Зэрлэг жимсний хатан хаан | News.MN

Зэрлэг жимсний хатан хаан

ХҮМҮҮС

Зэрлэг жимсний хатан хаан

Зэрлэг жимсний хатан хаан

"Ньюс" агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт "Хүмүүс" буланг хүргэдэг. Энэ удаад Оросын тэрбумтан,  Wildberries компанийн эзэн Татьяна Бакальчукыг танилцуулж байна.


Forbes сэтгүүл дэлхийн баячуудын жагсаалтыг саяхан зарласан. Энэ жагсаалтаар Оросын хоёр дахь эмэгтэй долларын тэрбумтан төрсөн нь цахим худалдааны Wildberries компанийн эзэн дөрвөн хүүхдийн ээж Татьяна Бакальчук юм. Түүний хөрөнгийг 1,2 тэрбум ам.доллар гэж үнэлсэн бөгөөд Оросын хамгийн үнэ цэнэтэй компанийн жагсаалтын дөрөвт гарч иржээ.

Өнгөрсөн 2017 оны үзүүлэлтээр Татьяна Бакальчук анх удаа Оросын баячуудын жагсаалтад 600 сая ам.долларын хөрөнгө тоолуулан орж ирсэн бөгөөд жилийн дотор хөрөнгө нь бараг хоёр дахин нугарчээ. Түүнээс өмнө Оросын баячуудын жагсаалтад ганц эмэгтэй байсан нь Елена Батурина байсан.

Солонгос цустай Татьяна хэдийгээр ийнхүү баячуудын жагсаалтад орсон ч олонд төдийлөн танигдсан хүн биш. Түүний үүсгэн байгуулсан Wildberries /Зэрлэг жимснүүд/ компани нь нээлттэй хувьцаат компани биш. Түүний хөрөнгийг цахим худалдааны орлого, борлуулсан барааны үнэлгээнд үндэслэн, мөн ижил төстэй бизнестэй харьцуулан гаргасан байна.

2018 онд Wildberries Москвагийн ойролцоо 145 мянган хавтгай дөрвөлжин метр газарт бараа түгээлтийн цэг барьж эхэлсэн, мөн Екатеринбург хотноо барааны агуулах барих зар сонсогдож байна.

ЕЛЕНА БАКАЛЬЧУК ГЭЖ ХЭН БЭ?

Англи хэлний багш мэргэжилтэй Татьяна компаниа нөхөр Владислав Бакальчукийн хамт 2004 онд байгуулжээ. Анхны хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байсан Татьяна хүүхдүүдээ асрангаа хийж болох бизнесийг хайсны эцэст оросуудын сайн мэддэг загварын Otto, Quelle сэтгүүлээс эмэгтэйчүүдийн хувцас онлайнаар захиалан зарж эхэлжээ. Харин өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хувцас, спортын хувцас, хэрэглэл, хүүхдийн тоглоом, цахилгаан бараа, ном гээд бүхий л төрлийн барааг зарж байна.

Wildberries сайтын үйлчлүүлэгчдийн 95 хувь Оросоос үлдсэн нь Украин, Беларус, Герман, АНУ-аас хандаж байна. 2018 онд борлуулалтын орлого нь 1,7 тэрбум ам.долларт хүрчээ.

АНХНЫ РЕКЛАМ НЬ АМЖИЛТГҮЙ БОЛЖЭЭ

Лужникийн гадаах цэлгэр талбайд залуус үдэшлэг зохион цэнгэж байна. Хар өнгийн тансаг машин талбайд дөхөн ирнэ. Хөгжмөө чангаар тавьсан машиныг бүжиглэж буй залуус сонирхон харж байтал хаа нэгтэйгээс сэгсийсэн үстэй, уранхай хувцастай зомби бүсгүй гарч ирж үдэшлэгийг үймүүлж орхидог. Айсан залуус бутран гүйлдэхэд Wildberries-гийн стилистүүд бүсгүйг сайхан бүсгүй болгон хувиргадаг рекламны роликийг 2012 онд өндөр үнээр хийлгэжээ. Youtube дээр долоо хоногийн дотор 30 мянган хандалт авна гэж тооцсон ч талаар болов. Энэхүү рекламыг хийлгэхийн тулд Москвагийн хамгийн үнэтэй газар болох Воробьевых горах талбай түрээслэн авч нэг сая ам.долларын үнэтэй Red камерыг ч түрээсэлжээ. Реклам тооцоолсон зорилгодоо хүрээгүй ч  Wildberries-гийн борлуулалт тасралтгүй өсч байлаа. 2018 он гэхэд Оросын интернэтийн Рунет сүлжээний томоохон тоглогч болон гарч ирж чадсан байна. Гэсэн ч энэ компанийн талаар, эздийнх нь талаар мэдээлэл бараг байхгүй байлаа.

Хэвлэлд бараг ярилцлага өгөөд байдаггүй Татьяна ганц өгсөн ярилцлагадаа анх бизнесээ эхэлж байхдаа ингэж өргөжнө гэж төсөөлж байгаагүй гэдгээ хэлсэн байдаг.

Германы Otto Group эртнээс оросуудад сэтгүүлээрээ дамжуулан хувцас зарж ирсэн туршлагатай. 1990-ээд оны сүүлээс Орос дахь бизнесээ тэлэх сонирхолтой байсан ч оросууд онлайн захиалгыг ойшоодоггүй байв. Тиймээс борлуулагч нараар дамжуулан хувцсаа зарж байлаа. Борлуулагчид борлуулалтын орлогынхоо 10 хувийг авдаг. Ийм борлуулагчдын нэг нь Татьяна байв. Харин Татьяна борлуулалтаа онлайнаар хийхээр шийдэж wildberries.ru домэйнээ 2004 оны гуравдугаар сарын 30-нд нээжээ. Бэлтгэл ажлаа хийсний эцэст 2004 оны намраас онлайнаар захиалгаа авч эхэлжээ.

Гэртээ суун захиалгаа авч, бараагаа гэртээ татан авчирч борлуулж эхэлсэн ч ердөө жилийн дараагаас ийм маягаар явах боломжгүй нь ойлгомжтой болж бараагаа хураах агуулах, ажлын оффис хэрэгтэй болсон байна. Сайтаа ч өргөжүүлэх шаардлагатай болсон байна. Ингээд 2005 онд байр түрээслэн агуулах, оффис тохижуулж, програм хангамжийн ажилтнуудыг ажиллуулж эхэлсэн байна.

Хэдийгээр компани 100 хувь Татьянагийн эзэмшилд байдаг ч бизнесийн гол хамтрагч нь нөхөр Влад нь юм. Гэхдээ Влад ч бас өөрийн бизнестэй. Түгээлтийн “Атолл” компанийг үүсгэн байгуулж, Wildberries-гийн түгээлтийг хариуцдаг. Мөн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Юнионтел”-ийн хувьцаанаас эзэмшдэг байна.

Wildberries бол Оросын анхны онлайн хувцасны дэлгүүр юм. Түүнээс өмнө онлайнаар ном, цахилгаан бараа, гэр ахуйн бараа зарж байснаас хувцас зардаг газар байгаагүй. Wildberries үүссэн 2004 онд Оросын онлайн худалдааны зах зээлийн нийт эргэлт 3,23 тэрбум ам.долларт эргэлдэж, жилийн өсөлт 23-30 хувьтай байв. Бараг 1500 сайт онлайн худалдаа эрхэлж байсан ч дандаа жижиг хэмжээний сайт байжээ. Тухайн үед Otto нь цахим худалдаагаар дэлхийд Amazon-ы дараа хоёрт орж байсан бөгөөд Оросын том зах зээлийг машид сонирхож байжээ.

2006 оны арваннэгдүгээр сард Otto Орост хамтарсан компани байгуулах, Тверь хотноо ложистикийн төв байгуулах шийдэлд хүрсэн нь Wildberries-гийн хувьд эргэлтийн цэг байлаа. Үүнээс хойш Otto болон Wildberries-гийн хооронд хэдэн жил хууль эрх зүй, татварын хувь хэмжээний талаар хэлэлцээ үргэлжилсэн бөгөөд энэ хооронд оросуудын онлайн худалдаанд хандах хандлага ч өөрчлөгдөж, үйлчлүүлж болох юм гэсэн ойлголттой болсон байна.

Wildberries ганц түншээс хамааралгүй 2007-2008 онд Tom Farr, s’Oliver, Tom Tailor зэрэг түншүүдтэй амжилттай гэрээ байгуулж чадсан байна.

АВРАЛЫН ОД ADIDAS

2008 онд Wildberries-д том аз тохиолоо. 2008 онд тохиосон санхүүгийн хямралын улмаас Германы спортын хувцас үйлдвэрлэгч Adidas концернийн агуулахад борлогдоогүй их хэмжээний бараа үлдсэн байна. Бараг нэг сая еврогийн барааг борлуулахаас Оросын спортын барааны “Спортмастер” татгалзсан байна. Тэгэнгүүт Wildberries зээлийн нөхцөлөөр эдгээр барааг авахаар тохирсон байна. Нэг загварын 3000 ширхэг пүүзийг хоёр жилийн хугацаанд Wildberries борлуулсан бөгөөд үүний дараагаас тэднийх спортын хувцасны борлуулалт руу оржээ. Үүний дараагаас цахилгаан бараа, машины сэлбэг гээд төрөлжиж эхэлсэн байна.

Зарим эх сурвалж Wildberries хугацаа нь дууссан бараа зардаг гэсэн шүүмж хэлдэг ч өөрсдөө үгүйсгэдэг. Гэсэн ч Оросын онлайн худалдааны компаниуд болох KupiVip, Boutique.ru ч анхнаасаа Европын брэндүүдийн хугацаа нь дууссан, борлогдоогүй бараа зарж гараагаа эхэлж байсан ажээ.

2008 онд анх удаа өдрийн захиалга 1000 хүрсэн нь том амжилт байжээ. Харин одоо тэдний сайтад өдөртөө хоёр сая хүн хандаж 160-180 мянган захиалга өгч байна. Оргил үеүдэд өдрийн захиалга 300 мянга хүрдэг байна.

Онлайн худалдааны зах зээл 2010 оноос ширүүссэн бөгөөд Wildberries удаан нухацтай бодсоны эцэст хүргэлтийг үнэгүй болгосон нь зөв тактик байлаа.

Өнөөдрийн байдлаар Оросын зах зээлд ашигтай ажиллаж байгаа онлайн худалдааны ганц компани нь Wildberries байна.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2019-03-21 66.181.191.77

Нэр оноож мэддэггүй, хийрхсэн юмнууд хүний цагийг дэмий үрэхийг боль. Амьдрал баян, та нарын сэдэв тааруухан бна шүү. Танин мэдэхүйн мэдлэгийн үнэр ч алга, амьдралаас тасарсан юмнууд. Хийх юмгүй хүмүүсийн дүр зураг нь энэ.

Avatar

Wildberries 2019-03-21 58.108.22.92

Ойн жимсний гэж орчуулна шүү дээ, сайхан сэдэв юм даанч орчуулга гэж оршуулга болж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж