Татварын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

LiveТатварын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Татварын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
18 : 11
2019-3-21

Чуулганыг цаг сунган хуралдуулж байна

Татварын  ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан  140 орчим зарчмын зөрүүтэй томьёоллоор  санал хураагдана. Тиймээс өнөөдөртөө багтаан бүх Зарчмын зөрүүтэй  томьёоллоор  санал авч дуусах шаардлагатай гэж УИХ-ын дарга Г.Занданшатар  мэдэгдсэн тул чуулганы хуралдааны цагийг сунгаж хуралдуулж байна.

Зарчмын зөрүүтэй саналаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Алдангийн хугацааг хойшлуулахтай холбоотой маргаан байнга гардаг. УИХ-аас 2018 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Өмнө нь ч гэсэн Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлж байсан хүний нэг л дээ. Оюутолгойн татварын хөнгөлөлттэй холбоотой асуудал олон жил яригдаж байна. Үүний өмнө Монголын төр хүчин мөхөстөж гэрээг хийсэн хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас баялгийнхаа үр шимийг монголчууд хүртэж чадахгүй байдалд хүрсэн. Тийм учраас  алданги хойшлуулах хугацаатай холбоотой асуудалд нямбай хандах ёстой шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт :

Татвар төлөгчдөд ашигтай, тэдний эрх ашгийг хамгаалсан заалтууд орж байгаа. Тухайлбал, татварын хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтад татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, алдагдал шилжүүлэх  НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг баталгаажуулахад хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль хамаарахгүй гэсэн маш тодорхой заалт байна. Өөрөөр хэлбэл, таван жилийн өмнө төлөөгүй татвараа нөхөн төлөхийг дөрвөн жилийн хугацаанд урагш нь хөөж хэлэлцэж татварыг нөхөн төлүүлнэ гэдэг байдлаар татвар төлөгчдийн эрх ашгийг илүүтэй хамгаалсан заалт болсон.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Шинэ дүрэм гэж оруулж  байгаа бол тухайн дүрмийг  тийм тийм зүйлээр тэгж зохицуулна гэдэг нь хуульд байхгүй бол  жинхэнэ том толгойлдог нь төрийн захиргааны байгууллага, яамдад бий болно. Бид хуульдаа дүрмийнхээ логикийг суулгах ёстой. Хэрэв татвараас зайлсхийсэн бол ийм ийм арга хэмжээг авна гэж тодорхой зааж өгөх ёстой. Ерөнхий дүрэмтэй байна гэж заачихад түүнийг нь нэг том толгойт нь зохидог байж болохгүй. Бидний сэтгэж байгаа шиг сэтгэхгүй шүү.  Хүнд суртал, хэлмэгдүүлэлтээс хамгаалсан зохицуулалтыг хуулиараа бий болгохын тулд бид дүрмийнхээ гол логик, утга санааг тодорхой болгохыг л би нэхээд байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Ажлын хэсэг дүрмийн тухай тусгай томьёолол оруулж ирэхдээ  хаалтад олон улсын татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлнэ гэж ялгаж оруулж өгөх ёстой байжээ. Үүнийг хоёрдугаар хэлэлцүүлэгт засаж оруулж ирье.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Албадлагатай холбоотойгоор хэд хэдэн гишүүн саналаа хэллээ. Алблага бол дотроо дөрвөн төрөлтэй.Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэл гэсэн төрлүүдээс бүрддэг. Татвар төлөх харилцаанд татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэр үйлдлийг таслан зогсоохын тулд эрх бүхий албан тушаалтан таслан сэргийлэх албадлага хэрэгжүүлдэг хууль өмнө ч хэрэгжээд ирсэн. Татварын багц хуулийн хүрээнд өмнөх татварын ерөнхий хуульд байсан эрхзүйн албадлагын хэм хэмжээнүүдийг өөрчилсөн эсвэл нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй. Мөн маргаан будилааныг шинэ хуулиар засаж байгаа. өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан, зөрчлийн хууль тогтоомжоор шийдвэрлэгдэх маргаан гэж тус тусад нь заагласан. Гишүүд энэ талаас нь бодож ярих ёстой. Татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зайлшгүй энэ үйлдлийг нь таслан зогсоож байж татварт холбогдох зөрчлүүдийг арилгах ийм л үйл ажиллагаа.

Татварын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдааныг шөнө дөл болтол үргэлжлүүлж, Татварын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

16 : 46
2019-3-21

М.Билэгт: Татварын түүхий хууль оруулж ирсэн

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Татварын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор гишүүд саналаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Татварын төрлийн тухай асуудлууд орж ирж байгаа. Тухайлбал, малын тоо толгойн татвар орж ирж байна. Энэ шинээр бий болгох татвар уу эсвэл өөр татварыг малын хөлийн татварт оруулж байгаа эсэх ойлголтоо нэг болгомоор байна. Манай намын мөрийн хөтөлбөрт шинэ нэр төрлийн татвар бий болгохгүй гэсэн амлалт бий.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар :

ААН-ийн орлогын албан татвар УИХ-аас тогтооно гэж би ойлгосон. НӨАТ-ын хувь хэмжээг нь Засгийн газар тогтоохдоо сүүлийн үед том компаниудыг НӨАТ-аас чөлөөлсөн. Жижиг болон дунд ААН-үүдээсээ  НӨАТ-ын баримт маш сайн авдаг болсон. Том ААН-үүд НӨАТ төлдөггүй ийм салбарууд байна. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар энэ төрлийн салбаруудын тоо нь нэмэгдээд байдаг. Уг нь би энэ талаар ажлын хэсгийн хуралдаанаар хэлсэн. Хэрэв чөлөөлж байгаа бол НӨАТ-ынхаа падааныг бичиж өгөөд чөлөөлөгддөг байх ёстой. Сүү, мах, өндөг, тахиа, ногоо гээд олон төрөл бий.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Зөрчилтэй заалтууд их орж ирсэн. Хуучин төсөлд байгаагүй заалтууд  байгаа юм. Энэ хуулийг боловсруулсан яамны ажлын хэсэг цаашдаа анхаармаар байна. Өчнөөн удаан боловсруулж оруулж ирсэн хуулийн төсөл нь 100 гаруй зарчмын зөрүүтэй санал хураагдахаар болж байна. Ийм л түүхий төсөл оруулж ирлээ. Туршлага л дутсан юм уу даа. ААНОАТ, ХХОАТ-т тусгагдсан заалтуудаасаа зөрөөд байна. Малчдыг арай өөрөөр авч үзэх ёстой.  Газрын мухарт ганц гэрээрээ амьдарч улсын эдийн засгийг авч явж байгаа гол түшиг тулгуур нь мал аж ахуйн салбар шүү. Дээр нь Монголын хүн амыг хүнсээр хангах гол ажлыг  малчдын маань хөдөлмөр бий болгодог.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Төслийн 7,8 дахь саналыг ажлын хэсэг дээр ярилцаж байгаад оруулсан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд татварын төрөл  огт орж ирээгүй. Харин орон нутгаа дэмжих үүднээс  татварын хуульд орон нутагт  татвар тогтоох эрхийг  нь сэргээж 7,8 дахь заалтыг хуулийн төсөлд оруулсан. Одоо мөрдөгдөж буй хуулийн төсөлд малчин, мал бүхий иргэний үйл ажиллагааны орлогоос татвар авна гээд заачихсан, гэтэл амьдрал дээр түүхий эд, ашиг шимээс  нь авна гэсэн үг. Тиймээс шинэ хуульд малчин, мал бүхий иргэний үйл ажиллагааны орлогоос татвар авна гэдгийг хасаад харин ерөнхий хуулийнхаа 7.2.15-д малын хөлийн татварыг оруулж ирсэн. Энэ нь төрөлдөө орж байгаа гэсэн үг. Үүний дараа хууль гарна. Хуулиар  орлогыг нь  орон нутгийн  төсөвт төвлөрүүлэхээр зааж өгсөн. Орлогоос гадна мөн зарлагыг нь оруулах байх гэж бодож байна. Манай гишүүд ч хэлдэг, мөн малчид ч малын тоо толгойг зохицуулах үүднээс татвартай байя, улмаар татварынхаа орлогыг буцаагаад мал эмнэлэг, малын чанар, бэлчээрийн менежмент, худаг ус гаргах гэх мэт энэ чиглэлд нь  зарцуулах зэрэг агуулгаар явах болов уу гэдэг үүднээс 7.2.15д тусгагдсан. Тиймээс гишүүд дэмжээсэй гэж хүсч байна.

 

 

16 : 03
2019-3-21

Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн төслийн талаарх 100 гаруй  зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар :

Хууль бол хууль түүнээс биш энэ нь олон үсэгтэй, бага үсэгтэй байна гэж ярьдаггүй. Өөр хуульд нарийвчлан заагаагүй бол Татварын ерөнхий хуулийг дагаж  мөрдөнө гэж ойлгож байгаа. Би ажлын хэсгийн гишүүнээр байсан  ч ажлын хэсгийнхэн хурал  зарласнаа надад хэлээгүй. Уг нь би  хууль санаачлагчдаас асуух зүйл байгаа юм даа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ж.Ганбаатар   гишүүний гаргасан саналыг дэмжиж үг хэлж байна. Энэ хэлж байгаа заалтыг эцсийн хэлэлцүүлэгтээ анхаараач  гэж хэлмээр байна. Үндсэндээ татвар төлөгчдөд хохиролтой заалт болох гээд байна. Хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим бий.  Энэ зарчимтай үндсэндээ энэ заалт зөрчилдөж байна. Татварын бусад хуульд энэ хуулиас өөрөөр заасан бол тухайн асуудлыг илүү нарийвчилсан зохицуулсан хуулиар, нарийвчилсан хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн заалт бий. Тиймээс хуулийг хөнгөрүүлж хэрэглэж болох боломж нөхцөлийг бий болгох ёстой.  Зөвхөн татвар хураах, төсвийн орлого бүрдүүлэх гэдэг өнцгөөр биш татварын албанд илүү давуу эрх олгох үүднээс битгий хандаач ээ. Нөгөө талд татвар төлөгчид бий. Татвар төлөгчдийн эрх ашгийг мөн бодох ёстой.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

14 : 36
2019-3-21

"Улстөрчид залуусын төлөвшилд анхаарч үг хэллэгтээ анхаарах хэрэгтэй"

УИХ-аар Татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Татварын хууль нь Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнтэй шууд холбоотой. Хөдөлмөр эрхлэх насны иргэдийн маань 80 орчим хувь нь хувийн хэвшилд ажиллаж,  амь амьдралаа залгуулдаг. Гэтэл өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн 20-иод жил ирээдүй болсон залуустаа хувийн хэвшлийг ад үзэх талаар байнга ярьдгаас үүдэж залуус ямар ч аргаар хамаагүй төрийн алба руу орох төлөвшил, хүслийг бий болгосон. Бид үүндээ анхаарах ёстой. Нийгэм нээлттэй болж бүх боломжууд нээгдэж залуус маань амьдралаа залгуулахын тулд ухаан сийлж ажил олгогч болтлоо өсөн дэвших боломжийг олгох талаас нь бид яримаар байна. Улстөрчдийн үг хэллэгээс ихээхэн зүйл хамаарч байна. Цаашлаад өнөөдөр нам дагасан залуус, цүнх баригчид, албан тушаалын шатанд суугч гэх мэт үг хэллэг гарах болж.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулж асуухад, Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас  20 хувиар илүү байхаар алданги тооцон гэсэн заалт байна. гэтэл эсрэгээрээ татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж хүүгээр тооцож авна гэж ялгаатай заасан байна. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байна гэдэг хаана байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Шинэ хууль батлагдсанаар бид татварын байгууллага ААН-үүд, бизнес эрхлэгчдэд үйлчилдэг, хуулийн зөрчил илэрвэл түүнийг нь тайлбарладаг, алдаагаа засах боломж олгодог ийм тогтолцоо руу орох боломжийг олгоно. 20 хувь гэдгийг төлөхгүй байхаас болгоомжилж тогтоосон.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Шинэ хуулиар Жижиг, дунд үйлдвэрүүдээ нэлээд дэмжсэн хуулийн төсөл болсон. Олон зүйлд шинэчлэгдсэн заалт орж ирсэн. Жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжих нь сайн хэрэг ч нөгөө талдаа бид хүнд, аж үйлдвэрүүдээ дэмжсэн заалт олж харахгүй байна. улс орны хэмжээнд ажил үйлдвэрийн бодлого ярих цаг нь болсон.

Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Үргэлжлүүлэн 15 цагаас хуралдана.

14 : 04
2019-3-21

50-300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-ээс нэг хувийн татвар авна

Татварын багц хуулийн ТӨСЛИЙГ УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Татварын багц хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалж хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно. Татварын багц хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцдэг байх шаардлагатай. Зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь  хангалтгүй.

Өчигдөр ажлын хэсэг хаана хуралдсаныг би олоогүй. 50 сая хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүдэд хоёр сонголт олгож байна гэж би ойлгосон. Нэг хувийн татвараа төлөх юм байна, торгууль нь нэг хувь гэсэн үү эсвэл 10 хувь юм уу. Жилийн борлуулалт нь 300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-үүдийн татварыг нэг хувь болгоод 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүдэд 10 хувийн татварыг нь буцааж өгнө гэсэн өөрчлөлт орсон нь хэвээрээ юу.  Жилийн борлуулалтын орлого нь 50 саяаас 6 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжүүд хоёр удаа тайлан гаргадаг болно гэж заалт нь хэвээрээ юу. Харин жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс  доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол  хоёр удаа тайлагнадаг болно гэж хуулийн төсөлд тусгасан нь хэвээрээ юу. Алдагдлыг дараа жилийн ашгаас  суутгуулна гэсэн заалт нь байгаа юу. Өнөөдөр уул уурхайн  салбар 100 хувь хасдаг юм билээ. Харин бусад салбарынх 50 хувь байгаа нь ялгавартай харагдаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Татварын хуулийг цаашид Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж явах нь зөв. Ажлын хэсэг өчигдөр Төсвийн байнгын хорооны даргын өрөөнд уулзсан. Өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан.  Таны асуусан заалтууд хэвээр байгаа. Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргана гэдэг нь  хэвээрээ.  50 сая төгрөгөөс дээш буюу 300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-үүдээс шууд нэг хувийн татвар авна гэсэн таны саналыг дэмжсэн. 50 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай ААН-үүд 10 хувийн татвар төлж 90 хувиа буцааж авна гэсэн нь хэвээрээ. 6 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүд жилд хоёр удаа тайлан гаргана. Энэ бол Засгийн газраас орж ирсэн санал, хэвээрээ гэж ойлгож болно. 6 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-үүдийн хувьд  жилд дөрвөн удаа тайлан гаргана. Алдагдлын хувьд өмнө нь таван жил байсныг дөрвөн жил болгосон.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ж.Ганбаатар гишүүний хэлсэн санал зөв өө. Татварын багц хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцдэг байх ёстой. Татвар бол эдийн засагтай холбоотой. Уг хуулийн төслийг дэмжиж байгаа нь манай улс Европын саарал жагсаалтад орсон асуудал бий. Үүнээс гарахын тулд татварын суурийг багасгаж ашгийг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрт нэгдэж татвараас зайлсхийдэг, оффшор бүсийг дэмжсэн ажиллагаатай тэмцэхийн тулд татварын багц хуулийг батлах нь зөв. Хуулиар  татварын хөнгөлөлтийн асуудлууд байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр ялангуяа эдийн засгийн  түншлэлийн хэлэлцээр хийж байгаа. Хамгийн анх Япон улстай хийсэн. Гэвч энэхүү хэлэлцээр нь дутуу дулимаг хийгдсэн. Тухайн үедээ сайтар судалж хийх байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Уг хуулийн төслөөр татвар бааз суурийг нэмэгдүүлэхээс гадна гол гол хэлэлцээрүүдэд үндэслэгдэж хийсэн. Үнэ шилжилттэй холбоотой асуудал нь шинэ хуулийн гол хэсэг нь. Нэгдмэл эрх ашигтай үндэстэн дамнасан компаниуд хоорондоо үнэ шилжүүлдэг, бодит бус үнэ хэрэглэдэг байдлыг зохицуулах заалтууд тусгагдсан. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулж үндэсний бүтээгдэхүүнээ худалдаалах  цаашлаад түншээрээ дамжуулж гуравдагч, дөрөвдөгч зах зээлд гарах боломжуудыг сайжруулах шаардлагатай гэдэгт санал нийлж байна. Манай улсад худалдааны бодлого гэж алга. Өнөөдөр гадаад худалдааны бодлогыг ГХЯ хариуцдаг. Гадаад худалдааны бодлого байхгүйгээс манай улсын худалдаа ямар түвшинд байх уу гэдэг ойлгомжтой. Тийм учраас яг хариуцсан бүтцийг бий болгох шаардлага зайлшгүй бий.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Татвар гэдэг зөвхөн төсөв, мөнгө бүрдүүлэхээс гадна эдийн засгаа дэмжих, иргэдийг ажилтай, орлоготой болгох хамгийн гол хөшүүрэг нь татвар гэж хардаг. Тиймээс бусад байнгын хороодоор хэлэлцэх нь зөв. Өнөөдөр энэ УИХ  бүрдсэн цагаасаа эхлэн зээлийн хүүг бууруулах асуудлыг хурцаар тавьж ирсэн. Зээлийн хүүг буулгах төлөвлөгөөг боловсруулж УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна гэж хэлсээр бараг хоёр жил болох гэж байна. Энэ асуудлыг хаврын чуулганаар заавал шийдэх хэрэгтэй. Татварын багц хуулиар хэвийн зээлд нэг хувийн татвар ногдуулна гэж заасныг ААН-үүд, арилжааны  банкууд болгоомжлон харж байна. Өнөөдөр хэрэглээний бүх зээлийн хүүг нь бууруулж өгөөч гэдэг хүсэлтийг Монгол хүн бүр тавьж байна. Яагаад гэвэл бүх иргэн өртэй. Гар дээрээ бэлэн  мөнгө харахгүйгээр өрөндөө өгдөг иргэд, ААН-үүд маш олон бий. Тэгтэл хүүгийн орлогын болон зарлагыг аль алийг нь гаргах тухай ойлголт хуулийн төсөлд  нэг хувийн татвартай хамт байгаа юм биш үү. Тэгвэл ийм нийтлэг заалт үйлчлэх нь ААН-үүдийн санхүүжилт авах чадварыг доройтуулах заалт орж ирсэн гэж харж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Арилжааны банкуудын хэвийн зээл дээрээсээ нэг хувийг эрсдэлийн санд бий болгох гэсэн ийм л заалт. Түүнээс биш хэвийн зээлээс нь нэг хувийн татвар авна гэсэн ойлголт байхгүй. Банкуудад үйлчилж байгаа татварын нөхцөлүүд хэвээр, ямар ч өөрчлөлт ороогүй. Зээлийн хүүг буулгах чиглэлээр нэлээд судалсан. Аливаа ААН зээл авахаар болбол арилжааны банкуудад ханддаг. Нийт санхүүжилтийн эх үүсвэрийнх нь 90-95 хувь нь дандаа банкны зээлээр санхүүждэг. Гэтэл дэлхий нийтийн хөгжлөөс харахад хувьцаанаас санхүүждэг.

12 : 55
2019-3-21

Татварын хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан тул УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж байна.

09 : 51
2019-3-21

УИХ: Татварын багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон ч горимын санал гарч, холбогдох Байнгын хороо руу буцаалаа.

Дээрх шийдвэр гаргахын өмнө тус хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух 12 гишүүний нэрсийг авсан ч Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн горимын санал гаргаж "Гуравдугаар сарын 19-ны өдөр Төсвийн байнгын хороогоор Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, гэвч анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын бүлгийн зүгээс Татварын багц хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдэд засвар оруулах хүсэлтээ бичгээ болон амаар ирүүлсэн. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийх нөхцөл байдал үүссэн учраас чуулганыг үргэлжлүүлэхгүйгээр Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийг гүйцээн хэлэлцээд чуулганаар дахин оруулж ирье гэдэг саналтай байна" гэсэн юм. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч гэсэн анхны хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэсний дагуу санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байгаагийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм.  Уг төсөлд тусгаснаар татвар төлөгч сайн дурын үндсэн дээр тайлангаа засах эрхтэй болно. Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа нэгэнт буруу гаргасан бол засварлах боломжгүй аж. Тиймээс бусад улсуудын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улсуудтай мэдээлэл харилцан солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ. Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ.

Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж