Хоёр мянганы зааг дээр үндэсний бөхийн төрийн наадмын зүлэг ногоон дэвжээр дээр нэгэн үеийн хүчит “6 заан” уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгадаг байсан. Тэд өдгөө бүгд цолоо ахиулан 3 нь аварга, 1 нь арслан, 2 нь гарьд цолонд хүрсэн. Эдгээр хүчитнүүдээс удамт бөх МУ-ын спортын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ААШТ-ий хошой мөнгө, 1 хүрэл медальт Б.Гантогтох гарьдын амжилтыг онцлож байна. Учир нь Б.Гантогтох гарьд улсын наадамд 10 удаа шөвгөрөхдөө 3 удаа үзүүрлэж зарим арслан цолтой бөхчүүдээс өндөр амжилт үзүүлсэн байдаг.
Улсын гарьд Б.Гантогтох 1994 оны улсын баяр наадмын 768 бөхийн оноо дансанд багтан барилдаж М.Мөнгөн арслангаар 5, Д.Бумбаяр начин (заан)-аар 6, П.Сүхбат заан (гарьд)-аар 7 даван шууд улсын заан цол хүртсэн. Анх 1994 онд зодоглон заан цол хүртснээс хойш нийтдээ 10 удаа төрийн наадамд шөвгөрсөн. Дээрх 10 удаагийн шөвгөрсний 3-т нь буюу 2000, 2002, 2004 онуудад улсын наадмын үзүүр, түрүүнд босон барилдаж байсан хүчит гарьд юм.
Улсын наадамд зөвхөн үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтаар эрэмбэлвэл Б.Гантогтох гарьд 5 удаа үзүүрлэсэн Д.Дамдин аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, 4 удаа үзүүрлэсэн Ж.Мөнхбат аварга, Д.Цэрэнтогтох аварга, Д.Сумъяабазар аваргуудын дараа орох амжилт юм. Өөрөөр хэлбэл үзүүрлэсэн амжилтаараа 3-рт орох амжилт болно. Б.Гантогтох гарьд 3 үзүүрлэсэн амжилтаараа өөрийн аав Х.Баянмөнх аварга болон Д.Хадбаатар аварга, П.Дагвасүрэн арслан нартай зэрэгцэнэ.
Харин улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн аварга, арслангуудын амжилтаас тусад нь авч үзвэл улсын наадамд 5 үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ арслан, 3 үзүүрлэсэн П.Дагвасүрэн арслангийн дараа орох амжилтыг улсын гарьд Б.Гантогтох үзүүлсэн байдаг. Улсын арслан цолтой 53 бөхөөс 47 нь төрийн наадмын үзүүр, түрүү булаалдаж байсан бол үлдсэн 6 арслан нь улсын наадамд үзүүрлэж үзээгүй юм. Ямартаа ч түрүүлсэн амжилтаараа биш гэхэд улсын наадамд 3 удаа үзүүрлэсэн амжилтаараа Б.Гантогтох улсын арслан цолны эрэмбэтэй хүчит бөх ажээ.
Б.БЯМБАБАЯР