Шинжлэх ухааны академи Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэт хотод ажиллаад иржээ. Энэ үеэр 2019 оноос эхлэн хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон, Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотод тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ярилцаж тохиролцсон байна.
Тодруулбал, Эрдэнэтийн цагаан тоосны асуудал, зэсийн баяжмалыг хайлуулах процесст гарах хүхэрлэг хийн асуудал, Эрдэнэт хотын утааг бууруулах асуудал гэсэн үндсэн 3 чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх. Мөн ШУА-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад ахисан түвшний судалгааны ажил хийхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, судалгааны ажлыг удирдах, үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарах хог хаядал, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид ШУА болон харьяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах эрдэмтэн судлаач нартай уулзахаар иржээ. Эрдэнэт үйлдвэрийн Бүтээмж инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдоржоор ахлуулсан эдгээр төлөөлөгчдийг өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч уулзан санал солилцож юуны түрүүнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа, лаборатори, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, эрдэмтэн судлаачидтай нүүр тулж уулзан ярилцахыг хүслээ.
Тэд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүрээлэнгүүдээр явж танилцах юм байна.
Өнөөдрийн хөтөлбөрийг товчлон хүргэвэл, тэд Одон орон, геофизикийн хүрээлэн, “Астропарк”, Газар хөдлөлийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Физик технологийн хүрээлэнгээр зочилж шилний болон баттерейн лабораторитой танилцаж, академич Б.Тогоо “Шар тоосны тархалтын судалгаа”-гаа танилцуулах юм. Дараа нь Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд Оюутолгойн хамтарсан төсөл болох нөхөн сэргээлтийн судалгаа, хөрсний бохирдол арилгах судалгаа болон биологийн идэвхитэй бүтээгдэхүүнтэй танилцана. Улмаар Хими, химийн технологийн хүрээлэнд Зэсийн баяжмал бүрэн боловсруулах судалгаа, Цэвэрлэх байгууламжийн лагийн судалгаа болон лабораториудтай танилцах юм байна.
Маргааш нийслэлийн цэвэрлэх байгууламжтай танилцаж, улмаар ШУА болон Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажилллагааны хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөрийг эцэслэн батлах аж.
Эх сурвалж: ШУА
Холбоотой мэдээ