Гурваас доош насны хүүхдийн 6 хувь нь хоолны харшилд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хэрэв нярай шингэн хоолонд орсон бол харшил өгөх магадлалтай гэсэн үг. Хоолны харшил бол биемахбодод уг хоол хүнс огт тохирохгүйг харуулж буй биеийн эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Энэ хамгаалалт нь харшил үүсгэж буй уг хоол хүнсийг дахин хэрэглэхгүй байхыг анхааруулж буй хэрэг юм. Харшлын шинж тэмдэг нь биеэр юм туурах, хавдах, ходоод гэдэс хямрах, гүйлгэх, бөөлжих зэрэг юм. Хэрэв нярай хоол идсэнээс хойш хэдэн цагын дотор дээрх шинж тэмдгүүдээс хоёроос гурав нь илэрвэл эмчид яаралтай үзүүлж, харшлын тест өгөх шаардлагатай. Мөн цөөн тохиолдолд нүүр, уруул, улмаар бүх бие хавдаж хөөх нь харшлын маш ноцтой хэлбэр юм. Ийм хэлбэр нь үхлийн аюултай тул яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Аль ч төрлийн хоол хүнс харшил үүсгэх боломжтой ч харшлын хэлбэрүүдийн 90 хувь нь буурцаг, өндөг, сүү, самар, загас, модны самар зэргээс үүдэлтэй аж. Харшлаас сэргийлэхийн тулд дээрх төрлийн хоол хүнснээс харшилтай эсэхээ тогтоох хэрэгтэй. Зарим хүмүүс насан туршдаа харшлаас болж зовох нь ч бий. Хамгийн харамсалтай нь та болон таны эхнэр, нөхрийн аль нэг нь харшлын ямар нэг өвчтэй бол таны хүүхдэд удамших магадлал 50 хувьтай байдаг. Одоогоор харшлаас бүрэн хамгаалах шинжлэх ухааны арга байхгүй ч харшил үүсгэж буй зүйлээс зайлсхийх нь хамгийн энгийн арга юм. Тиймээс хүүхдэд элдэв төрлийн, танил бус химийн найрлагатай хол хүнс өгөхөөс болгоомжлох нь зүйтэй. Мөн түүнчлэн эмч нар нярай хүүхдийг 12 сар хүртэл нь хөхөөр нь хооллож байхыг зөвлөдөг нь санамсаргүй зүйл биш. Учир нь хөхөөр хооллолт нь дархлалын системийг дэмжиж байдаг аж. Хоол хүнсний харшилтай хүүхдүүдийн 80 хувийнх нь дархлалын систем 10 нас хүртэл нь уг харшлыг эсэргүүцэх чадалтай байдаг гэнэ.
Бэлтгэсэн Н.Энх