Японы Сайтама хотод уран гулгалтын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж, олимпийн аварга ОХУ-ын А.Загитова 82,08 оноогоор түрүүллээ. Түүний араас Японы 19 настай залуу од К.Сакамото /76.86/, Казахстаны Е.Турсинбаева /75.96/ нар хоёр, гуравдугаар байрт орлоо.
ОХУ-ын багт нэмэлт эрхээр ДАШТ-д оролцож байгаа олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Е.Медведева 74.23 оноогоор дөрөвдүгээр байрт орсон бол БНСУ-ын залуу од Им Ин Сү 72.91 оноогоор тавдугаар байрт оржээ. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн урьдын таамаглаж байснаар ОХУ, Японы уран гулгагчдын хооронд өрнөж байна. Харин Топ-5-д Казахстан, БНСУ-ын тамирчид орж ирлээ.
Богино үзүүлбэрт 40 тамирчин өрсөлдсөнөөс 24 нь маргааш болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авсан байна.
ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болох хосын чөлөөт үзүүлбэр болно. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ