Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч Г. Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж түүнийг орлох хүнийг томилох саналаа хүргүүлжээ. Г.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр томилсон. Тэрбээр УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан даргаар ажиллаж байсан юм.
УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаад байгаа юм. Тэгвэл прокурорын орлогчоор ямар хүн томилох, хэн очих вэ гэдэг улс төрийн хүрээнд төдийгүй, хуулийн хүрээнд яригдаж байгаа гол сэдвийн нэг.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг гэж хүнийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ. Прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-тай зөвшилцөх ёстой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байх юм.
Хуулийн дагуу Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх зэрэг хуулийн зохицуулалттай юм байна.
Тэгвэл Ш.Эрдэнэбилэгийн хувьд 14 орчим жил прокуророор ажилласан, Дорнод, Булган аймгуудад ч мөн ажиллаж байжээ. Тодруулбал, 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор ажиллаж байгаад 2012-2014 онуудад Булган аймгийн прокуророор ажиллаж, 2014 онд Дүүргийн II прокурорын газарт шилжин иржээ.
Одоо тэрбээр Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Түүний талаарх мэдээлэл цөөн ч прокурорууд дундаа хамгийн өндөр орлоготой хүнээр тодорч байжээ. Мөн УИХ-ын дэлгүүрийн 149 ширхэг хувьцаатай зэргээ ч өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ