Шинэ Зеландын "хар өдөр"

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландын "хар өдөр"

Шинэ Зеландын "хар өдөр"

Дэлхийн хамгийн амгалан тайван улсуудын нэг гэгдэх Шинэ Зеланд улсын Крайстчерч хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2019.03.15/ Исламын шашны хоёр сүмд зэвсэгт халдлага гарч 50 хүний алтан амь эрсдэж, олон хүн гэмтэж шархадсан хэрэг дэлхий нийтийг цочроогоод байгаа билээ. Амь үрэгдсэн хүмүүс бол тус улсад сурч боловсрох, илүү сайхан амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө ажиллахаар ирсэн Исламын шашинтнууд байсан ба зүгээр л гэрэл гэгээтэй амьдралын төлөө сүсэглэн мөргөж байгаад “хэт барууны үзэлтэн” этгээдийн балмад үйлдлээс болж ийнхүү харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Тэд бусдын л адил хэн нэгний  эмээ өвөө, аав ээж, ах дүү, найз нөхөд байсан. Зарим нь илүү амар тайван амьдрал хайн эх орноосоо дүрвэн ирсэн цагаачид байж. Хамгийн бяцхан хохирогч гуравхан настай хүү байв. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн Крайстчерч хотод болсон хэрэг явдлыг улсынх нь түүхэн гарч байгаагүй зэрлэг балмад үйлдэл гэж нэрлэн энэ өдрийг “хар өдөр” гэж тодотгосон байна.

СЭЖИГТЭН ХАЛДЛАГЫГ ГАНЦААРАА ҮЙЛДСЭН

Аймшигт халдлагыг үйлдсэн этгээд нь 28 настай, Брэндан Таррант гэх Австрали гаралтай, Шинэ Зеландын иргэншилтэй хэт барууны үзэлтэн эр байжээ. Цагдаа нарын мэдээлснээр түүнийг гурав дахь халдлагаа үйлдэхээр бэлдсэн байсан ба замд нь баривчилж чадсан нь дахин илүү олон хүний амь нас үрэгдэхээс сэргийлж чадсан гэжээ. Уг хэрэгт сэжиглэн өөр хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг саатуулан баривчлаад байсан ч хэргийг мөрдөн шалгах явцад гэмт этгээд ганцаараа байсныг тогтоосон байна. Исламын сүмийн эсрэг талын зочид буудлын хяналтын камерын бичлэгийг өнөөдөр /2019.03.21/ шалгаж үзэхэд сэжигтэн Таррант Исламын сүмийн эсрэг талын цэцэрлэгийн зогсоолд машинаа байрлуулж, машинаасаа сүм рүү гал нээсэн нь тогтоогджээ.

ТУНХАГ БИЧИГ БА ДЭЛХИЙГЭЭР ТОЙРОН АЯЛАГЧ

Тэрбээр халдлагаа үйлдэхээс өмнө 74 хуудас бүхий тунхаг бичиг шиг зүйл тараасан байсан ба уг тунхагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг “цагаан арьстнуудын бэлгэдэл” хэмээн магтаж, 2011 онд 77 хүний амийг хөнөөсөн Норвегийн алуурчин Андерс Брэйвикийг шүтдэг, халдлага үйлдэхээсээ өмнө Брэйвиктэй холбогдож, түүнээс адис авсан гэж бичжээ. Таррант цагаачлал, олон соёл иргэншил холилдсон нийгмийг шүүмжилж, Исламын шашинтнууд болон цагаачдаас болж Европ, Өрнө дахинд цагаан арьстнуудын соёл мөхөж байгаад харамсаж явдаг, тиймээс Исламуудын гарт амиа алдсан Европчуудын өшөөг авахаар шийдсэн гэдгээ илэрхийлжээ. Алуурчны автомат буун дээр муслимуудтай тэмцэж явсан загалмайн шашинт удирдагчдын нэрийг битүү сийлсэн байв.

Мөн тэндээ Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг тодотгон заналхийлсэн байжээ. Тунхаг бичигт “Турк улсыг эртний дайсан гээд Эрдоганыг тэдний удирдагч учир амийг нь хөнөөнө. Туркуудыг Босфоны хоолой руу шахан гаргаж, Европчууд эртний Константинополь хотыг сэргээх хэрэгтэй” гэж бичсэн байж.

Шинэ Зеландад ирээд дөрвөн жил болж байгаа ба үүнээс өмнө Австралид фитнес дасгалжуулагчаар ажиллаж байгаад улмаар ажлаа орхиж крипто-валютын бизнес хийсэн нь амжилттай болж, дээр нь эцэг нь нас барсан учир эцгийнхээ хөрөнгийг залгамжилж дэлхийг тойрон аялсан байна. Таррант Хойд Солонгос, Исланд, Аргентин, Франц, Грек, Румын, Унгар, Болгар зэрэг орноор аялж, улмаар Шинэ Зеландад эргэн ирсэн аж. Тэрбээр Балканы үндсэрхэг үзэлтнүүдийг дэмжин шүтэж, Туркэд байхдаа алан хядлага терроризмын талаар ихээхэн судалсан байна.

Турк улсад хоёр ч удаа очихдоо сар гаруй хугацааг өнгөрүүлж, загалмайтны шашны түүх дурсгалуудыг үзэж сонирхсон байсан нь энэхүү халдлагыг маш эртнээс бодож төлөвлөсөн төдийгүй Эрдоганыг зүгээр ч нэг сүрдүүлээгүй үнэхээр хөнөөхөөр завдаж байсныг илтгэж байгаа юм.

ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛДЛАГЫН БИЧЛЭГИЙГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД АШИГЛАВ

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган энэхүү эмгэнэлт үйл явдлын бичлэгийг гуравдугаар сарын сүүлээр болох парламентын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нь маш олон хүний дургүйцлийг хүргэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгогчидтой уулзахдаа уг бичлэгийг хэд хэдэн удаа үзүүлж “Бид энэ нутагт мянган жил амьдарсан. Бурхны хүсэлтээр дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл бид амьдарсаар байх болно. Тэд нар Истанбулыг Константинополь болгож чадахгүй. Тэдний өвөг дээдэс энд ирээд, буцахдаа авсанд ороод буцсан. Тэд өвөг дээдэс шигээ санаа өвөрлөж ирэх юм бол бид ч бас адилхан болгоод буцаана” хэмээн хэлсэн байна.

 

ШИНЭ ЗЕЛАНД ГАЛТ ЗЭВСГИЙН ХУУЛИА ЧАНГАТГАНА

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн галт зэвсгийн тухай хуулийг чангатгаж, хүссэн хүн бүр хагас автомат галт зэвсгийг эзэмшдэг байдлыг зогсоохоо мэдэгджээ. Халдлагын сэжигтэн Брентон Таррант гэгч нь буу эзэмших эрхтэй байсан бөгөөд халдлага үйлдэхийнхээ өмнө хотын галт зэвсгийн худалдааны дэлгүүрээс дөрвөн төрлийн буу худалдан авсан болохыг цагдаагийн газраас мэдээлсэн байна. Аймшигт халдлагын дараа галт зэвсгийн тухай хуулийг өөрчлөхөд эсэргүүцэх хүн гарахгүй гэдэгтэй иргэд санал нэгтэй байгаа аж.

Шинэ Зеландад галт  зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийллийн тоо бага. Тус улсад 1,2 сая ширхэг галт зэвсгийг хувь хүн эзэмшдэг ба нэг хүн ойролцоогоор дөрвөн буутай байдаг гэнэ. Энэ нь Шинэ Зеланд улс нь иргэдийн галт зэвсэг эзэмших байдлаар дэлхийд 20 дугаарт бичигдэж байна. Мөн зарим иргэд уг халдлагын дараагаас сайн дураараа галт зэвсгээ хүлээлгэн өгч байгаа гэнэ.

ТОМООХОН ЦАХИМ СҮЛЖЭЭНҮҮД Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

Таррант халдлагыг маш эртнээс төлөвлөж, бэлтгэсний үндсэн дээр хийснийг цагдаагийн байгууллага хожим нь тогтоожээ. Хожим нь гэдэг нь тэрбээр хэд хоногийн өмнөөс л халдлага үйлдэх гэж байгаа тухайгаа, төлөвлөгөөгөө цахим сүлжээндээ нийтэлсэн байсан ба түүнийг цагдаагийнхан ч тэр цахим сүлжээний удирдлагууд ч тэр огт анаараагүй байна. Мөн халдлагын үеэр буюу мөргөлчид рүү гал нээж байгаагаа цахим сүлжээгээр шууд дамжуулсан нь урьд өмнө нь байгаагүй цочирдом үйл явдал байлаа.

Энэ тухай ерөнхий сайд Жасинда  Ардерн өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Бид томоохон цахим сүлжээний компаниуд нийглэгдсэн болон байршуулсан материалуудынхаа  төлөө ямар ч хариуцлага үүрдэггүйг хүлээн зөвшөөрөөд дуугүй хараад сууж болохгүй. Тэд хэвлэн нийтлэх эрхтэй ч шуудан зөөгч биш. Хариуцлагыг үүрэхгүй зүгээр л ашиг олоод сууна гэсэн зарчим байж болохгүй шүү дээ” хэмээсэн байна. “Facebook” компани гэмт этгээдийн бичлэгийг устгахаас өмнө  17 минутын “live”-ийг  200 гаруй хүн, бичлэгийг нь 4000 хүн үзэж амжсан байна. Мөн үйл явдал болсон эхний өдөр л гэхэд тус компани уг бичлэгийн 1,5 сая хуулбарыг нийтлэгдэхээс нь өмнө устгасан гэдгээ зарласан. Twitter, Instagram, Youtube гэх мэт бусад цахим сүлжээнүүд ч мөн уг халдлагын бичлэгийг устгах, нийтлэхгүй байх арга хэмжээг авчээ.

ОРШУУЛАХ ЁСЛОЛД НУТГИЙН ИРГЭД САЙН ДУРААРАА ОРОЛЦОВ

Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийг оршуулах эхний ёслол мягмар гаригт /2019.03.19/ болсон байна. Исламын шашны уламжлалын дагуу нас барсан хүмүүсийг нэн даруй оршуулах ёстой байдаг хэдий ч хохирогчдын хэн болохыг тогтоох ажиллагааны улмаас оршуулах ёслол хойшлоход хүрсэн юм. Оршуулах ёслолд хотын оршин суугчид сайн дураараа оролцож, хохирогсдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлжээ. Мөн оршуулах ёслолын бүх зардлыг Шинэ Зеландын засгийн газраас гаргаж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж