Ц.Нямдорж: "Эрдэнэт" 100 хувь улсын үйлдвэр боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: "Эрдэнэт" 100 хувь улсын үйлдвэр боллоо

Ц.Нямдорж: "Эрдэнэт" 100 хувь улсын үйлдвэр боллоо

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Засгийн газраас  “Монголросцветмент”, “Эрдэнэт” үйлдвэрийг улсын үйлдвэр болгох шийдвэр гаргажээ. Тус үйлдвэрийн захирлыг Засгийн газраас томилох бол “Монголросцветмент”-ийн захирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус тус томилно. Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Улсын үйлдвэрийн статусаар ажиллана гэхээр үйлдвэрийн удирдлагыг солих уу?

-Одоо 100 хувь төрийн мэдэлд орж байгаа учраас Засгийн газар Х.Бадамсүрэнг өөрчлөх эсэх байр сууриа илэрхийлэх байх.

-49 хувийн асуудал юу болж байгаа вэ?

-Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш. Маш ноцтой асуудал. Цаашид улс төрийн намууд, хууль зөрчигчид УИХ, төрийг барьцаалж үлдэх үү эсвэл үгүй гэдэг л асуудал. УИХ, Цэц хоёр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар шийдвэрээ гаргачихсан. Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгаад бүх материалыг гаргаж, УИХ шийдвэрээ гаргасан.  Улсаас 400 сая ам.доллар гаргуулж, худалдаж авсан нь үнэн шүү дээ. Би энийг олон удаа хэлсэн.  Би ард түмэн та нарыг ялна гэж хэлсэн нь системийг нь хэлсэн юм. Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Олон жилийн хулгай луйварт дасч байснаа сэрж байна. Монголын хамгийн өөдтэй, өнгөтэй бүхэн энэ нөхдүүдийн гарт орсон.  Яг үнэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавиагүй, баталгаа л гаргасан.

-Эрүүгийн цагдаагийн газраас ямар ажиллагаа явуулсан юм бэ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрт нэгжлэг хийсэн гэсэн ч өөрөө үгүйсгэсэн?

-Би хэвлэлд дээр гарсан мэдээллийг нь олж уншсан. Зарим нэг галлерейд барьсан зургийг хурааж авсан зүйл байгаа гэсэн.

С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл өгөөч, энэ хэрэгтэй холбоотойгоор шалгаж байсан хүмүүсийг хорьсон гэсэн мэдээлэл байна?

-С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа. Монголд цаашид үеийн үед 37 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна, би ер нь уучлалт гуйж байсан хүн биш шүү. Цаашид системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Захиалагчийг хэзээ олох вэ?

-Захиалагчийг олох биш бүр будлиантуулсан.

-461-р ангид Л.Бямбаа  нас барсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ар гэрийнхэнтэй нь уулзаж, аль аль талаасаа ойлголцож байгаа байх. Салхитын мөнгөний ордын асуудал дээр хуулийнхан оролцсон юм байгаа, хуулийн байгууллага шалгаж байгаа.

-49 хувийн асуудалтай холбогдуулан хэд хэдэн шүүгч нарын нэр яригдаж байгаа. Эдгээр шүүгчдийн асуудлыг шалгаж байгаа юу?

-Хууль зүйн сайд прокурор, шүүх, тагнуулын байгууллагын ажиллагаанд оролцдоггүй.

-49 хувьтай холбоотой баривчилгааг хууль бусаар зохион байгуулсан гэж шүүх шийдвэр гаргасан. Энэ баривчилгаа хууль зөрчөөгүй юу?

-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хуулийн зөрчил байхгүй.

-Таны хүүг төрийн сангаас зээл аваад төлөөгүй гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Миний хүү тасралтгүй 10 гаруй жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа. Төрийн сангийн зээлээр суралцсан бол тасралтгүй таван жилийн хугацаанд төрийн байгууллагад ажилласан байх ёстой гэсэн зарчим байдаг. Тэр зарчмаар л сурч ирээд ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж