Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн бүтээлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн бүтээлийн уралдаан зарлалаа

Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн бүтээлийн уралдаан зарлалаа

Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих” аяны хүрээнд өнөөдөр /2019.03.21/ “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн хөндөх вэ” нээлттэй хэлэлцүүлгийг мэргэжилтнүүд зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн эхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал асан Д.Энхжаргал “Эрх мэдлийн алхаа” дасгалыг оролцогчдоор хийлгэлээ. Тэрбээр “Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийн эхэнд “Эрх мэдлийн алхам” дасгалыг оролцогчдоор тоглууллаа. Энэ дасгалаар нийгэмд байр суурьтай иргэд нийгмийн баялгийг хангалттай хүртэж байгаа бол өнчин болон нийгмийн халамж шаардлагатай иргэдэд нийгмийн баялгаас хүртэх боломж алга байна гэдгийг харсан байх. Тэгэхээр жендерийн тэгш бус байдал гүнзгийрэх явдал газар авч байгаа юм” гэв.

Т.УНДАРЪЯ: АР ГЭРИЙН ҮНЭЛГЭЭГҮЙ АЖЛЫГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС 2.4 ДАХИН ИХ ХИЙДЭГ

“Хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгэмд болж буй асуудлыг олон талт байр сууриар гарган ирэх чухал үүрэгтэй. Тэр утгаараа жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүй зайлшгүй байх ёстой ойлголт юм. Яагаад жендерийн гэж онцолж байна вэ гэхээр бусад оронд ч гэсэн зарим зүйл ийм байх ёстой юм шиг уламжлагдаад ирсэн байдаг. Жишээлбэл, судалгаагаар ар гэрийн үнэлгээгүй ажлыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.4 дахин их хийдэг гэсэн дүн гарсан. Эрчүүд ажлаасаа ирээд гэртээ амарч байхад эмэгтэйчүүд гэртээ ирээд ар гэрийн ажлаа хийж, хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлдэг. Энэ бол хувь хүний хувьд тэгш эрх хангагдаагүйн тод жишээ. Гэтэл жендерийн тэгш бус байдлаас үүдэн эмэгтэйчүүд нийгэмд байр суурь эзэлж чадахгүй, ажил олгогчид эмэгтэй ажилтан авах дургүй байх, эрчүүдтэй адил цагийг ажилдаа зарцуулж чадахгүйгээсээ хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байх зэрэг асуудлууд үүсэж байна. Тиймээс ч өнөөгийн нийгэмд жендерт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд ихэвчлэн өртөж байна. Аливаа төрлийн хүчирхийлэл нь эрх мэдлийн асуудал байдаг. Жендерт суурилсан хүчирхийлэл гэдэг нь “Эмэгтэй хүн учраас” юм уу, “Эр хүн байж” гэж эрэгтэй хүн эмэгтэй хүнийг, эрэгтэй хүн эрэгтэй хүнээ хүчирхийлэх тохиолдол бий. Бид эцгийн эрхт ёсны уламжлалыг хүмүүст  хүчээр тулгаж, хүчирхийлж, нийгэмжүүлэх явдал гарсаар байна” гэж Улс төр судлаач, “Монфемнет” үндэсний сүлжээний зөвлөх Т.Ундаръя байр сууриа илэрхийллээ.

Р.ОЮУНЦЭЦЭГ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НИЙГМИЙН ЗАРИМ БҮЛГИЙН ДУУ ХООЛОЙГ ОРХИГДУУЛЖ БАЙНА

Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг

“Бидний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагын жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих аяныг хоёрдугаар сарын 15-наас эхлэн зарласан. Энэ аяны хүрээнд жендерийн мэдрэмж гэдэг нь аль нэг хүйсийн төлөөллийг хэвлэл мэдээллийн агуулгад тэгш байдлаар тусгах, аливаа асуудлаар эрэгтэй, эмэгтэй хүний дуу хоолойг нь адилхан хүргэх боломжийг олгох бодолтой байгаа. Жендерийн тэгш байдал нь цаанаа сэтгүүлзүйн бодит, тэнцвэртэй байдал, мэргэжлийн ёсзүйн асуудлыг хөндсөн, агуулгын тэнцвэрийг хадгалах зүйл юм. Нийгэм маш олон бүлгээс бүрддэг. Тэр дундаа энэ бүлгүүдийн төлөөлөл өөрийн түвшинд дуу хоолойгоо тэгш илэрхийлэх боломжтой.  Харин энэ боломжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд орхигдуулаад байна уу гэж  ажиглагдаад байна” гэдгийг Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг ярилаа.

Жендерийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг дэмжих аяны хүрээнд зарласан уралдааны болзол ба шалгуур

“Шилдэг редакци” – ийг нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын шинэчилсэн бичиг баримтуудаар
“Шилдэг сэтгүүлч” – ийг бүтээлээр нь тус тус шалгаруулна

Бодлогын бичиг баримт, бүтээлүүд нь 2019 оны хоёрдугаар сарын 15-наас хойш гуравдугаар сарын 29-нийг дуусталх хугацаанд боловсруулсан ба нийтэлж нэвтрүүлсэн байна.

Шилдэг редакци – 2 /тус бүр 3.000.000 төгрөгийн шагналтай/
Шилдэг сэтгүүлч – 2 /тус бүр 800.000 төгрөгийн шагналтай/

Материал хүлээн авах: 
Редакцийн бодлогын бичиг баримтуудыг pim@pressinst.org.mn хаягаар авна
Нийтлэл, нэвтрүүлгүүдийг сэтгүүлчид #Зөв нийтлэл фэйсбүүк пэйжд шэйр хийж байршуулна.  "Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар нийтэлж, нэвтрүүлэхэд баримтлах зарчим"- тай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг #Зөв нийтлэл фэйсбүүк пэйжээс авна уу.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж