Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багийн “Сайн сургууль” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2019.03.20/ нийслэлийн 84 дүгээр сургуулийн Урлагийн зааланд боллоо.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АВЛИГЫН ГОМДОЛ 2018 ОНД 242 ИРЖЭЭ
Нэгэн судалгаа дурдвал, 2017 онд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 30.6 хувь буюу 276 нэгжид өргөдөл гомдол гарч шийдвэрлэсэн. Нийслэлийн боловсролын газраас хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт 2018 онд 242 болж буурсан гэдгийг танилцууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг энэ талаар ярихдаа “Ер нь нийслэлийн Боловсролын газар ирж буй өргөдөл, гомдлын нэлээдгүй хувийг сургуулийн хууль бус төлбөр хураамж, нэгдүгээр ангийн элсэлт зэрэг асуудлууд эзэлдэг.
Мэргэжилтнүүд өргөдөл, гомдлын дагуу хянаж үзэхэд ямар байгууллагад ямар асуудлаар ирдэг вэ гэдгийг судалж, өнгөрсөн оноос боловсролын салбарын удирдлагуудыг хамруулсан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд 2017 оны өргөдөл гомдлын тооноос 2018 оны өргөдөл харьцангуй буурсан үзүүлэлт гарсан. Энэ бол ахиц гэж үзэж байна” гэлээ.
Хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж буй нийслэлийн 84 дүгээр сургуулийн 10ж ангийн сурагч Н.Жавхлан хэлэхдээ “Би Би өмнө нь авлигын талаар төдийлөн сайн ойлголтгүй байсан. Энэ удаагийн хөтөлбөрөөр авлига гэгч шударга бус зүйлийн талаар толорхой ойлголттой болж байна. Ирээдүйд авлига өгөхгүйгээр шударга зөв явбал илүү сайхан амьдарч болно гэдгийг ойлголоо” гэсэн юм.
Ерөнхий боловсролын сургуулийн зургаа, найм, 10 дугаар ангийн сурагчдаас түүвэрлэн 2200 сурагч хамрагдсан судалгааны дүнгээс танилцуулъя. Уг судалгаанд хамрагдсан сурагчдын 46 хувь нь авлигын талаар ямар нэгэн ойлголт, мэдлэг байхгүй гэж хариулсан байна. Мөн сурагчдын 43 хувь нь авлига өгсөн хүмүүс өгөөгүй хүмүүсээс илүү сайхан амьдарч байна гэж үздэг гэжээ. Энэ буруу ойлголт нь хүүхдийн суурь хүмүүжилд сөргөөр нөлөөлж учраас “Сайн сургууль” төслийн багийнхан нийслэлийн 84, 23 дугаар дунд сургууль болон Дундговь аймгийн Нэгдүгээр сургуульд сургалт зохион байгуулж, хүүхдүүдийн хандлагыг өөрчлөхөөр ажиллаж байгаа нь энэ ажээ.
Н.МИНЖИРМАА: АВЛИГААС АНГИД БАЙХ ТУХАЙ СЭТГҮҮЛ ГАРГАНА
“World learning” төрийн бус байгууллагын зүгээс АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр жил болгон Монголын шилдэг 30 залуусыг шалгаруулан авч, хөтөлбөрт хамруулдаг. Уг хөтөлбөрийн хүрээнд манлайлагч залуус маань эх орондоо төсөл хэрэгжүүлж ажилладаг. Миний хувьд тус төрийн бус байгууллагын 2018 оны хөтөлбөрт хамрагдсан оролцогч. Манай баг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр “Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр өнгөрөгч 12 дугаар сараас бэлтгэсэн. Энэ хүрээндээ “Сайн сургууль” төслийг хэрэгжүүлж, үндсэн гурван үйл ажиллагааг явуулах юм.
Төслийн нэг хэсэг нь нийслэлийн 84, 23 дугаар дунд сургууль болон Дундговь аймгийн Нэгдүгээр сургуульд авлигын талаарх багш, сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, тэмцээн гэх мэт ажлуудыг зохион байгуулна. “Сайн сургууль” төслийн хүрээнд цаашдаа боловсролын салбар яагаад авлигаас ангид байх ёстой вэ, ил тод байхын давуу тал зэрэг контентоос бүрдсэн сэтгүүлийг ирэх дөрөвдүгээр сард хэвлэнэ. Энэ сэтгүүлээ улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарт тараана” гэдгийг “Lead Mongolia” хөтөлбөрийн оролцогч, төслийн ахлагч Н.Минжирмаа онцоллоо.
Мөн шинээр ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж буй сурагчдыг сонгон шалгаруулахдаа зөвхөн хамран сурах тойргоор нь бүртгэх үү. Үлдсэн хүүхдүүдийг хэрхэн сургуульд хамруулах вэ гэдэг асуудал тулгардаг. Тиймээс нийслэлийн бүх сургуулийн түвшинд боловсролыг тэгш олгохоор хөндлөнгийн хяналт тавьдаг дүрэм, журмыг боловсруулах аж. Ингэснээр шинээр сургуульд элсэж буй сурагчдыг бүртгэхэд авлига авдаг шударга бус байдал арилна гэж төслийн багийнхан үзэж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ