Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргахад хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэгтэйг бөгөөд энэ механизм амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал бөгөөд Монголын тал Хятадын хил залгаа мужууд, Өөртөө засах орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн гэдгийг дурдав.
Монгол, Хятадын хил дээр улирлын чанартай 13 боомт ажиллаж байгаагаас 4 боомт нь ШУӨЗО-ны нутаг дэвсгэр дээр байгаа. Эдгээр боомтуудын дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, заримыг нь байнгын ажиллагаатай болгох асуудлыг шийдвэрлэхийг Монголын тал зорьж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн тэрээр хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх том боломж, бололцоо байгааг дурдаад, Монголын баруун бүсийн аймгууд мал аж ахуй, газар тариалан, туслах аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ШУӨЗО-той хамтран ажиллах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байна гэдгийг хэлэв.
Үүний сацуу бие биеэ нөхөн ажиллах, хөрөнгө оруулалт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэргүүний технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монголын тал дэмжиж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ.
А.Иминбайхай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс, ШУӨЗО-ны худалдаа, эдийн засгийн харилцаа тоон дүнгээр байнга өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэлээ.
Тэрээр Ерөнхий сайдын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зохих газруудад асуудлыг дэвшүүлэн, улмаар шийдэх талаар ажиллах болно гэж мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд А.Иминбахай Монгол Улс, ШУӨЗО, тэр дундаа Монголын байруун аймгуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлэн, “хамтран хөгжихөд бэлэн байна” гэж хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.