“Я.Батсуурийн хэрэгт улстөрийн бүлэглэлийн нөлөө бий”

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

“Я.Батсуурийн хэрэгт улстөрийн бүлэглэлийн нөлөө бий”

“Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр хорьсон гэж хуулийнхан мэдээлсэн. Тэгвэл Я.Батсуурь хоёр хоногийн өмнө  намынхандаа хандан захидал бичсэн юм. Тэрбээр Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэсний дараа шоронд хоригдож буйдаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ захидал олон нийтэд ил болж, АН-ын бүлэг асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат  нарт нөхцөл байдалтай танилцах, түүнтэй уулзах үүрэг өгсөн байна.  Я.Батсуурийн хоригдож буй  Цагдан хорих 461-р ангид өчигдөр дээрх гишүүд ажилласан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Өчигдөр та Я.Батсуурьтай очиж уулзсан гэсэн. Намынхнаасаа хамгаалалт хүсч захидал бичсэн тэр хүн  юу ярьж байх юм?

-Я.Батсуурь нэр бүхий хүмүүст,  үндсэндээ намынхаа нөхдөд хандаж захидал бичсэн. Захидалдаа   бизнес, улстөрийн бүлэглэлийн явцуу ашиг сонирхолтой захиалгын  үр дүнд хуулийн байгууллагын хууль бус арга барилд хэлмэгдэж байна гэдгээ илэрхийлсэн байна лээ.  Хүний эрхийг дээдэлсэн, хуулийн засаглалыг тогтоосон улс орныг бий болгохын төлөө хамтран ажиллаж байсан журмын нөхөр, намд өгсөн итгэл үнэмшил,  зорилго байна. Гэтэл тэнд хүний эрх, хууль ёс алга. Ардчилсан улс оронд байх ёстой үнэт чанарууд гээгдчихлээ. Энэ бүгдэд санаа тавьж, үүний төлөө санаа зовж ирсэн АН юу болов. Жирийн иргэн байтугай журмын нөхөр чинь энэ махны машинд хэлмэгдээд байхад яагаад дуугүй байна вэ, намайг хамгаалаачээ гэсэн мессежийг захидлаараа дамжуулж хүргэсэн байна гэж намын гишүүд үзсэн. Ямар ч байсан  захидал дотор дурдаагүй зүйлтэй очиж танилцах үүргийг бидэнд өгсний дагуу өчигдөр Цагдан хорих 461-р ангид очиж  Я.Батсуурьтай уулзлаа. Уулзахдаа хуулийн байгууллагын шалгаж байгаа  хэргээс илүүтэй хүний эрх, хууль зөрчигдөж байгаад анхаарал хандуулсан.  Уулзаж ярилцсан зүйлийн талаар бүлгийнхээ гишүүдэд эхлээд танилцуулж ярилцана. Одоогоор тэр  хүний  талаар нарийвчлан ярих боломжгүй байна.  Хуульчийн нүдээр харахад засч сайжруулах зүйл их  байна, хуулийн байгууллага улстөрчдийн гар хөл болох нь газар авч байна,  улстөр дэх зарим нэг бүлэглэлийн нөлөө хэмжээ хязгааргүй болсон нь харагдлаа.

-Биеийн байдал нь ямар байна. Батлан даалтад  гарах талаар хөөцөлдөж байгаа юу?

-Биеийн байдлынхаа талаар бидэнд яриагүй. Хэлэх ч шаардлагагүй байх. Энэ бямба гаригт цагдан хорих хугацаа дуусна. Гадуур байцаагдаад үнэнийг тогтоолгож болно, заавал хорих шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймээс  батлан даалтад гарчих болов уу гэсэн итгэл үнэмшилтэй байгаа юм билээ.

-Олон нийтэд  ил болсон мэдээллээр Я.Батсуурь гэдэг хүнийг “Говь Повер” компанитай холбоотой асуудлаар  хорьсон гэдэг. Чухам  ямар үндэслэлээр хэрэг үүсгэсэн юм бол?

-Олон зүйл ярьсан. Тэр асуудал жичдээ ил болох байлгүй дээ. Хүн итгэж найдаад ярьсан зүйлийг олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй. Бодит нөхцөл байдлаас дээр улстөр, бизнесийнг бүлэглэлийн нөлөө байна гэж ойлгосон.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж