Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ.
-“Боссын босс” уран сайхны киноны нээлт ирэх тавдугаар сард болно гэж дуулсан. Өмнөх хоёр цувралаас юугаараа онцлог байх бол?
-Өмнөх анги болох “Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гурав дахь цуврал нь “Боссын босс” нэртэйгээр эргэн ирж байгаа. Энэ удаагийн кино маань маш их адал явдалтай, хөрөнгө мөнгө их зарцуулсан, чанартай бүтээл болсон гэдгээрээ онцлог. Би өчигдөрхөн киноныхоо хар монтажийг үзсэн. Үнэхээр гоё кино болсон байна лээ. Одоогоор “Боссын босс” уран сайхны киноны нээлтийг ирэх тавдугаар сард хийх тов гарсан. Киноны нээлтийн талаар найруулагчийн зөвшөөрөлгүйгээр ярьж болохгүй байх.
-Киноны зураг авалт саяхан дууссан шүү дээ. Хөдөө орон нутагт бас зураг авсан харагдсан?
-Өмнөх хоёр цувралд дан хотод зураг авалт хийсэн байдаг. Харин энэ удаагийн цувралд Сэлэнгэ, Дундговь аймагт кино зураг авсан. Ерөнхийдөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр зураг авалт эхэлж, 2019 оны гуравдугаар сард дууслаа. Нэлээд олон хүний баг бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлчид маань хүч хөдөлмөрөө шингээн ажиллалаа. Мэдээж “Боссын босс” уран сайхны киног бүтээхэд олон хүний сэтгэл, зүрх шингэсэн учраас хүмүүст хүрэх байх гэж найдаж байна.
-Гол дүрийн хувьд өөрчлөлт орсон уу. Хошин урлагийн жүжигчин Т.Бархүү, драмын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар хамтран тоглосон гэсэн үү?
-“Боссын босс” киноны гол дүрд надаас гадна жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, С.Батзориг буюу Ишчүү, Б.Батмаа нар дахин тоглосон. Мөн “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар хамтран тоглосон нь үйл явдлыг улам сонирхолтой болгосон. Бас ОХУ-ын жүжигчин эмэгтэй урилгаар ирж тоглосон.
-“Боссын босс” гэхээр нэрнээсээ эхлэн сонирхол татаж байна?
-Анх киноныхоо зохиолыг уншихаас өмнө “Гуравдугаар анги ингэж л үргэлжлэх болов уу” гэж төсөөлж байсан. Гэтэл киноны зохиолтойгоо танилцахад миний төсөөлснөөс тэс өөр үйл явдал өрнөсөн. Яг надтай адил төсөөлж буй үзэгчид олон байгаа байх. Өмнө нь киноны гол дүрээс нэг нь бэртэж гэмтдэг байсан бол энэ удаа нэг гол дүр нь зохиолын дагуу нас барж байгаа.
-Тэр нь хэн байх бол?
-Магадгүй би ч байж болно./инээв/ Кино багийнхан маань киноныхоо нэг хэсгийг нь нээлтийн өмнө үзэгчдэд хүргэх талаар ярилцаж байгаа. Би бол үзэгчдэд хүргээсэй гэж бодож байна. Манай кино багийнхан энэ ярилцлагыг уншиж байгаа бол миний саналыг дэмжээрэй гэж хүсье.
“Артай хүний аманд аймар ихээр багтаж явлаа
Ажил хөдөлмөрөө бусдад шулуулж шатаж явлаа
Байх байхгүйн зовлонд багалзуур минь хатаж явлаа
Бат нөхрийн урмын үгэнд баясаж бас бардаж явлаа..” хэмээх “Эргэцүүлэл” дуугаа сүүлд фенүүддээ хүргэсэн. Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач?.
-Би фен гэдэг үгэнд дургүй. Зүгээр намайг сонсдог хүмүүс гэж хэлэх нь зүйтэй байх. Миний хувьд сүүлд “Хил хязгааргүй” /ЕР/ гэдэг дөрвөн дуутай цомгоо гаргасан. Уг цомогт багтсан “Эргэцүүлэл” дуугаа Буриадын дуучин Мэдэгма Доржиеватай хамтран дуулсан. Өөрийн намтар маягаар шинэхэн дууныхаа клипийг нь дүрсжүүлж, өнгөрсөн амьдралдаа юу үзэж туулсан тухайгаа эргэцүүлэн дуулсан. Гэхдээ миний явж буй зам дуусаагүй байна. Хэдэн жилийн дараа ямар эргэцүүлсэн дуу гаргахыг мэдэхгүй. “Хил хязгааргүй” гэдэг цомог маань нэрнээсээ учир утгатай. Хэдийгээр бид хилийн зурвасаар зааглагдсан ч гэсэн хэл, соёлоороо нэг гэдгийг харуулахыг зорьсон. Тиймээс энэ цомогт Өвөрмонгол, Халимаг, Буриадын артистуудтай хамтарч ажилласан юм.
-Энэ онд тоглолт хийх үү?
-Бодож байна. Ажлаас нь жаахан халшраад байна.
-Реппер Жийг анх гарч ирэхэд хүүхдүүдэд хараал зааж өгдөг гэж их шүүмжилдэг байсан. Одоо ч дууг нь шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна?
-Хүмүүс “Нэг зангаараа бай” гэж хэлдэг. Уучлаарай. Хүн хэзээ ч нэг зангаараа байдаггүй юм. Энэ амьдралыг үзэж туулах тусам хүн хувьсан өөрчлөгдөж, илүү туршлагажиж байдаг. Зарим нь илүү хөгжиж байхад нөгөө хэсэг нь улам дордох нь бий. Би өнгөрсөн хугацаанд өөрийгөө ямар болж байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ тэр цаг үед юу бодож, эргэцүүлж, сэтгэж байгаагаа л дуундаа илэрхийлдэг. Магадгүй миний гурван жилийн дараах уран бүтээлийг сонсоход арай өөр түвшинд очсон байхыг үгүйсгэхгүй. Хүмүүс миний дууг юу гэж бодох нь тэр хүмүүсийн бодол. Би тэр дууг юу бодож хийх нь миний л бодол. Би заавал тэр хүмүүст бодлоо тулгах албагүй. Би ч гэсэн тэр хүмүүст бодлоо тулгаагүй. Миний дууг сонсох, эс сонсох нь тэр хүний л сонголт.
-Реппер маань хоёр хүүхдийн аав болсон. Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг гаргаж чадаж байна уу?
-Би хоёр хүүхдийн аав болсон. Манай том охин аавынхаа дуунуудыг сонсоод “Ийм, тийм болж байна. Өө наана чинь гоё байна ааваа” гэж бараг шүүмжлэгч, продюсерийн хэмжээнд хэлдэг.
Их ажилтай үед заримдаа стресстэнэ. Заримдаа ажлаасаа кайф авна. Өнөөдрийг хүртэл хамгийн их аз жаргалыг мэдрүүлж буй зүйл бол үрс минь. Тиймээс би аль болох тэдэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, аз жаргалыг хамтдаа мэдрэхийг хүсдэг. Миний ханийг Н.Минжирмаа гэдэг. Нэг их ажилсаг бүсгүй байгаа даа. Ер нь бүх зүйлд маань дэм өгдөг дөө.
-Саяхан BBC агентлагийн радио нэвтрүүлэгт оролцсон гэж дуулсан. Монголд ирж нэвтрүүлэг бэлтгэсэн байсан уу?
-Дэлхийн томоохон агентлаг болох BBC радиогийн нэвтрүүлэгт орсон. Манай менежерээр дамжуулан ярилцлага авах өдрөө товлочихсон байсан. Яг ярилцлага авах өдрөө Монголд ирж, радио нэвтрүүлэг хийсэн л дээ.
Радио нэвтрүүлгээр зөвхөн би ч гэлтгүй Монголын олон хип хопчид орсон. Намайг нэвтрүүлгийнхээ гол дүрээр сонгосон байсан. Радио нэвтрүүлгээр улсынхаа хип хоп урлагийн хөгжил, өөрийн дуунуудын шүлгийг юунаас сэдэвлэн хэрхэн бичдэг, өөрсдийн хийхээр зорьж буй ажлын талаар ярилцаж, гадаадын хүмүүст дуу хоолойгоо хүргэж чадсан гэж бодож байна.
-Реппер Жий “Шударга татвар төлөгч иргэн” шүү дээ?
-Нийслэлийн татварын газраас Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан 2017 онд намайг “Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр шагнасан. Миний хувьд энэ бол нэр хүндийн хэрэг. Би маш их баярласан. Би өнгөрсөн хугацаанд багагүй хэмжээний татварыг улсад төлсөн.
-Нууц биш бол хэдэн төгрөг улсад төлсөн бэ?
-Зөндөө зөндөө .Тэрийг хэлэхгүй шүү дээ. Татвар төлсөн мөнгөө хэлчихвэл хүмүүс бодоод миний орлогыг тодорхойлчионо шүү дээ. /инээв/
Холбоотой мэдээ