"Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй 20 мянган хүүхэд байна" | News.MN

"Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй 20 мянган хүүхэд байна"

"Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй 20 мянган хүүхэд байна"

"Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй 20 мянган хүүхэд байна"

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай хүүхэд хамгааллын чиглэлээр ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зодсон сэтгэл эмтэрмээр хэрэг гарч олон нийтийг цочроолоо. Энэ хэрэгт танай байгууллагын зүгээс ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Дөрөвхөн настай хүү хойд эцэгтээ зодуулан бие махбодын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Энэ сарын 13-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага мэдээлэл ирснээс хойш Баянгол дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт нээн шалгаж эхэлсэн. Хүүхдийн бие маш хүнд байна. Энэ хэрэг дээр бид хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээр туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгчийг томилуулан ажиллаж байна.

Өнөөдрийн хувьд Баянгол дүүргийн гэр бүлийн асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн, тус хэлтсийн дарга нар хүүгийн ар гэрийнхэнтэй нь хамт эмнэлэгт байж, дор бүрнээ залбирч сууна.

Мөн ээжийнх нь сэтгэл зүй тогтворгүй байгаа тул бид хамгааллын үйлчилгээ үзүүлэх асуудалд хүлээцтэй хандаж байна. Хагалгаа амжилттай болж, хүүгийн бие сайжирсны  дараа ээжтэй нь хамт түр хамгаалах байранд аваачих тухай ярилцсан.

-Хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэрэг бүрт танайхаас өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг гэв үү. Ингэснээр хэргийн шийдвэрлэлтэд тодорхой хэмжээний ахиц гарах байх?

-Хүүхэд хамгааллын зардал буюу өмгөөлөгчийн төлбөрийг төрөөс суулгаж өгсөн. Бид нар энэ онд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бие махбодын болон бэлгийн хүчирхийллийн тохиолдол бүрт очиж ажиллаж, буруутай этгээдэд заавал хариуцлага хүлээлгэдэг болохыг зорьж байна. Хэдэн жилийн өмнө өмгөөлөгчийн төлбөрийн асуудлаас болоод хүндрэлтэй асуудал үүсдэг байсан. Одоо төсөв сайжирсан учраас бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээр мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран ажиллаж хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол бүрт туслалцаа үзүүлнэ. Өнгөрсөн онд гэхэд дээрх чиглэлээр туршлагатай гэж үзсэн 15 өмгөөлөгчийг дөрвөн удаагийн сургалтаар бид мэргэшүүлсэн. Одоо эдгээр өмгөөлөгчдөөр дамжуулж хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд бид чанартай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

-Хүүхэд хүчирхийлж байгаа хэргийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх ажил чухал байх?

-Бид үйлдэгдэж буй хэрэгт дүн шинжилгээ хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, тухайн эцэг эх ямар үүрэг хүлээх тал дээр ажилладаг. Ер нь эцэг эхийн үүрэг хариуцлагыг бага наснаас нь зааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр энэ талын мэдлэг, мэдээллийг залууст олгоогүйн улмаас олон гэр бүл салж байгааг нуухгүй. Үүний цаана эргээд хүүхэд хохирдог нь харамсалтай. Манайд өнөөдөр гэр бүлийн боловсрол олгодог хөтөлбөр байхгүй байна. Гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас нь зааж өгдөг сургалтын хөтөлбөрийг боловсролын системд суулгаж өгөөч гэсэн хүсэлтийг бид  удаа дараа холбогдох байгууллагуудад илэрхийлж байгаа.

-Эрсдэлт бүлэг буюу хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдийг ямар байдлаар тодорхойлдог юм бол?

-Гэр бүлийн уур, амьсгал гэр бүлийн гишүүдээс хамаарч эрсдэлт бүлэгт дэх хүүхдийг 40 оноогоор үнэлдэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрсдэлтэй гэж бүртгэгдсэн 20499 хүүхэд байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл буурч байгаа гэж ярьдаг ч нийгэмд аймшигтай хэргүүд тасралтгүй гарч байна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг буурч байгаа юу. Бодит байдалд  ямар байна вэ?

-108 утсан дах дуудлага мэдээлэл жил бүр өсч байгаа. Жишээлбэл 2018 онд бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх 1383 дуудлага ирсэн. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн дуудлага мэдээлэл 300 ирсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар 401 орчим дуудлагын 38 нь бэлгийн хүчирхийлэлтэй холбогдох дуудлага байна. Дуудлага мэдээлэл өгөхөд эхлээд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, ярилцсаны үндсэн юу тохиолдсоныг нь мэддэг. Сүүлийн гурван жилийн байдлаар 108 дугаарын дуудлагад анализ хийж үзсэн. Тухайлбал, 2016 онд дуудлага мэдээллийг эцэг эхээс гадна хөрш айл, сургуулийн багш нар өгдөг нь бага байсан. Гэтэл жилийн дараа дүгнэхэд энэ дүн хоёр дахин буюу 49 хувь болж өссөн.

Өөрөөр хэлбэл хүмүүсийн хандлага өөрчлөгдөж хүчирхийллийг хараад өнгөрүүлэх биш шууд мэдээлдэг болсон сайн талтай. Ингэснээр хаалганы цаадах нуугдмал гэмт хэрэг илэрч байна гэж бид дүгнэж байгаа.

-Тэгэхээр хүүхэд хамгааллын байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг юм биш үү?

-Үгүй. Сум болгонд хамтарсан багийн хүмүүс байгаа. Чадлаараа л ажиллацгааж байна. Хамгааллын үйлчилгээнээс гадна хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, хамгаалагдсан хүүхэд хөгжинө гэсэн санааг дэвшүүлэн ажиллаж байна.

-Хамтарсан багийн үзүүлэх үйлчилгээг тодруулахгүй юу?

-Монгол Улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг “Хүүхдийн тусламжийн утас 108”, “Цагдаагийн газрын 107” утсаар хүлээн авч байна. Мөн иргэдийн гомдол мэдээллийг бичгээр, биеэр, аман байдлаар холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч байгаа. Ирсэн гомдол мэдээллийг авсан хамтарсан багийн гишүүд нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх хүртэлх үйлчилгээг үзүүлдэг. Хэрвээ нөхцөл байдлын үнэлгээгээр гэмт хэргийн шинжтэй байж болох шинж тэмдэг илэрвэл хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд шилжүүлдэг. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аюулгүй байдлын үнэлгээг цагдаагийн албан хаагч хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийг энэ орчинд нь үлдээгээд явах нь амь нас, эрүүл мэнд, хөгжих хэвийн орчинд нь эрсдэлтэй байна гэж үзвэл хүүхдийг тусгаарлах үйлчилгээ буюу түр хамгаалах байранд байрлуулдаг. ГБХЗХГ-ын хувьд “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвийн дэргэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг байгуулсан.

-Хүүхдийн тусламжийн 108 утас хэр ачаалалтай байдаг вэ?

-Гэр бүл хүүхэд залуучуудын газар байгуулагдахаас өмнө 108 дугаар албан ёсны төрийн бүтцийн дугаарт байдаггүй байсан. Манай байгууллага улсынх болсноор 108 утсыг 24 цагаар ажиллуулж эхэлсэн. Мөн дуут дохиотой тээврийн үйлчилгээтэй болсон. Яг хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн байгаа үед нь хүүхдийг орхиод явбал эрүүл мэнд амь насанд нь дахиад хохирол учруулж болохуйц асуудал үүсдэг. Үүнийг Засгийн газарт хүсэлт тавьсаар байгаад түр хамгаалах байрыг бий болгосон. 2017 онд түр хамгаалах байранд 324 хүүхэд үйлчилгээ авсан.

2018 онд 995 хүүхэд энэ хамгаалах байранд үйлчилгээ авсан. Түр хамгаалах байранд өдөрт доод тал нь 20 хүүхэд байдаг. Ачаалал ихтэй үед 30 хүүхэдтэй байдаг. Харин 108 утсан дээр мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгөөд явж байгаа. Тэднийг чадавхжуулах сургалтад нь хамруулаад 24 цаг дуудлага мэдээлэл хүлээж авч байгаа. Зарим тохиолдолд шугам чөлөөгүй дуудлага ачаалалтай байхыг үгүйсгэхгүй.

-Хэвлэл мэдээллээр хүүхдийн хүчирхийллийн асуудлыг нээлттэй мэдээлдэг болжээ. Энэ нь хэр сөрөг үр дагавартай вэ?

-Мэдээлэх үүрэг нь бүх хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарт байгаа. Үүнийг шууд нууцлаад байх асуудал биш. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг хамаа замбараагүй мэдээлэх нь энэ гэмт хэргийг үйлдэх сэдэл болоод байгаа юм. Өнгөрөгч онд Замын-Үүд суманд ой найман сартай хүүг аавынх нь найз хүчирхийлсэн хэрэг гарсан. Гэтэл хэргийг үйлдсэн этгээд мэдүүлэгтээ“Аавыг нь эзгүй хойгуур яг тэр үед телевизээр эрэгтэй хүүхдийг эрэгтэй хүн хүчиндсэн тухай мэдээлэл гарч байж. Энэ үед эрэгтэй хүүхдийг хүчирхийлэх ямар байдаг юм бол гэсэн бодол төрсөн" гэж хэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэт их мэдээлэх нь асар их сөрөг үр дагавартай. Мэдээж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл их оролцоотой. Гэхдээ дэлгэрэнгүй кейс задалж ярьсан тохиолдолд энэ нь өөрөө энэ гэмт хэргийг үйлдэх сэдэл болоод байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-21 150.129.140.220

Хүүхдийн эсрэг дайн зарлаад байгаам уу? Хүүхдээ яаж хамгаалах ёстой юм бэ? Архичин эцэг эхэд хүүхдийг үлдээж болохгүй ш дээ. Чононд мах хадгалуулсантай адил бн. Ил тод ярьж төр, олон нийтийн туслалцаа аваачээ. Архичидтай хамт байж яав ч таарахгүй. Салгах хэрэгтэй бн.

Avatar

хүн 2019-03-21 103.229.123.54

сэтгэгдэл оруулахгүйгээр тохируулсан бн

Avatar

хүн 2019-03-21 103.229.123.54

Энэний ам юутай адилхан байна вэ… Та бүхэн дахин нэг хараарай. Ажлаа мэдэхгүй хүний яриа байна. Ийм бөгсний нүхний амсар шиг амаар худал ярихад ч амархан байна байх даа. Араас нь хөөж ажиллаад байна. Гэмтсэн хойно нь өртсөн хойно нь хүчиндүүлсэн хойно нь зодуулсан хойно нь алуулсан хойно нь алга болсон хойно нь хохирогч болсон хойно нь та нар мэдээд / та нар мэдээгүйм л даа энэ хэдэн муу нэртэй хвлэлийнхэн гаргаж ирж байгаа/ араас нь хөөж ажиллаад байна.

Avatar

Зочин 2019-03-21 202.21.106.116

aa ta yaj uridchilj medeh uu?

Avatar

Ганаа 2019-03-21 202.21.120.242

Үр хүүхдээ хамгаалах нь эцэг эхийн үүрэг шүү сүүлийн үед хамаг муу юм болвол төр лүү чихдэг дайрдаг хандлага маш их байна. Бүгдээрээ хариуцлагатай байягаая

Avatar

Зочин 2019-03-21 64.113.32.29

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлн?” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж