П.Цагаан: Монголд тогтворгүй байдлын хямрал нүүрлээд байна

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Монголд тогтворгүй байдлын хямрал нүүрлээд байна

Монгол Улсын хувьд хотжилт гэх үзэгдэл яг хэрхэн тодорхойлогдож ямар үр нөлөөг дагуулж байна вэ?. Нийт хүн амын 67.2  хувь нь хот суурин газар, 45.3  хувь буюу  хоёр хүн тутмын  нэг нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэр дундаа  нийслэлийн хүн амын 95.1  хувь нь төвийн зургаан дүүрэгт амьдарч буй. Тэгвэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧСТ/ “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааг өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа.

ЭЗБӨЧСТ нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос  судалж эхэлсэн  ба тус судалгааг хоёр жил тутамд  боловсруулж, дүүргүүдийн өрсөлдөх чадварын мэдээллийн санг үүсгэх  өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах зорилготой аж.

Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааны үр дүнд өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байгаа юм.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн байна. Үүнээс гадна дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон есөн дүүрэг тус бүрийн хувьд тооцжээ. Тухайлбал, дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба  0 бол өрсөлдөх чадвар сул, нэг бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгоно.

ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ УЛСЫН  БҮХ ЯАМДЫН ХАЯГ 2-6 УДАА ӨӨРЧЛӨГДСӨН

Энэ үеэр ЭЗБӨЧСТ-ийн удирдах  зөвлөлийн дарга П.Цагаан “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг хоёр жилийн өмнө анх танилцуулсан нь тэдэнд ямар түвшинд байгаагаа мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ жилийн судалгааг 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад Улаанбаатар хотын өрсөлдөх  чадварын ерөнхий индекс 0.520-0.557  буюу 7.1 хувиар сайжирсан. Судалгааны  зорилго нь  дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн.

Улаанбаатар хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, суурьшлын бүс өргөжин тэлсээр  байгаа хэдий ч хотын амьдралын чанар, амьдрах орчин,  аюулгүй байдал, засаглал үзүүлэлт сайнгүй хэвээр байна. Авто замын түгжрэл, агаарын бохирдол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний хүртээмж зэрэг тулгамдсан асуудлууд өнөөдрийг хүртэл шийдлээ хүлээсээр олон  парламент, Засгийн газрын нүүр үзлээ.

Хөдөөгийн иргэд төрж өссөн нутгаа орхин хот руу нүүдэллэж байгаа үндсэн шалтгаан нь амьдралын чанараа сайжруулах зорилго байдаг. Гэвч бодит байдал  өөр байна.  Тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд  санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал зэргийг нарийвчлан судалсан. Олон улсад  Монгол Улс өрсөлдөх чадвараараа ухраад байгаагийн хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл бол засаглалын асуудал. Засаглал тогтворгүй байна. Хүн нь тогтворгүйгээс гадна бүтэц бодлого боловсон хүчин  нь тогтворгүй төөрдөг байшин шиг болчихсон.Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын  бүх яамдын хаяг 2-6 удаа өөрчлөгдсөн. Монголд тогтворгүй байдлын хямрал нүүрлээд байна. Үүнийг засах тийм ч хэцүү биш. Улстөрийн шийдэл гаргаад өөрчлөлтийг  болиулчихад л Монгол Улс хөгжих боломжтой” гэв.

Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг үндсэн таван бүлгээр харвал эдийн засаг, амьдралын чанарын хувьд харьцангуй сайн буюу 0.6-аас дээш оноотой харин аюулгүй байдал засаглал 0.5 орчим, амьдрах   орчны хувьд 0.5-аас бага оноотой үнэлэгджээ.  Дүүргүүдийн судалгааны үр дүнгээс харвал эдийн засгийн төвлөрөл өндөр иргэдийн амьжиргааны түвшний өөрчлөлтийн талаарх хүлээлт эерэг байгаа боловч  ажилгүйдлийн түвшин өндөр, үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд үзүүлэх   дарамт их хэвээр байна. Нийт өрхийн 39  хувь нь сард  500 мянган төгрөгөөс доош орлоготой байна. Улаанбаатар хотыг зорих  гол шалтгаанууд болох  эрүүл мэнд, боловсролын  үйлчилгээний чанар, эмнэлэг сургуулийн орчин  нөхцөл хөдөө орон нутагтай харьцуулахад  сайн байгаа хэдий ч  эмнэлгийн ачаалал  өндөр байгааг судалгааны үр дүнгээс харж болно. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт сайн байгаа бол цэцэрлэгийн хамран сургалтын хувь  тун хангалтгүй гарчээ.

УЛААНБААТАР ХОТ ХЭР АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН ХОТ ВЭ?

Хүн амын тоотой харьцуулж харвал нийслэлд гэмт хэргийн тоо хөдөө орон нутгаас өндөр байдаг. Түүнчлэн хоёр жилийн өмнөх судалгаатай харьцуулахад гэмт хэргийн гаралт нэмэгдсэн ч, илрүүлэлт  буурчээ. Харин  залуусын гэмт хэрэгт холбогдох байдал багасах хандлагатай болжээ. Агаарын бохирдол, ил задгай хог хаягдал, дуу чимээ зэрэг  үзүүлэлт нь үнэлгээ доогуур байгаа нь үүнийг аюулгүй амьдрах нөхцөл хангагдахгүй байгааг харуулж буй юм. Хотжилтын нэг том давуу  тал нь ая тухтай амьдрах.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 44 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол 27 хувь нь монгол гэрт амьдарч байна. Хамгийн сонирхолтой нь энэ үзүүлэлт арван  жилийн өмнөхтэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй байгаа юм.Тодруулбал 2007 онд нийт өрхийн 26  хувь нь монгол  гэрт амьдарч байжээ.

Иргэд хот төлөвлөлтийн оновчтой  байдалд дунд үнэлгээ  өгч байна. Учир нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам   зэрэг үзүүлэлтүүд тун хангалтгүй байгаа нь уг үнэлгээнд нөлөөлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж