“Бүсгүй мэлмий” нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

“Бүсгүй мэлмий” нээгдлээ

Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энд онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойд зориулж Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Я. Төмөрбаатар, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай зэрэг зочид оролцлоо.

Тус үзэсгэлэнд залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон 13 эмэгтэй гэрэл зурагчдын  бүтээл тавигджээ. Тэр дундаас  гэрэл зурагчдаас хамгийн  анх МУСГЗ цол хүртсэн Ц.Нина агсны уран бүтээлүүдээс эхлээд ахмад гэрэл зурагчин Б.Улятайхүү, Х.Хашиймаа, Д.Цэрэннадмид, С.Туяа, мөн өнөө үед уран бүтээлээ туурвиж яваа залуу гэрэл зурагчдын нийт 80 гаруй уран бүтээл олны хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын гэрэл зураг, дуу дүрсний алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд явуулж буй хоёр дахь үзэсгэлэн юм.

“Бүсгүй мэлмий” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар эмэгтэй гэрэл зурагчдын төлөөлөлийг Монгол улсын засгийн газрын дээд шагнал болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ахмад зурагчин Д.Цэрэннадмид, С.Туяа, гэрэл зурагчин С.Бадамханд нарыг шагнаж урамшууллаа.

Мөн  “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ээс  гэрэл зурагчин Т.Бямбадорж, Д.Эрдэнэцэцэг, Ж.Үермаа нарыг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн гүйцэтгэх захирал П. Баярмагнай гардуулан өгсөн юм.  Үзэсгэлэнгийн үеэр эмэгтэй гэрэл зурагчдын төлөөлөлтэй  уулзаж сонирхсон асуултаа асуусан юм.  

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч эхэлсэн

-Би 1962 оноос эхлэн гэрэл зурагчин болсон.  10 жилээ төгсөөд удаагүй байхад Орос улсад суралцаж байсан найз залуу маань ирэхдээ надад Оросын аппарат авчирч бэлэглэснээс хойш зураг авч эхэлсэн.  Гэрэл зурагчны гараагаа хүүхдийн зураг авахаас эхлүүлж одоог хүртэл нийт 53 жил аппараттай нөхөрлөж байна. Гэрэл зураг гэдэг бол  байгаа юмыг бодитоор нь үлдээдэг урлаг юм. Зураг түүх болж үлддэг бөгөөд гэрэл зурагчин бодит үнэнийг ямар ч нэмэлт хачир, өө сэвгүйгээр үлдээдгээрээ агуу гэж боддог.

-1960 аад оны үеийн гэрэл зургийн хэрэгсэл ба одоо үеийн аппарат хэрэгслийн талаар харьцуулахад тун их зөрүүтэй байгаа биз?

-Орчин цагийн зургийн аппарат бол ёстой гайхамшиг юм. Бидний үед  маш их хөдөлмөрөөр нэг ширхэг зураг бүтэж байсан. Би өөрөө сонин сэтгүүлд ажиллаж байхдаа  хальсанд буулгасан дүрсээ шууд хардаг болохсон гэж мөрөөддөг байсан. Харин одоо үед ганц товч дарахад л зураг авч түүнийгээ ч шууд харах боломжтой болсон.

-Тухайн үед ажиллаж байсан эмэгтэй  гэрэл зурагчдын талаар дурсвал?

-Тэр үед ердөө гурван л  эмэгтэй гэрэл зурагчин байсан. Б.Улятайхүү, Ц.Нина бид гурав. Бид нар тус тусдаа ажилладаг байсан болохоор хааяа их хурал, гадаад дотоодын зочин ирсэн  үед тааралддаг байсан. Б.Улятайхүү, Ц.Нина хоёр Улсын гэрэл зургийн газрын харьяанд,  би сонин сэтгүүлийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан.  

 

Гэрэл зурагчин Т.Чимгээ: Монголын гэрэл зурагчид маш чадварлаг

-Би гэрэл зурагчин болоод нийт 33 жилдээ болж байна. 10 гаруй жилд нь ахуйн үйлчилгээний салбарт, үлдсэн хугацаанд  нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.  Монголын гэрэл зурагчид маш чадварлаг. Өөрийнхөө хийж байгаа ажилд үнэн сэтгэлээсээ хандаж, ядрах зовохоо анзаарах сөхөөгүй шаргуу ажилладаг олон зурагчин бий. Залуу гэрэл зурагчид  гайхамшигтай гоё зурагнууд авдаг болсон байна. Өвөрмөц шийдэлтэй, өөр өнцгөөс өөр өөрийнхөө хэв маягийг гаргаж чаддаг болжээ.

Гэрэл зурагчин бүсгүйчүүд ийн өгүүлж байна.  “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 23-26 хооронд “Blue Moon” арт галерейд үргэлжилнэ.

 

Б.БИЛГЭЭ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж