"Хүчит шонхор" хүнсний захад махны үнэ 11 мянган төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

"Хүчит шонхор" хүнсний захад махны үнэ 11 мянган төгрөг байна

Монгол Улс 66 сая гаруй  толгой малтай ч үхрийн нэг кг махыг 9500 -11000 төгрөгөөр  худалдаж авна гэдэг даанч гачлантай. Хаврын улирал, баяр ёслолын үеэр махны үнэ тэнгэрт хадаж, ченжүүд даам гардаг.

"Хүчит шонхор" захад өчигдөр /2019.03.20/ үдийн 15.00 цагийн үед очиход үйлчлүүлэгчид цөөтэй, лангуунынх нь дэргэдүүр өнгөрөх бүрт “Амттай шинэ мах байна шүү, аваарай” хэмээн уриалгахан дуудах худалдагчид ч олон байлаа.

Нийслэлдээ хамгийн хямд мах худалдаалдаг захад  тооцогддог болохоор ихэнх хүмүүс  махаа бөөнөөр нь худалдан  авахаар зорьж ирдэг.

Энд хонины шинэ нойтон цул мах нэг кг нь 8000-8500 төгрөгөөр зарагдаж байгаа бол хонины ястай мах 7200 төгрөгөөр зарагдаж байв. Махны үнэ чанраасаа шалтгаалж үнэ нь өөр, өөр аж.

Гэхдээ  тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж  худалдаалах  үнэд өөрчлөлт ордог байна.  Мөн худалдагч “Өнгөрсөн жил байтугай ойрын арван жил ийм  өндөр үнээр мах зарж байсангүй. Махны үнэ өсөөд байгаа нь хятад иргэн болон тэдэнд ажилладаг монголчууд "үнэ цохиж" авч байгаатай холбоотой. Хятадууд экспортын ямар ч  зохицуулалтгүйгээр их  хэмжээний махыг хилээр гаргаж дамлаж байна. Үнийн хэт хөөргөдлөөс болж зарим худалдаачид мах худалдан авч чадахгүй байгаа бол энгийн иргэдийн худалдан авалт ч бүр буурсан. Угаасаа нэг кг мах 8000 төгрөгөөр худалдаж аваад хэд хоног идэх вэ дээ. Үүн дээр  төр арга хэмжээ аваасай. Төрийн бодлого буруу явж байгаагийн нэг илрэл нь  энэ болоод байна” гэлээ.

Бод малын мах зардаг заал руу ортол ихэнх лангуу нь хоосон байх аж. Эдгээр лангууны мах зарагдаж дууссандаа хоосон болсон юм биш бод махны олдоц багассан гэдгийг  худалдагчид хэллээ.

Энэ хэсэгт үхрийн цул мах нэг кг  нь 9500-9800, үхрийн гуяны цул нойтон мах 11000, үхрийн ястай мах 8500-8800, үхрийн хаа, сээр 8300-9800 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн жилийн өдийд тус захад үхрийн цул мах 8000, үхрийн ястай мах 7800-8000 төгрөгөөр борлуулагджээ. 

Худалдагчид  махны хомсдлыг Хятад иргэд мах их хэмжээгээр худалдан авч байгаатай холбон тайлбарлав. "Хятадуудтай хамтарч ажилладаг монгол ченжүүд "Манайх худалдаад авчихсан" гээд өгдөггүй. Эмээлт, 22-ын товчоо орчмоор Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрүүд олон болсон. Тэдэнд мах худалдаалахаар хятадууд өөрсдөө боловсруулаад хилээр гаргана. Монголчуудад наалдацгүй. Хий дэмий л махны үнийг хөөрөгдөөд, дунд нь иргэд хохирч байна” хэмээн бухимдаж байлаа.

“Хүчит шонхор” захаас "Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Далай ээж” зэрэг томоохон худалдааны төвүүд мах худалдан авч нэг кг тутамд нь 1000-1300 төгрөг нэмэн зардаг аж.

Тодруулбал, гуравдугаар сарын 13-ны байдлаар хонины ястай мах “Меркури” захад 8500, үхрийн цул мах “Номин” супермаркетад 12399 төгрөг, үхрийн ястай мах 11399 төгрөгөөр зарагджээ. 

Харин "Хүчит шонхор" захад  долоо хоногийн өмнө хонины ястай мах нэг кг нь 7200, хонины цул мах 7500, үхрийн ястай мах 8000, үхрийн цул мах 9500, адууны ястай мах 7000, ямааны ястай мах 5800 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байсан юм.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЛЭХ ӨДӨР ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Жил бүрийн хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах худалдаанд гаргадаг болоод нэлээд хэдэн жилийн хугацааг үдсэн ч өнөө жилийн хувьд оройтох шинжтэй. Албаныхны хэлж буйгаар нөөцийн махыг худалдаанд гаргах өдөр тодорхойгүйн дээр үнэд ч өөрчлөлт орно гэдгийг хэллээ. Өнгөрсөн жилийн тухайд  нөөцийн махыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс  эхлэн  худалдаанд гаргасан  юм.

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантогтох “Хаврын улиралд махны үнийг тогтворжуулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр нөөцийн мах бэлтгэх ажлыг  зохион  байгуулдаг. Энэ жил 10.000 мянган тонн мах бэлтгэсэн. Арванхоёрдугаар сарын 6-нд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахад долоон аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Ингэхэд арилжааны банкнаас гурван аж ахуй нэгж байгууллагыг шаардлага хангаж байна гэж үзээд зээл олгохоор болсон. Удахгүй дахин сонгон шалгаруулалт явуулна. Үүнээс арилжааны банк хоёр аж ахуй нэгжид зээл олгох юм" гэв. Өнгөрсөн жилийн тухайд 33 үйлдвэр мах нөөцлөх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлснээс шаардлага хангасан 25 үйлдвэр аж ахуй нэгжийг сонгон 12.8 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж байжээ.

Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүн. Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж