байхад бууруулах боломжтой биш үү ?
-Оны эхний улиралд Валютын ханш 0.5 хувийн чангаралттай байна. Бид бодлогын хүүгээ хэт чангалбал зээлийн хүүгээр дамжиж зээл авсан аж ахуй нэгж байгууллагуудад нэмэлт дарамт үүснэ. Инфляцын түвшин одоогийн бидний төсөөлж буй найман хувиас хэт давбал бид бүхэн бодлогын хүүгээ өсгөж болзошгүй. Төсвийн тэлэлт хэр хүчтэй хийгдэх үү, гадаад хүчин зүйлсийн хүчин зүйлсээс шалтгаална. Бид бүхэн бодлогын хүүгээ нэг хувиар өсгөж байсан түүх бий. Мөнгөний бодлогын зөвлөл тухайн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрээ гаргана.