Авто угаалгын газар хоногт хоёр тонн хүртэл ус ашигладаг

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Авто угаалгын газар хоногт хоёр тонн хүртэл ус ашигладаг

Авто угаалгын газар хоногт хоёр тонн хүртэл ус ашигладаг

Улаанбаатар хотын хэмжээнд 104 авто угаалгын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 17 нь саарал ус ашигладаг гэж Ус сувгийн удирдах газраас хэлэв. Тус газраас дэлхийн усны өдрийг тохиолдуулан саарал ус ашигладаг “Сансар” авто угаалгын газрыг танилцуулж, мэдээлэл өглөө. Тус газар нь өдөрт хоёр тонн ус ашигладгаас 80 хувь нь саарал ус буюу бохир усыг дахин цэвэршүүлсэн бол 20 хувь нь цэвэр ус. Саарал усаар автомашины гадна талын эд ангийг угаах бол доторх салоныг цэвэрлэхэд цэвэр ус шаардлагатай аж. Бохир усыг дахин ашиглаж, цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэхэд нийт долоон сая гаруй төгрөг зарцуулжээ.

Ус сувгийн удирдах газраас саарал ус ашигладаггүй авто угаалгын газруудад усыг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг боловч төдийлөн үр дүнтэй байдаггүйг тус газрын бохирдуулагч үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн инженер Б.Баярмаа хэлэв. Тэрбээр “Авто угаалгын газруудад саарал ус ашиглахыг сануулж, цэвэр ус хэрэглэхийг хязгаарлан усыг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг ч энэ үр дүнтэй арга биш юм. Тэдгээр жижиг авто угаалгын газрууд усаа зөөвөрлөх байдлаар л авчихдаг. Үүнд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллана. Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 14-нд баталсан 73 дугаар тогтоолд эдгээр байгууллагууд саарал ус ашиглахыг тодорхой зааж өгсөн. Бид энэ дагуу шаардлага  тавьж ажилладаг. Уг тогтоолоос өмнө саарал ус ашиглах тодорхой хуулийн заалт байгаагүй” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 240 гаруй аж ахуй нэгж байгууллага ус бохирдуулж байна. Тодруулбал, арьс шир боловсруулах 27 үйлдвэр, ноос ноолуур боловсруулах үйлдвэр 22, өлөн боловсруулах 17,  сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах 9, архи, спирт пиво ундааны 16 үйлдвэр, авто угаалгын газрууд байгаа юм. Эдгээр байгууллага нь бага оврын цэвэрлэх байгууламжтай болох асуудал нэн чухал байгаа аж. Ус сувгийн удирдах газрын мэдээлснээр эдгээр  240 гаруй аж ахуй нэгж байгууллагаас гарч буй усны бохирдлын түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2.5 дахин их байгаа нь Ус сувгийн удирдах газар болон Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүйд хүрчээ.

Тус газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Т.Солонго “ Ус бохирдуулагч аж ахуй нэгж байгууллагууд бага оврын цэвэрлэх байгууламжтай болсноор бохир усыг шүүж, дахин ашиглах боломж  бүрдэнэ. Ус сувгийн удирдах газраас 2011 оноос эхлэн ус бохирдуулагч аж ахуй нэгж байгууллагуудад цэвэр ус ашиглахыг хориглосон ч өнөөдөр төдийлөн үр дүнд хүрээгүй. Гэсэн ч 17 авто угаалгын газар саарал ус ашиглаж байгаа нь бага боловч сайн мэдээ юм. Цаашид бүгд саарал ус ашиглах хэрэгцээ, шаардлагатай. Бид саарал усыг  үйлдвэр, ахуйн зориулалтаар ашиглаж, гүний цэвэр усаа унданд хэрэглэмээр байна” хэмээв.

Авто угаалгын газрууд бохирдлоос нь хамаараад бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна. Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг аж. Тэгвэл машиныг хөөсөөр шүршиж дахин цэвэр усаар зайлахад нэг автомашинд 100 литр өлхөн зарцуулдаг байна. Тиймээс саарал ус ашиглах шаардлагатай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1,50 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна. Тиймээс бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх шаардлага байгааг ч холбогдох албаны хүмүүс хэлж байна. Дашрамд дурдахад, дэлхийн усны өдөр маргааш тохионо. Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр дэлхийн улс орнууд цэвэр усыг хайрлаж хамгаалах, зөв зохистой ашиглах асуудалд анхаарлаа хандуулдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж