Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

Ноолуурын зах зээл дэх хятадын “сүүдэр”

БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ БА ХЯТАДУУД

“Улаанбаатар аналитик хөгжлийн судалгаа”- ны хүрээлэнгээс өчигдөр “Ноолуурын салбарын нэмүү өртөгийн сүлжээ” форум хэлэлцүүлэг зохиов. Малчид үнэ өндөртэй, түүнчлэн олон жил найдвартай өгч аваад сурсан хятад эзэнтэй дотоодын ченжүүдэд  ноолуураа өгч байна. Цаашид ч өгсөөр байх дүр зураг харагдаж байгааг судлаачид сануулав. Өнөө жил нэг кг ноолуур 100-120 мянган төгрөгөөр эхэлж зах зээлд борлуулагдахаар байгааг салбарынхан хэлж байгаа юм. Хэдийгээр манай улс ноолуур бэлтгэгч хоршоо, компани, малчинд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуураа арилжаалах боломж олгосон ч үүгээр дамжуулах сонирхол бага. Учир нь 150-200 малчин нэгдэж хоршоо байгуулж арилжаанд оролцох ч тэд НӨАТ төлөгч болж байгаа учраас тэр гэнэ. Тэгвэл ченжүүд малчдын хотноос газар дээрээс нь гараас ямар ч татваргүй авдаг. Түүнчлэн намар хүүхдийн сургалтын төлбөрийг урьдчилан өгч хавар ноолуураа авах  байдлаар гэрээ хийдэг. Энэ мэтээр анхан шатны нийлүүлэлтийг хятадын компаниуд оновчтой хийсэн нь манайх ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ алдсан гэсэн үг.

Бэлтгэн нийлүүлэх компаниуд ноолуураа хилээр гаргахдаа монголын гаалийн зуучлагчид НӨАТ төлөхгүйгээр мэдүүлэг хийгээд 125 мянган төгрөг төлж экспортолдог аж. Энэ нь ХАА-н биржийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Манайд өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 22 орчим угаах үйлдвэр ажиллаж байна. Манайх боловсруулж  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад гаалийн албан татвараас чөлөөлдөг. Дээрх угаах үйлдвэрүүд үүнийг ашиглан шорооноос нь салгасан болж түүхий ноолуурыг их хэмжээгээр нь гаргадаг. Харин гаргасан ноолуурыг дахин боловсруулж утас болгож түүнийгээ манайд эргүүлэн жижиг ноолуурын үйлдвэрүүдэд импортолдог. Ийм л систем хэрэгжиж буйг тэд шүүмжлэв.

БИД НООЛУУРЫНХАА НӨӨЦИЙН 15 ХУВИЙГ АШИГЛАДАГ

Монгол Улсын ноолуур бол манай улсын ирээдүйн экспортын том салбарын нэг. Харин бид өнөөдөр байгаа нөөцийнхөө 15 хувийг ашиглаж байна. Ноолуураа дөнгөж угаасан төвшинд боловсруулж БНХАУ-ын зах, цаашлаад дэлхийн зах зээл рүү гаргаж буй ч  маш их давуу боломжоо алдаж буй. Дэлхийн ноолуурын зах зээлийн 48 хувийг Хятад, Монгол 40, бусад орнууд 12 хувийг эзэлж байна. Харин эцсийн боловсруулалтыг 15 хувийг дотооддоо боловсруулж, түүхий эд хийдэг. Эцсийн бүтээгдэхүүний 90 хувийг  Хятад улс дангаараа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг.  Тэгвэл манай улсын нийт нийлүүлэлт 9000 тонн түүхий ноолуур, 350 сая ам.долларын өртөгтэй. Харин үүнийг эцсийн бүтээгдхүүн хийхэд гурван тэрбум төгрөг хүртэлх орлого болно. Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр 3.2 тэрбум ам.долларын ноолууран бүтээгдэхүүн борлуулсан. Үүний арван хувь нь Монголд орлого болж орсон. Цаашид ноолууран бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж 2025 онд 4.2 тэрбум болох судалгааг хийжээ. Дэлхийн ноолуурын зах зээлийн эрэлтийг Америк, Европ, Хятад бүрдүүлдэг. 2017 оны байдлаар “Говь” , “Гоёо” хоёр нийлээд дэлхийн зах зээлийн  хоёр орчим хувийг эзэлж байна.

Дэлхий дээр байгаа бүх ноолуурыг нийлүүлээд 35 сая ширхэг цамц хийх боломжтой. Энэ ноолуурын эрэлт өндөр, үнэлгээ сайн байх шалтгааныг харуулна. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд ямааны тоо толгой, ноолуурын нийлүүлэлт өссөн боловч, үнэ нь давхар өсчээ.  Өнгөрсөн онд ноолуурын дундаж үнэ 150 мянган төгрөг байв.

ҮНЭ ӨСГӨХ БОЛОМЖУУД

Өнгөрсөн хугацаанд манай ноолуурын салбарт боловсруулах хүчин чадал бий болсон боловч нэгдмэл зохион байгуулалттай системд орж чадаагүйгээс  нөөцөө алдаж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэл тавьж мэдээллээ нэгтгэж санал бодлоо солилцсоноор БНХАУ-ын ноолуурын кластерийн нийлүүлэлтийн сүлжээ нь  Монгол Улсын ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний хамгийн анхан шатнаас эхлээд маш сайн зохион байгуулалттай ажиллаж байна гэдэг дүгнэлтийг хийлээ. Өөрөөр хэлбэл манай улсын ноолуур бэлтгэн нийлүүлэх бие даасан үндэсний хөрөнгө оруулалтай компаниудыг дэмжиж энэ сүлжээг сулруулах хэрэгтэйг оролцогчид онцлов. Түүнчлэн ноолуур боловсруулан экспортод гаргадаг бүх компани Монголын Хөдөө аж ахуйн биржээр дамжих ёстой боловч бүртгэлтэй эсэхийг гааль дээр шалгахгүй байгаатай холбоотой асуудал байна. Хөдөө аж ахуйн биржээр дамжиж арилжаалагдсан ноолуур Гаалийн бүртгэлээр бүртгэгддэг. Гэтэл уг биржийг бүрэн ашиглахгүй гаалийн зуучлагчаар дамжин хил гаргадаг. Энэ тохиодолд НӨАТ авдаггүй зэрэг нь биржээр дамжуулахгүй  сонирхол нь үүнтэй холбоотой. Яагаад гэвэл ХААБ-д малчин, компани, хоршоо хэн ч ноолуураа арилжаалсан ч НӨАТ авдагтай холбоотой аж. Нөгөөтэйгээр Монголын ноос ноолуурын холбоо салбараа хөгжүүлэх тухайд ажиллаж чадахгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр тус хүрээлэнгийн эдийн засагч н.Чимэддорж онцолж байв. Худалдаа экспортын чиглэлээ хариуцсан төрийн байгууллага байхгүй байгаа нь хамгийн том сул тал гэдгийг ч нэмж  ярьж байв.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж