Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж, энэхүү төслийн хэлэлцээрийг хөрөнгө оруулагч талтай гардан хийсэн Монгол Улсын сайд М.Энхсайхан, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сайд М.Энхсайхан “Би УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гараасай гэж хүсч байна. Ер нь бол том төслийг Монголчууд ил тод ярьж, шийдэж чаддагийн үлгэр жишээ болоосой гэсэн хүсэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцээний үйл явцыг тухай бүрт Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирсэн. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсөл маань нээлттэй материал. Гэхдээ бас анхаарах ёстой асуудал байгаа. Тэр нь юу гэхээр гэрээний бэлтгэсэн текст хэлбэрийг ил болгох боломжгүй. Учир нь Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниуд бүгд Токио, Шанхай, Хонконгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд учраас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндлөө гэдэг гомдол гаргах ноцтой байдал бий болгодог. Тиймээс бид энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Тавантолгойн хэлэлцээ гэрээний төслүүдийн эргэн тойронд хэрүүл битгий гараасай гэж хэлж байсан үгийг УИХ, Засгийн газрын гишүүд анхааралдаа авах байх. Монголчууд бид одоо том төслүүдээ босгох цаг болсон, одоо бүгдээрээ том төслүүдээ хамтдаа босгоцгооё гэж уриалмаар байна” гэсэн юм.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Тавантолгойн гэрээний төслийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэнэ гэсэн. Тэгэхээр анх Засгийн газраас гаргасан 14 хоногийн хугацаандаа багтахааргүй болж байх шиг байна?
М.Энхсайхан: -УИХ-ын нээлтийн ажиллагаанаас тоолж эхлэх юм бол цаг хугацаа нилээд алдсан. Гэхдээ УИХ үүнийг шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна.
-УИХ-аас хэд хэдэн төрлийн тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ тухай тодруулбал?
-Засгийн газрын зүгээс үндсэн зургаан тогтоолын төслийг өргөн барьсан байгаа. Эхний тогтоол нь Засгийн газраас бэлтгэсэн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд үүрэг болгосон төсөл. Бусад таван төсөл нь урьд өмнө Тавантолгойг тойроод УИХ-аас гарсан нэр томьёоноос эхлээд өөр хоорондоо зөрчилтэй олон тогтоолын төслүүдийн зөрчлийг арилгахтай холбоотой юм. Тухайлбал, нэг тогтоолд нь Ухаахудаг-Гашуунсухайт гэж байхад нөгөө тогтоолд нь Тавантолгой-Гашуунсухайт гэж байх жишээний. Тэгэхээр нэр томьёоны хувьд хүртэл асуудал тарьж мэдэхээр ийм асуудлуудыг цэгцлэхээр оруулсан.
-Өргөдлийн байнгын хорооноос хүргүүлсэн Эрдэнэс Тавантолгойн Монголын ард түмний эзэмшиж байгаа 20 хувийн хувьцааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ёстой гэсэн саналыг оруулсан уу?
-Өргөдлийн байнгын хороон дээр энэ талаар 3000 гаруй санал ирээд , Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнийх нь дагуу Засгийн газар хуралдаад шийдвэрээ гаргачихсан байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаа хэдий ч тэрийгээ мөнгө ч болгож чадаагүй, хувьцаа хэлбэрээр ч авч чадаагүй байгаа иргэд төсөл эхлэхээр хаягдчих вий гэсэн үүднээс байнгын хорооноос энэ саналыг оруулсан юм байна лээ. Бид хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй нийт 1.1 сая хувьцаа эзэмшигчдийг эргэж бүртгэх даалгаврыг өгчихсөн байгаа.
-УИХ-ын дарга 2.1 сая хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг заавал авч ирэх ёстой гэсэн. Үүнийг хэрхэн бүртгэж, баталгаажуулах вэ?
-1072 ширхэг хувьцаа Тавантолгойн компанийн нийт хувьцааны 6,5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө гарсан шийдвэрүүдээр саналын идвэхигүй хувьцаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 93 орчим хувийг Засгийн газар өмчилнө. Тиймээс Засгийн газар гэрээ хэлэлцээр хийх даалгавар өгсөн байх ёстой гэж УИХ-ын Тамгын газар хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газар хуралдаад Тавантолгой компанийн дийлэнх хувийг эзэмшиж байгаа учраас өөрийнхөө шийдвэрийг гаргаж өгсөн. Ингэснээр дутуу байна гэж үзсэн бичиг баримт бүрдсэн.
-Бүртгэлийг хэр хугацаанд ямар зарчмаар явуулах вэ?
-Энэ өмнө нь хийгдсэн байсан ажил. Нэгэнт мөнгөжүүлээгүй байгаа учраас бүх хувьцаа эзэмшигчдийг өөр ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр өмнө нь мөрдөж байсан журмын дагуу шууд бүртгэнэ.
-Гэрээг баталбал эхний ээлжинд манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх вэ?
С.Жавхланбаатар: -Үүнд хөрөнгө оруулалт болон мөнгө урсгал хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 650 сая ам.долларын мөнгө урсгал манай улсад орж ирнэ. Энэ нь Чалкогийн өр, Монголын төмөр зам компанийн зарцуулсан хөрөнгө, Засгийн газрын урдьчилгаа төлбөрийг багтааж байгаа юм. Ер нь дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эхний таван жилд бүрэн гүйцэд хийгдэнэ. Эхний гурван жилд 80-90 хувь нь хийгдэх төлөвлөгөөтэй төсөл.
-Нүүрсний үнээс хамаарч ашиг орлого яригдах байх. Энэ талаар гэрээнд хэрхэн заасан бэ?
-Ер нь нүүрсний үнээс хамаарч хоёр тал ашиг, хувиа ярих ёстой гэдэг үндсэн зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, үнэ нь өсөх тусам ашиг, орлого нэмэгдэнэ. Энэ ашгийг Тавантолгой компани хүртэх хэрэгтэй гэсэн зарчмаар явж байгаа. Тэгэхээр хамтын ажиллагааны төлбөрийн хамгийн доод хувь нь одоо байгаа хуулийн дагуу хоёр хувь болж байгаа. Хоёр хувь нь дээшээ өсөөд найм болох боломжтой. Энэ нь цэвэр нүүрсний үнээс хамааралтай. Хамгийн доод тал нь 85 байхад хоёр хувь байна гэж ойлгож болно.
-Борлуулалтын хэмжээг гэрээнд хэрхэн заасан бэ?
-Төсөлд 30 сая тоннын хүчин чадалтай угаах үйлдвэрийг барих ёстой. Одоогийн техник эдийн засгийн үндэслэлээр 20 сая гаруй тонныг төмөр замаар тээвэрлээд гадаад зах зээлд гаргана гэж төлөвлөж байгаа. Гэхдээ бид дотоод гадаад борлуулалтын аль алинаас нь хамтын ажиллагааны төлбөрийн хувийг тооцно. Хамтын ажиллагааны борлуулалтын механизмыг бид бусад хуулиар хянаж байгаа юм. Одоогийн төсөл Сангийн яамнаас гаргасан журмын дагуу хяналтаа хийнэ. Ер нь одоогийн хуулийн тогтолцоогоор хяналтын систем олон чиглэлээр орж ирж байгаа.
-Хяналтыг яаж тавих вэ?
-Хяналтын тогтолцоо бол маш олон чиглэлээр орж ирж байгаа, одоогийн хуулиараа. Уул уурхайн төлөвлөлтийн ажлыг төслийн компани гаргаж батлуулна. “Эрдэнэс тавантолгой” компани лицензи эзэмшигчийн хувиар тодорхой татвар төлөх хуулийн үүрэгтэй. Энэ татварын хөрөнгийг авахдаа төслийн компаниас бодит үнээр орж ирж байна уу гэдгийг хянана. Дээр нь хил гааль, мэргэжлийн хяналт, өрсөлдөөний тухай хуулиар бүрэн хянах боломжтой гэж үзэж байгаа.
-Тавантолгойн гэрээний төсөл нь Оюутолгойн алдааг давтах гээд байна. Ашиг орлого нь гадаадад гарах гээд байна гэж нэр бүхий гишүүд анхааруулж байгаа?
-Гэрээнд ямар өгүүлбэр байна вэ гэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Та Монголд үйл ажиллагаа явуулаад бүх татвараа төлсний дараа гадаадад ашиг орлогоо шилжүүлэх шаардлагатай бол тэрийг чөлөөтэй шилжүүлэх эрхийг баталгаажуулж байна” гэсэн заалттай. Энэ заалтыг баримтална. Монголын аж ахуйн нэгж 51 хувиас дээш энэ менежмэнтээр орж ирж байгаа нь Монгол руу мөнгө урсаж орж ирнэ гэх ойлголтыг авах ёстой.
-Төмөр замыг барихад консерциум ямар үүрэг хүлээж байгаа вэ?
-Хөрөнгө оруулагч тал төмөр замыг 2.5 жилд барьж дуусая, нэгдүгээр шаардлага энэ. Хоёрдугаарт анхаарч байгаа зүйл нь далайн боомт дээр Монголын нүүрсийг үнэ хүргэж өрсөлдөх чадвартай болгож зарах. Хятадаар нэвтрэх төмөр зам дээр зөвхөн төслийн компани хичээж ажиллах нь гэрээгээр заагдсан. Дээр нь хоёр улсын Засгийн газар гэрээ хэлэлцүүлээд дэмжлэг үзүүлэхээр заасан. Одоогийн байгуулсан төмөр замын гэрээ хэлэлцээрээр бүрэн боломжтой харагдаж байгаа.
-Төмөр зам барих хөрөнгө оруулалтыг яаж тооцох вэ?
-Аливаа төслийг нэгээс нөгөөд шилжүүлж авахдаа ямар зардал гарсан юм бэ, хийсэн ажилтайгаа зардал нь таарч байна уу гэдэг дээр магадлан хийдэг. Аль ч бизнесийн харилцаа, гэрээ хэлцэл шилжүүлэхэд энэ зарчмаараа л авч байгаа тал маань мөнгө өгч байгаа тал маань магадлан хийгээд бүх баримтуудаа, ажлаа хүлээж авъя гэж байгаа. Хэрвээ өөр өнцгөөс хараад Монголын төмөр зам аудит хийлгэе гэж байгаа бол арай өөр асуудал байх. Тэр бол тэр компанийн асуудал.
-Тавантолгойн төсөлтэй холбоотой маргаан гарах юм бол Монголын талын хүлээх хариуцлага их байна гэх?
-М.Энхсайхан: -Гэрээг хүн хараад нэг юм ойлгодог, манай талын хүлээх үүрэг хариуцлага их бичигдээд нөгөө талын үүрэг бага бичигдсэн байна гэж хэмжээ дамжаагаар нь харьцуулдаг, тэгж харагддаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, консерциум гадны хөрөнгө оруулагч Монголын талын бүх хууль тогтоомжийг бүгдийг мөрдөнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 400 гаруй хууль, 60 гаруй бизнесийн хууль үйлчилж байгаа, тэр бүгдийг мөрдөнө. Хэдийгээр ганц өгүүлбэр харагдавч тэр бүгдийг мөрдөх зүйлийг бичнэ гэвэл хязгааргүй юм харагдана.
Бид яагаад илүү үүрэг авсан юм шиг бичдэг юм бэ гэвэл гэрээ байгуулагдсаны дараа төсөл хэрэгжүүлэгчид банкин дээр очоод мөнгө босгоно. Мөнгө босгоход тухайлсан гэрээгээр Моноглын Засгийн газар ямар үүрэг хүлээж вэ гэдгийг банкууд харна уу гэхээс 400 гаруй хуулийг унших гэж суухгүй. Техникийн хувьд пропорцийг нь харахаар манай талынх их юм шиг боловч бүх хууль тогтоомж мөрдөнө гээд бичсэн учраас концепцийн хувьд зөв харж чадвал энэ бүхэн алга болно.
Г.ДАРЬ