Дэлхийн агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч хамгийн том компанийн шинэхэн гаргасан “Boeing 737 Max 8” загварын хоёр онгоц хагас жилийн дотор ижил төстэй байдлаар осолдсон нь агаарын тээврийн салбарыг донсолгож байна. Энэхүү дуулианаас болж уг хөлгийн техникийн аюулгүй байдалд эргэлзсэн улс орнууд дээрх загварын онгоцуудыг үйлчилгээнээсээ хасч, үйлдвэрлэгч компани ихээхэн алдагдал хүлээгээд байгаа билээ.
Энэ бүх дуулианаас үүдэн “The Boeing” компани шинэ загварын хөлгийнхөө нисэх зөвшөөрлийг хэрхэн авсан талаар нисгэгчдэд зориулсан сургалт гарын авлагыг хэрхэн бэлтгэдэг зэргийг мөрдөн шалгах шийдвэрийг АНУ-ын Засгийн газраас өчигдөр /2019.03.20/ гаргажээ.
Тус улсын нисэх онгоц үйлдвэрлэгчид Холбооны нисэхийн удирдах газар буюу FAA (Federal Aviation Administration) гэх байгууллагаас онгоцоо үйлчилгээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авдаг юм. Одоо АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг Патрик Шанахан гэх эрхэм өмнө нь “The Boeing” компанид ажиллаж байсан ба түүнийг зөвшөөрөл авахад нь нөлөөлсөн гэж үзэж ийнхүү шалгалт явуулах болсон гэнэ. Үүнээс гадна БНХАУ болон АНУ-ын худалдааны хэлэлцээрт "Boeing"-ийн асуудлыг багтаахгүй гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар хоёр тал аль аль нь тайлбар хийгээгүй байгаа юм.
“The Boeing ” компани болон АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас онгоцонд ямар нэгэн асуудал байхгүй гэж мэдэгдээд байсан ч хүмүүсийн итгэлийг баталгаажуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд програм хангамжаа шинэчилнэ гэсэн бөгөөд ослыг мөрдөн шалгах багийнхантай хамтарч ажиллаж байгаа юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ